• Эхлэл
  • Явган эргүүл гаргаж, хяналт тавина

Явган эргүүл гаргаж, хяналт тавина

2020/02/17

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр /2020.02.17/ мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын гудамжаар явган эргүүл гаргаж, хяналт тавьж ажиллуулах шийдвэр гаргасан. Өнөөдрөөс эхлэн эргүүлүүдийг хаана байрлуулах хуваарийг гаргана. Энэ хүмүүс иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяж болохгүй, татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх зэргээр шаардлага тавьж ажиллана. Цагдаагийн албан хаагчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар гудамжинд нус цэр, тамхины ишээ хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэв.

Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил "Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч бодис БНХАУ-аас импортолж байна. Барьцалдуулагч бодис тасарсан гэсэн ойлголт байхгүй. Мөн хүмүүст зургаан шуудайгаар буюу өгдөг тоогоороо өгч байгаа. Барьцалдуулагч болон шахмал түлшний хомсдол одоогоор үүсээгүй" гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 16-ны 20:00 цагийн байдлаар 518 хүүхэд нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлж байгаагаас 83.6 хүүхэд нь амьсгалын замын өвчтэй байна. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй аж.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Дорнод аймагт нэг, Замын-Үүдэд нэг иргэнийг тусгаарлаад байна.  

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1772 болжээ. (2020.02.16-ны байдлаар)

БНХАУ-ын Эрүүл мэндийг хамгаалах хорооноос мэдээлснээр 10.8 мянган хүнийг эмчилсэн бол коронавирусийн халдвар авсан хүний тоо 70635 мянгад хүрч, нэмэгджээ. 

Хятадаас өөр улсад энэхүү вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо дөрөв болсон юм. Түүнчлэн Европт коронавирусийн халдвараар хүн амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдээд буй.

Эмч, эмнэлгийн ажилтнуудаас 1700 гаруй хүн коронавирусийн халдвар авсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. БНХАУ-ын албаныхны мэдээлснээр зургаан эмч нас барсан байна.

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 1773 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 71269-д хүрсэн бол 10773 хүн эдгэрчээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин