• Эхлэл
  • Капитал банкны эргэн тойронд-1:Харилцах дансны мөнгийг ч эргүүлэн олгоно

Капитал банкны эргэн тойронд-1:Харилцах дансны мөнгийг ч эргүүлэн олгоно

2019/04/11

Монгол банкнаас Капитал банкийг татан буулгаж буйг мэдэгдсэнээс хойш иргэдийн дунд эргэлзээтэй асуултууд бий болж байна. Тийм учраас банктай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж байгаа юм. Жишээлбэл, иргэд 20 сая хүртэлх хадгаламжийг нөхөн олгоно гэсэн ойлголттой байсан бол бүх төрлийн харилцах данс тухайлбал цалин, тэтгэврийн дансанд мөнгийг ч мөн буцаан олгох ёстой юм байна. Ингээд Хадгаламжийн даатгалын корпорацийн албан ёсны мэдээллээс хүргэе. 

Капитал банкин дахь харилцах, хадгаламж даатгалд хамрагдсан уу?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа таны эзэмшдэг 20 сая хүртэл төгрөгийн

  • Бүх төрлийн хугацаатай, хугацаагүй хадгаламжийн данс
  • Бүх төрлийн харилцах данс /цалин, тэтгэвэр, карт гэх мэт/
  • Бүх төрлийн гадаад валютын данс

хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм.

Даатгалд хамрагдахын тулд хадгаламж эзэмшигч ямар нэгэн төлбөр хураамж төлөх үү?

Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд та ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Таны харилцдаг банк тань хуульд заасны дагуу таны өмнөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хураамж төлдөг.

Даатгагдсан, даатгагдаагүй хадгаламжийн ялгаа юу вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг болон валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.

Даатгагдаагүй буюу 20 сая төгрөгөөс давсан дүнтэй харилцах, хадгаламжийг банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтаас хувь тэнцүүлэн барагдуулна. Хэрэв харилцагч 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшдэг бол тухайн харилцагчийн хадгаламжийн дансны 20 сая төгрөг нь даатгагдсан, үлдсэн хэсэг нь даатгагдаагүй бөгөөд эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана гэсэн үг.

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү. 

Капитал банкны эргэн тойронд-1:Харилцах дансны мөнгийг ч эргүүлэн олгоно

https://www.infomongol.mn/content/read/162572.htm

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин