• Эхлэл
  • Нийгэм
  • Ирэх даваа гаргаас “Нөөцийн мах” худалдаанд гарна

Ирэх даваа гаргаас “Нөөцийн мах” худалдаанд гарна

2019.04.12

Дэлгүүрт мах граммлуулан зогсох эр гартаа 3000 төгрөг атгажээ. Тэр хэд хэдэн удаа жижиг бондгор махнууд хөргөгчнөөс сонгон авч жин дээр тавьсан боловч түүний мөнгөнд таарах мах олохгүй л байх шиг. Тэр нэг килограмм нь 9000 төгрөгийн үнэ бүхий хонины махнаас авахын тулд ийнхүү аргаа барж зогсоно.

Түүнд байгаа мөнгөнд 300 грамм мах ирэх бололтой. Ах хүү аргаа барав бололтой гараад явчихлаа. Дэлгүүрийн худалдагчаас махны үнэ яагаад өссөн талаар асуухад, тэрээр “Дэнжийн мянга худалдааны төв дээр махны олдоц муу байгаа. Багахан хэмжээний мөнгөндөө тааруулаад л жаахан мах авчирч, хэдэн төгрөг нэмж зарж байгаа. Хүмүүс намайг дураараа үнээ өсгөөд тавьчихсан юм шиг сүүлийн үед махны үнийг сонсоод бухимддаг болсон. Арга ч үгүй шүү дээ. Өнөөдөр бидний авч байгаа цалин хэдэн төгрөг билээ дээ. Хоногийнхоо хоолны махыг авч дийлэхгүй хүмүүс олон боллоо” гэсэн юм. Өглөө 10 цагийн үед Баянзүрх зах дээр бодит байдал ямар байгааг харахаар зорив. Махны тасагт худалдан авагч цөөхөн ч худалдаачид махаа шулж, өрж, нааш цааш зөөгөөд зав багатай харагдана. Махны хэсгээр дамжин өнгөрсөн хүмүүст “ Шинэхэн мах байна шүү. Ямар мах авах вэ” гэж сонстоно. 50 орчим насны эмэгтэй үхрийн махны үнийг худалдагчаас асуухад “Цул мах нь 11 мянга, ястай нь 9500 төгрөг” гэж хариулахтай зэрэгцэн худалдан авагч ундууцаж эхлэв. “Яахаараа махны үнээ нэмээд байдаг юм, та нар. Арай дэндүү юм” гэв. Худалдагч мөчөөгөө өгөлгүй “Бид яаж мэдэх вэ дээ. Цаанаасаа олдохгүй. Олдохоороо үнэтэй байна. Авсан үнэ дээрээ 500-1000 төгрөг нэмээд зарж байна” гэв. Мөнөөх эгч бухимдсан ч хоёр орчим килограмм мах худалдаж авлаа.

Харин махны худалдагч ийнхүү ярилаа. “Миний бодлоор энэ өвөлжин хятадууд манай улсын махыг малчдаас худалдаж авч махны хомсдол үүсгэсэн. Түүнээс болж махны үнэ өссөөр өнөөдрийг хүрч байна. Монголчууд бид бүгдээрээ өрийн дарамттай, улс орны нийгэм, эдийн засаг нь тогтворгүй, ажлын байр олдохгүй байгаа энэ үед хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ тэнгэрт хадаж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Мах авдаг хүн ч цөөрсөн. Иргэд махны үнэ сонсоод бухимдлаа бидэнд гаргаж байна. Хүн бүр худалдагч бидэнд бухимдлаа илэрхийлээд байхаар амаргүй, энэ хавиар нэг стресст орсон хүмүүс байна. Махны үнэ, бодлогод анхаарал тавьж байгаа хүмүүс байна уу.

Бид чинь уг нь мал аж ахуй хөгжсөн хүн амаасаа хэдэн мянгаар давсан малтай улсын иргэд биз дээ. Төр засгийн толгойд байгаа хүмүүс жирийн иргэдийн амьдралаас тасарчихсан юм байна. Юм л болбол малчид гэх юм. Өнөөдөр малчид шиг баян хүн алга. Ноолуурын үнэ нь 130-140 мянган төгрөгийн хооронд байна. Мах нь 10 мянган төгрөг гарчихлаа. Одоо хотын бид л хамраараа газар хатгах нь” гэв. Цааш явж махны үнэ асуулаа. “Үхрийн цул мах нэг килограмм нь 11 мянга, ястай нь 9500, ямааны цул мах нь 8500, ястай нь 7500, Хонины цул мах 8800, ястай нь 8500, тэмээний цул мах 7000, ястай нь 6000 төгрөгийн үнэтэй байв.

“Мал тооллогын дүнгээр 2018 оны жилийн эцэст манай улсын мал сүрэг 66 саяд хүрч, өснөх оныхоос 0.4 хувиар өслөө” хэмээн ХХААХҮЯ-наас өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлж байв. Үндэсний статистикийн хорооны өчигдрийн 17 цагийн байдлын мэдээгээр манай улсын нийт хүн амын тоо 3.238.479 бол, нийт мал сүргийн тоо 66.459.211 байна хэмээн харуулав. Тэгэхээр нэг хүнд дунджаар 20.521.736 тооны мал сүрэг ногдож байна гэдгийг амархан тооцож болж байна. Гэтэл яагаад махны үнэ тэнгэрт хадчихав. Энэ талаар тодруулахаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Ариунтуяагийн өгсөн мэдээллийг хүргэе.

Сүргийн бүтцийг тодорхойлсны дүнд экспортын хэмжээг тогтоодог

Тухайн жилийнхээ малын тоонд үндэслэж, сүргийн бүтцээсээ хамаарч нийт экспортлох малынхаа тоог гаргадаг. 2018 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр 66.4 сая орчим мал тоологдсон. Ингээд нийт малынхаа хэдэн хувийг бод, бог мал эзэлж байгаа сүргийн бүтцийг нь тодорхойлдог. Ингэхэд бог мал 80-85 орчим хувийг нь үлдсэнийг нь бод мал эзэлж байна. Тэгэхээр сүргийн бүтцийн хувьд бог мал илүү, бод мал цөөн байгаа нь харагдаж байна. Үүнээс үндэслэж бод малныхаа экспортод хязгаар тогтоодог. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тооцооллоо танилцуулдаг. Үүний дараа 2019 онд гаргах бод малын тоог олгодог. Тэгэхээр олгосон дүнгээр л бод малаа гадагш гаргана гэсэн үг. Манай улсын экспортолж байгаа махны 75-80 хувийг Хятад руу гаргадаг. Урд хөрш рүү ихэвчлэн адууны мах гаргадаг. Хонь болон ямааны мах гаргадаггүй.

БНХАУ-руу бог малын мах гаргахгүй байгаа

Дуртай нэг нь мах экспортлохгүй. Хятад, Монгол хоёр улсын хооронд байгуулсан хорио цээрийн гэрээний дагуу адууны мах гаргах гэрчилгээ тохирдог. Үүн дээрээс үндэслэн БНХАУ-ын талаас төрийн байгууллагуудаас төрийн хянан магадлагаа буюу эрсдэлийн үнэлгээ хийх хүмүүс ирж үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийдэг. Тийм учраас мах экспортолдог үйлдвэрүүд наад зах нь олон улсын стандартын шаардлага хангасан байх ёстой. Ингээд Хятадын талаас ирж үйлдвэрүүдтэй танилцсан хүмүүс нутагтаа очоод ямар ямар үйлдвэрүүдээс мах авах талаар саналаа ирүүлдэг. Тэгэхээр тусгай эрхтэй үйлдвэрүүд л мах экспортолж байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар нядалгаа, дулааны арга, үхэр, хонь, ямааны мах экспортолдог үйлдвэрүүд тусдаа бий. Одоогоор БНХАУ-руу бог малын мах экспортын түр хориотой байгаа учраас гаргахгүй байгаа.

2018 оны байдлаар 70.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан

Иран болон бусад холбогдох газар луу хонь, ямааны мах гаргаж байгаа. Тэгэхээр гадагшаа мах гаргадаг үйлдвэрүүдэд Хүнсний тухай хууль журмын дагуу квот олгодог. Үүн дээр Мэргэжлийн хяналтын газар болон гаалийн ерөнхий газартай хамтран хяналт тавин ажилладаг. 2018 оны байдлаар 70.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргаж 160 орчим сая ам. долларын орлого оруулсан. Энэ бол малаа эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа асуудал. Бид 2018 оны 9-11 дүгээр сарын үед намаржиж байгаа малын тоо, төлтэйгээ нийлээд 84 сая орчим байсан бол 2018 оны жилийн эцсийн дүнгээр 66.4 сая мал байна. Тэгэхээр ойролцоогоор 20 орчим сая толгой мал эдийн засгийн эргэлтэд орж байна гэсэн үг. 2018 оны жилийн эцэс болон, 2019 оны жилийн эцсийн байдлаар 180 мянган тонн экспортын нөөцтэй гэж гаргасан. Энэ дүн хэмжээтэй харьцуулахад, гадагшаа гаргасан махны экспортын дүн хэмжээ бага байгаа.

Урьдчилан бэлтгэсэн 4000 тонн мах бий

Олон жилийн дунджаас харахад хаврын цагт шинэ малын мах гарах үеэр үнэ тодорхой хэмжээгээр өсдөг нь ажиглагдсан. Энэ үеэр ХХААХҮЯ-аас хэрэглэгчдэдээ зориулж урьдчилж мах бэлтгэж, түүнийгээ худалдаалдаг. Энэ ажил оны эхнээс хийгдэж, олон түмэнд нээлттэй шаардлага тавьж, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулдаг. Энэ ажлыг зохион байгуулахдаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг дагаж гарсан дүрэм журамтай уялдуулж шаардлага тавьдаг. 2018-2019 онд долоон аж ахуйн нэгж урьдчилан мах бэлтгэх хүсэлтээ ирүүлсэнээс гурван үйлдвэр шалгаруулалтад тэнцсэн. Эдгээр газруудтай гэрээ байгуулсны үндсэн дээр 4000 гаруй тонн махыг урьдчилан бэлтгээд байна. Тэгэхээр дараа дараагийн жилүүдэд нийслэлийнхээ хэрэглэгчдэд 10 мянга тонн мах бэлтгэх зорилттой байсан учраас дахин зар тавьсан. Үүний дагуу дахин зургаан аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн боловч эхний байдлаар дөрвөн аж ахуйн нэгж нь ажлын хэсгийн дүгнэлтээр сонгон шалгаруулалтад тэнцээгүй. Үлдсэн хоёр аж ахуйн нэгжийн хүсэлтийг арилжааны банкууд руу явуулсан боловч одоогийн байдлаар нэг аж ахуйн нэгж нь мөн л арилжааны банкны шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаанаар тэнцсэнгүй. Тэгэхээр үлдсэн нэг аж ахуйн нэгж нэмэгдэж мах урьдчилан бэлтгэх ажилд орж ирж магадгүй.

Урьдчилан бэлтгэсэн махыг 5500-7200 хүртэл төгрөгөөр борлуулна

Тэгэхээр одоогоор 4000 тонн урьдчилан бэлтгэсэн махаа худалдаанд энэ баасан гарагт юм уу, даваа гаргаас худалдана.

Бид бэлтгэсэн махыг 2-3 килограммаар нь савлаж, дээр нь ХХААХУЯ “Мах сүүний анхдугаар аян” хэмээн шошгожуулсан. Мөн цул мах болон ястай махыг нь тэнцвэржүүлэн одоогийн хуулиар хориглосон гялгар уутаар биш, чанарын шаарлага хангасан зузаан гялгар уутаар савлах шаардлагыг хангуулсан байгаа. Энэхүү худалдаанд гарах бэлтгэсэн махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах нэг килограмм нь 7200, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөг хүртэл үнээр худалдаалагдана. Тухайн үеийн зах зээлийн үнээс хамаараад үнээ буулгаж магадгүй. Харин өсгөхгүй. Энэ мэтээр худалдаанд бэлтгэсэн махаа гаргах бэлтгэл ажлаа хангуулсан. Аль болох хурдан зах зээлд нийлүүлэхийн тулд өнөөдөр бэлтгэсэн махны , агуулах савны чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт хийхээр төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох албаны хүмүүстэй хамт явах гэж байна.

Эрүүл мэндийн сайд хоногт хэрэглэх махны хэмжээг 120 грамм байхаар заажээ

Хаана, хэдэн цэгээр дамжуулан худалдаалахыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, ХХААХҮЯ хамтарч тодорхойлно. Урьдчилсан байдлаар 140 орчим цэг тодорхой болчхоод байна. Зорилтот бүлгийн ард иргэддээ хүртээмжтэй байдлаар хүргэхийн тулд аль болох бөөнөөр нь зарж борлуулахгүйг хичээнэ. Дээд тал нь гурван килограммаар савласан. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан тушаалын дагуу хоногт хэрэглэх малын махны хэмжээг 120 грамм байхаар заасан. Үүн дээр үндэслэн тооцоход Улаанбаатар хотын иргэдийн сарын махны хэрэгцээ 4000 тонн орчим байдаг. Тэгэхээр 2018-2019 оны тооцооллоос харахад иргэдийн хоногт хэрэглэх малын махны хэрэглээ дээр дурьдсан хэмжээнээс гурав дахин их байгаа. Гэсэн ч бид бэлтгэсэн махаа аль болох зохистой хуваарилаад дөрөв, тавдугаар сар болон зургадугаар сарын эхний 15 хүртэл хэдий хэмжээгээр гаргахаа харилцан ярилцаж тохирно. Бүх махаа нэг дор гаргаж зарж борлуулахгүй гэсэн үг.

Мах, махан бүтээгдэхүүнээ гадагш гаргах нь улсын эдийн засагт үр өгөөжтэй

“Экспортоос болж махны үнэ нэмэгдэж байна” гэсэн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр монголчууд бидэнд малынхаа махыг гадаад руу гаргах тийм ч амархан байдаггүй. Манай улсын махыг худалдаж авч байгаа хүмүүсийн тавьсан шаардлагыг хангаж махаа гадаадад зарж, борлуулах ажлын хүрээнд олон ажлыг шат дараатай хийж ирсэн. Олон жил ч зүтгэсэн.Үүний үр дүнд хоёр хөрш орноосоо өөр улс орнуудтай харилцах эхлэл бага багаар нээгдэж байна. Бид Вьетнам, Лаос гэх мэт дараа дараагийн улсын зах зээлийг судалж байна. Бид мах, махан бүтээгдэхүүнээ гадагш гаргах нь улсын эдийн засагт үр өгөөжтэй. Махаа экспортод гаргах тухай асуудал хоёр орны дипломат харилцааны үр дүнд олон жил яригдаж, хүлээлт үүсгэсний үр дүнд шийдвэрлэгддэг ажил. Тиймээс хэрэглээнээсээ илүү гарсан мах, махан бүтээгдэхүүнээ бид экспортлох хэрэгтэй. Зарим, эрдэмтэн судлаачид мах үнэд орох нь ашигтай гэж үздэг. Яагаад гэхээр махны үнийн өсөлтийг дагаад малын дайвар бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгэхээр малаас гарч байгаа түүхий эдээ 100 хувь ашигладаг болно хэмээн үздэг. Одоогоор дайвар бүтээгдэхүүний хэрэглээ муу байгаа. Үйлдвэрлэгчид хэлж байна. Махны үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд дайвар бүтээгдэхүүний борлуулалт сайжирч, үнэ өсөж байна гэдэг хэмээн албаны хүн тайлбарлав.

Нэг хүнд ногдох малын хэмжээ нь 20.5 сая гараад явж байгаа манай улсын иргэд ямартай ч хоногийн хоолныхоо махтай золгох гэж халаасаа тэмтэрч, бухимдал дүүрэн байна. Монгол Улсын Засгийн газраас гурван тулгуурт бодлого гээчийг тодорхойлж, түүндээ хүнс экспортлогч орон болно хэмээн заажээ. Мөн Засгийн газрын хөтөлбөртөө мах, сүүний анхдугаар аяны талаар тусгажээ.

Уг аяныг 2016 оноос хэрэгжүүлж малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Малчдын амьдрал ахуй, өрхийн орлогыг нэмэгдүүлэх санал санаачилга нь зөв боловч нийт иргэдийнхээ эдийн засгийн чадамжийг тооцоолж үзэлгүй нэг тал руу нь хэтийдсэн бодлого хэр оновчтой вэ. Цаашид экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бол дотоодын хэрэглэгчдээ тогтвортой үнээр, чанартай махаар үйлчлэх төрийн бодлогыг зангидах ёстой болов уу.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН


ИХ УНШСАН
    Сонин хачин