• Эхлэл
  • Хөшигийн хөндийн Хөшигний ар дахь тендерийн будлиан

Хөшигийн хөндийн Хөшигний ар дахь тендерийн будлиан

2020/03/16

Монгол орныг шилжилтийн хамгийн хүнд цаг үеэ даван туулахад хамгийн их түшиж, тусалж байсан гадаад түншээ нэрлээч гэвэл захын хүн Японы ард түмэн гэж огтхон ч эргэлзэхгүйгээр хэлдэг. Наран улсын ард түмнээс илгээсэн олон тусламжийн хүчинд 1990-ээд оны хүндхэн он жилүүдийг монголчууд хүндрэл багатай давсан. Хамгийн сүүлд Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх буудал, Баянзүрх дүүрэг дэх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд хамгийн орчин үеийн сургалтын эмнэлгийг мөн л Японы ард түмний сэтгэл, хөрөнгө хоёроор барьж байгуулж өглөө. Монголчуудын дотор нар мандсан мэт болж магнай тэнийн баярласан, талархсан.

Гэвч сүүлийн өдрүүдэд Японы ард түмнээс монголчуудад зориулсан бүтээн байгуулалтуудыг эзний сэтгэлээр өөд татаад явж чадалгүй будлиулсан, гацаасан, зогсоосон тухай таагүй мэдээллүүд олны сонорт хуурай өвсөнд ассан түймэр мэт хүрлээ. Баянзүрх дүүрэгт Анагаахын их сургуулийн харьяалалд барьж өгсөн эмнэлэгт эзэн суух гэж булаалдан, төсвийг 10 тэрбум төгрөгөөр дутааснаас болж хаалгаа барихад хүрсэн тухай ичиж үхмээр шившигтэй үйл явдал боллоо. Үүнтэй зэрэгцээд хөшгөө нээж амжаагүй байгаа Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын анхны тендерүүд буруу замаар ороод будилсан тухай дуулдаж эхэллээ.

2013 оноос хойш 1000 гаруй хүн гар бие оролцож, 1800 орчим компанийг татан оролцуулж бүтээн байгуулсан Хөшигийн хөндий дэх Улаанбаатарын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг Япон-Монголын хамтарсан NUBIA компани хариуцахаар Монгол Улсын Засгийн газрын 259, 261 дүгээр тогтоолоор баталжээ. Ойлгомжтойгоор хэлбэл нисэх онгоцны шинэ буудлын менежментийн 51 хувийг японууд, 49 хувийг монголчууд хариуцан ажиллахаар болсон. Оготно, хярс хоёроос өөр амьтангүй байсан хөндийд сүндэрлэсэн энэ том айл талбайгаа түрээслүүлж хүний тав тухыг хангасан, хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын стандартыг хангасан байдлаар улсынхаа нүүрийг улайлгахааргүй ажиллах учиртай.

Авиакомпаниудын төлөөлөгчид, банк, кофе шоп, duty free  буюу татваргүй барааны дэлгүүр, хоолны үйлчилгээ гэх зэрэг шинэ буудлын талбайг худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслэх, ашиглуулах чиглэлээр 30 орчим сонгон шалгаруулалт зарлахад 150 гаруй аж ахуйн нэгж оролцсон гэсэн мэдээлэл байгаа юм. Гэтэл NUBIA компанид Монголын талыг төлөөлж суугаа зарим түшмэл тендерээс төрсөн дараагийн тэрбумтан болохоор хэт улайрсан, шударга ёсыг уландаа гишгэснээс болоод сонгон шалгаруулалтууд хуудуутай болсон гэх гомдлын үгсээр дүүрэн бичгүүд япон захирлуудын ширээн дээр овоорч байгаа гэлцэж байна.

Жишээ татъя. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах шалгаруулалтад гэхэд 20 орчим компани оролцсоноос хамгийн тааруу үзүүлэлттэй, туршлага дулимаг 2 компанийг шалгаруулчихжээ. Duty free буюу татваргүй барааны дэлгүүр бол тухайн улсын нүүр царай болдог онцлогтой бизнес учраас тусгай зөвшөөрлийг нь ГЕГ-аас олгодог. Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан зарим хүн, ГЕГ-ын алба хаагч нар энэ будлианыг хутгасан байж болзошгүй бөгөөд түрүүчээсээ АТГ-т дуудагдан шалгуулж эхэлсэн байна. Энэ хуудуутай шалгаруулалт шинэхэн нисэх буудлын менежментийн багийнхныг төдийгүй Монголын нэр хүндийг олон улсад шороотой хутгаж мэдэхээр боллоо.

Нисэх буудлын менежментийн 51 хувийг хариуцаж байгаа япон захирлуудын чихэнд энэ гомдол аль хэдийнэ хүрсэн учир зарим сонгон шалгаруулалтыг эргэн харах, буцааж нягтлан шалгах шийдвэр гаргаж байгааг эх сурвалжууд батлав. Эдгээр сонгон шалгаруулалтад албан тушаалтнууд нөлөөлсөн, ашиг сонирхолдоо хөтлөгдсөн, авлигад автсан нь нотлогдвол маш том дуулиан дэгдэх нь тодорхой. Шууд хэлэхэд шинэ нисэх буудлын хөгжлийн гарааг хуучин авлигачид сүйдэлнэ. Гэхдээ авлигач түшмэдийг илрүүлж, хууль шүүхин өмнө аваачиж, сонгон шалгаруулалтуудыг дахин шударгаар явуулахгүй бол Японы ард түмэн монголчуудаас бүрмөсөн нүүр буруулахыг ч үгүйсгэх аргагүй. Хоёр улсын харилцаанд хусавч үл арилах хар толбо лав үүснэ.

Монголчуудын ярьдгаар өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр Японы ард түмэн өөрсдөөсөө илүүчлэн байж Монгол Улсад бүтээн босгож өгсөн Ботаник дахь Сургалтын эмнэлэг хаалгаа барихад хүрч, Хөшигийн хөндийн нисэх буудлын тендерүүд авлигач түшмэдийн балгаар хуудуутай болжээ. Зам, тээврийн хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынханд энэ талаар мэдээлэл очсон ч “Бид NUBIA компанийн дотоод асуудалд шууд оролцох боломжгүй” хэмээн арьсаа хамгаалж суугаа ажээ. Япончуудын халуун сэтгэл рүү хар ус цацсан энэ явдлыг нэн даруй залруулахгүй бол аж ахуйн нэгжүүд хохирч, авлигач түшмэд завшаад өнгөрөх нь ээ.

ЭХ СУРВАЛЖ: 

Э.ЭРДЭНЭ


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин