• Эхлэл
  • Трамптай барьцсан “ЖДҮ-чин”

Трамптай барьцсан “ЖДҮ-чин”

2019/03/21

ЖДҮХС-гийн дуулиан УИХ дахь хэд, хэдэн “сураггүй” гишүүнийг “олны танил” болгосны нэг нь О.Батнасан. УИХ-д Ховд аймгийн 36-р тойргоос сонгогдсон түүний бараа Төрийн ордонд, тэр дундаа парламентын танхимд ховорхон үзэгддэг. Тэгсэн хэрнээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцэх хурал дээр гэнэт гарч ирж байсан удаатай. Басхүү М.Энхболдыг түлхэж унагахаар УИХ-ыг бойкотолсон гишүүдийн дунд идэвхтэй оролцсон гэж байгаа.

Тэрээр эдгээр үйл ажиллагаанд Ховд нутгийнхаа сонгогчдыг төлөөлж биш, өөрийн бизнесээ, басхүү ЖДҮХС-гаас авсан хулгайгаа хамгаалж үлдэхийн төлөө ийнхүү идэвхийлэн оролцсон гэдэг нь өдгөө тодорхой болоод буй. УИХ-ын гишүүн О.Батнасан “Топкондитор” ХХК-д 2018 оны зургадугаар сард 950 сая төгрөгийн зээл авч өгсөн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д “Хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ” гэжээ. “Топкондитер” бол О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын үүсгэн байгуулсан, түүний 100 хувь эзэмшдэг компани юм.

УИХ-ын гишүүн О.Батнасангаас энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрээр анхандаа, "Та нар өөрсдөө очиж асуу" гээд халгаагаагүй. Дараа нь, “Миний дүүгийн компани зээл авчихсан юм билээ” гэж бас мэдэн будилах гэж оролдсон. Бас нэг удаа О.Батнасан гишүүн Ерөнхий сайдын өрөөнөөс гарч ирэхдээ хэдэн сэтгүүлчтэй таарч мэнд мэдэлцээд, "Та нар намайг “ЖДҮ-чин” гэж цоллоод баллаж байна аа" хэмээн үг хаяхад нь нэгэн сэтгүүлч "Анхнаасаа яах гэж авсан юм бэ. Аваагүй бол юу гэж тэд таныг цоллох билээ дээ" гэтэл "Чи битгий солиороод байгаарай. Трамп хүртэл зээл авдаг" гэж өөрийгөө өмөөрөн уурлаад явж одсон гэдэг.

Ингэж тэрээр, “Трамптай барьцсан гишүүн” хэмээх хочийг нэмж зүүснээр, УИХ-д О.Батнасан байдаг гэдгээ таниулсан хоёр дахь “том” алхмаа хийсэн байдаг.

Түүнчлэн УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдаанд “Б.Батзоригийг сайдын албан тушаалаас чөлөөлөх шаардлагагүй” гэж үзэн кноп дарсан цөөхөн гишүүдийн нэг нь юм.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. О.Батнасан 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин