• Эхлэл
  • Тусгаар тогтнолдоо “тодотгол” хийх үү

Тусгаар тогтнолдоо “тодотгол” хийх үү

2019/12/02

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Нарийн учир начир нь маргаантай ч Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ. Эзэн Чингис хаанаар бахархах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө үеийн үед тэмцэж ирсэн түүхэн гавьяаг дурсан хүндэтгэсэн, тусгаар тогтнолын үнэ цэнэд ач холбогдол өгч бахархсан л өдрүүд байлаа. Цус асгаруулан тэмцэж олж авсан тусгаар тогтнолын талаар бид зуугаад жил хэлцэлцэж үнэлж түүхэндээ үлдээжээ... Харин одоо арай өөр цаг үед, өөр нүдээр харахад зарим сонирхолтой эх сурвалжууд, үйл явдлууд анхаарал татах аж.

Монголчууд 1911 онд тусгаар тогтнолынхоо тугийг өргөж босоод, хагас боловч автономит эрхтэй улс гэдгээ өөрсдөө нотолж чадсан. 1919 онд Сью Шю Жанд автономит улсаа алдсан ч гэсэн 1921 онд хувьсгал хийснээр Тусгаар тогтносон улс гэдгээ зарласнаас хойш 98 жил өнгөрчээ. Түүнээс хойших төрийн хэмжээний хувьсгал гэвэл 1990 онд Тусгаар улс гэдгээ дахин сануулсан. Бараг л Зөвлөлтийн автономит гэх үү, колони гэх үү болчихоод байсан тэр үед энэ бол ардчиллын төдийгүй тусгаар тогтнолын төлөөх эр зориг, нэгдмэл зорилго агуулсан тэсрэлт байв. 

Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай 1990 оны хавар АНУ-д анх удаа засгийн газрын хэмжээнд айчлал хийх үеэрээ Америкийн жанжин штабуудын нэгдсэн хорооноос Монголын талаар гаргасан дүгнэлттэй танилцаж байснаа ярьж байсан юм. Тэрбээр “Уг дүгнэлтэд Монгол бол Америкт стратегийн хувьд ямар ч сонирхолгүй, наадуул чинь социализмын өнгийг зассан болоод Зөвлөлтийн хараат орон хэвээрээ цаашдаа салгалаад явах болно” гэж бичсэн байсан. Тэгэхэд бид Америкийн талд буруу ойлгож байгааг хэлээд “Монгол орон үеэ өнгөрөөсөн нийгмийн байгуулалтын музей болж хувирахгүй. Бид өөрийн замаар явна” гэж хэлсэн хэмээн ярьсан юм. Өөрөөр хэлбэл энэ эрхэм “Монголчууд 90 онд зөвхөн социализмыг халаад ардчиллын зам руу орсон юм биш, Монголын хувь заяаг Москвад шийддэг байсан тэр хараат дагуул орны хувь тавилангаас салаад тусгаар тогтнол бүрэн эрхээ гартаа оруулж авсан” гэж тодорхойлж билээ.

Харин өнөөдөр тусгаар тогтнол хэвээрээ мэт боловч хэврэгшиж буй нь харамсалтайгаар мэдрэгдэх болжээ. Нэг улсаас хамааралтай өр, зээлийн хэмжээ, хүмүүнлэг, соёлын арга хэмжээгээр халхлагдсан мэдээллийн аюулгүй байдал зэрэг олон талаар дархлааг сульдаах үйл явц, нөхцөл байдал үүссээр, өрнөсөөр байна. 

Хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хөршүүдийн амыг хардаг, томоохон төсөл хөтөлбөрүүд дээр бусад оронтой хамтрахдаа хүртэл өнгөц харахад тусгаар улс мэт боловч яг шийдвэр гаргахад “шилэн хана” байгаа энэ байдал Монгол Улс Тусгаар тогтнолынхоо талаар ямар нэг шинэ тунхаглал, эсвэл тодотгол хийхийг шаардах боллоо.

Ийм “хавх”-тай нөхцөлд улс орноо хамгийн олон жил удирдсан Ю.Цэдэнбал агсны “Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно” гэсэн мартагдашгүй үг, үнэлж баршгүй ач холбогдолтой хатуу байр суурийг дахин санацгаая. Ийм л тодотгол хүсээд байгаа юм. 

Тусгаар тогтнол бол IPO босгосон мэт тал талаас нь хөрөнгө оруулаад нөлөөлөөд байдаг зүйл огт биш. Өнөөдрийн байдлаар яг ингэж харагдаж байна. Цаашид Монголын төр хэрхэн удаан оршин тогтнох нь яг энэ эмзэг байдалд өнөөдрийн Төр хэрхэн анхаарч ямар арга хэмжээ авахаас шалтгаална. Үнэхээр судлаачдын хэлээд байгаачлан 21-р зуунд Хятадын төр л хамгийн найдвартай, удаан оршин тогтнох дүгнэлт маргаангүй юм бол хөрш орны хувьд тэдний төрийн бат бөх чанарын нууцыг таних ёстой. Төр, соёлоо хослуулан хөгжүүлж, өөрийн орны төрийг бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинаар том, жижиг гэлтгүй бараг улс орон бүрт очиж Хятадын төрийн хүчийг хүлээн зөвшөөрүүлээд яваад байгаа биз? Энэ бол төр удирдах аугаа урлаг, Тусгаар тогтнолоо баталгаажуулах асар том тактик гэж харагдаж байна. Тиймээс Монголын Тусгаар тогтнол өөр хэнээс ч биш монголчуудаас л шалтгаалж байна. Муу байвал бидний л муугийнх. Хөршүүд, өөр хэн нэгэн хэчнээн хүчтэй байсан ч ямар ч буруугүй. Үүнийг л Тусгаар тогтнолоороо бахархаж баярлан амарсан энэ өдрүүдэд онцгой мэдэрлээ.

Нийтлэлч У.Оргилмаа. 2019.11.30 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин