• Эхлэл
  • Ерөнхий шүүгч, прокурор нарын хөрөнгө, орлого хоёр дахин өсчээ

Ерөнхий шүүгч, прокурор нарын хөрөнгө, орлого хоёр дахин өсчээ

2019/04/10

Шударга ёсны хэм хэмжүүр болсон хууль шүүхийн байгууллагын удирдлагууд улстөрийн эрх мэдэлтнүүдийн гар хөл болж, авлига авдаг гэх хардлага нийгэмд үүсээд байна. Тэгвэл бид Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, дэд даргаар ажиллаж байсан болон одоо нэр дэвшиж буй албан тушаалтнуудын ХАСХОМ-ыг та бүхэнд задалж хүргэе.

Хамгийн түрүүнд тодорхой болсон албан тушаалтан бол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт албан ёсоор томилогдож, тамга тэмдгээ гардаж аваад байгаа. Улсын Ерөнхий прокурор хоёр орлогчтой байдаг. Өнгөрөгч долоо хоногт Б.Жаргалсайханы орлогч прокурорт Ш.Эрдэнэбилэгийн нэр яригдаж байлаа. Харин өнөөдөр Ш.Эрдэнэбилэгийн нэр мартагдаж, ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарын нэрийг Ерөнхийлөгч дэвшүүлээд байгаа аж.

Эдгээр эрхмүүдээс өмнө прокурорын байгууллагыг М.Энх-Амгалан прокурор удирдаж, Г.Эрдэнэбат, Б.Амгаланбаатар нар түүнийг орлож байсан юм.

М.Энх-Амгалан прокурорын хувьд 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр томилогдсон. Тэрбээр 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 19 сая гэж байсан бол 2018 онд 46 сая болж өсчээ. Харин гэр бүлийн орлого нь 74 сая байсан бол 182 сая болж өссөн байна.

Харин өдгөө энэ албан тушаалд томилогдож буй Б.Жаргалсайханы хувьд 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй байна. Түүний 2017 оны ХОМ-ыг харвал жилийн орлого 38 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 13 сая, 206 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, 35 сая төгрөгийн үнэ бүхий нэг автомашин, 51 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын хувьд 2013 оны нэгдүгээр сарын наймны өдөр томилогдсон. 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 21 сая гэсэн бол 2018 онд 91 сая болж өсчээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 17 саяас 22 сая төгрөг болж өссөн байна. Мөн тухайн үед автомашингүй байсан бол өнгөрөгч онд 70 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай болжээ. Үүнээс гадна түүний дөрвөн сая төгрөгийн хадгаламж нь 2018 онд 61 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө болж өссөн байлаа.

Ерөнхий прокурор хоёр орлогч Б.Амгаланбаатарын хувьд, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр томилогдсон. 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 59 сая төгрөг гэж мэдээлж байсан бол 2018 онд 62 сая төгрөг болжээ. Мөн түүний гэр бүлийн гишүүдийн орлого 26 саяас 59 сая төгрөг болж өссөн байх юм.

Тэдний оронд томилогдохоор яригдаж буй М.Чинбатын хувьд жилийн орлого 32 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 10 сая төгрөг байна. Мөн тэрбээр 95 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, 10 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 25 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай гэж мэдээлжээ.

Харин С.Алиманцэцэгийн хувьд жилийн орлого зургаан сая, гэр бүлийн гишүүдийн орлого 28 сая төгрөг гэжээ. Мөн 155 сая төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжтай, 35 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай гэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн хувьд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилогдсон. Тэрбээр 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 36 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2017 онд 79 сая төгрөг болжээ. Түүний гэр бүлийн орлого 12 саяас 24 саяд, хадгаламжийн хэмжээ нь 71 саяас 190 сая төгрөгт хүрсэн байлаа. Мөн тэрбээр 2013 онд 27 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай байсан бол 2017 онд 63 сая төгрөгт хүрчээ.

Харин өдгөө Ерөнхий шүүгчид нэр дэвшин, яригдаж буй Д.Ганзоригийн хувьд жилийн орлого 48 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 11 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Түүнд 376 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, 81 сая төгрөгийн автомашин, 82 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуй, 57 сая төгрөгийн үнэ бүхий эзэмшил газар, 21 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 17 сая төгрөгийн хадгаламж бий гэж Д.Ганзориг шүүгч ХОМ-тээ мэдүүлжээ.

Тэгвэл АТГ-ын дарга Х.Энхжаргал 2016 оны долдугаар сарын 08-ны өдөр томилогдсон. 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 34 сая гэж мэдүүлсэн бол 2018 онд 44 саяд хүрчээ. 2015 онд тэрбээр 170 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай байсан бол өдгөө түүний орон сууц 373 сая төгрөгөөр хэмжигдэж байна.

Харин АТГ-ын даргад яригдаж буй С.Ганбат болон З.Дашдаваа нар хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байлаа.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН.

Сэтгүүлч Б.Наранчимэг

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин