• Эхлэл
  • "Нотлох баримтад үндэслэн нийслэл рүү орж, гарах зөвшөөрөл олгоно"

"Нотлох баримтад үндэслэн нийслэл рүү орж, гарах зөвшөөрөл олгоно"

2020/03/11

Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.  Тэгвэл өнөөдөр /2020.03.11/ хөдөө орон нутгаас ирсэн болон хотоос гарах хүсэлтэй хүмүүс Нийслэлийн Онцгой байдлын газарт /НОБГ/ хүсэлтээ өгөхөөр  дараалал үүсгээд байна.

ИРГЭД БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХООРОНД ҮЛ ОЙЛГОЛЦОХ ШАЛТГААН БАЙХГҮЙ

Энэ талаар НОБГ-ын Дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар  “Хүндэтгэн  үзэх шалтгаан буюу ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээ, албан томилолт гэх чиглэлүүдэд нотлох баримтыг  үндэслэн иргэдэд орон нутаг руу орж гарах зөвшөөрлийг олгох зохицуулалттай. Тухайлбал, өвчтэй хүн бол 13-ын маягт, ар гэрийн гачигдал буюу төрөл төрөгсөд нь нас барсан бол нас барсны гэрчилгээ, албан томилолтоор ажиллах бол албан томилолтын хуваарь, ажил гүйцэтгэх гэрээ зэрэгт үндэслэн зөвшөөрөл олгож байна.

Гэхдээ иргэд болон төрийн байгууллагуудын хооронд үл ойлголцох шалтгаан байхгүй. Бид  зөвхөн нотлох баримтыг үндэслэж зөвшөөрлийг олгоно.  Ер нь ачаа тээвэр болон хүнсний бараа материал тээвэрлэх чиглэл чөлөөтэй байгаа. Нийслэлийн алслагдсан дүүрэг болох  Налайх, Өлзийт хорооллын иргэдийг хяналт шалгалтын постоор гарахдаа өөрийнхөө иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх болон бусад нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирсэн иргэд өөрсдийнхөө дураар ямар ч нотлох баримтгүйгээр  нутаг буцах шаардлагыг  тавьж байна. Бид Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг энд онцолмоор  байна” гэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин