• Эхлэл
  • Бөхчүүд онлайн барилдааны орлогоо ХӨСҮТ-д хандивлав

Бөхчүүд онлайн барилдааны орлогоо ХӨСҮТ-д хандивлав

2020/05/22

Бөх тайлбарлагч А.Ганболд болон Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй бөхчүүд Үндэсний бөхийн харцага, начин цолтнуудын халз барилдааны орлого болох 5 сая төгрөгийг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулав.

Тодруулбал, ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор тавдугаар сарын 3-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоо, "Хамаг Монгол" студи хамтран томоохон халз барилдааныг зохион байгуулсан юм. Үндэсний бөхийн барилдаан Монголд анх удаа үзэгчгүй онлайнаар зохион байгуулагдсан нь онцлог байсан билээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Манай ид барилдаж байгаа бөхчүүд санаачлаад барилдаан зохион байгуулж, 5 сая төгрөгийг ХӨСҮТ-д хандивлалаа. Энэ үнэхээр бидэнд сэтгэлийн урам өглөө. Цаашид улам хичээнгүй ажиллахыг сануулсан хэрэг боллоо. Манай ХӨСҮТ-ийн зөвхөн коронавирусний голомтод ажиллаж байгаа ажилчдаас гадна бүхий л хамт олон чармайн зүтгэж байгаа. Коронавирусээс гадна олон халдвар дэгдэж байна. Хүчит бөхчүүдийн хандивыг авсан бид хүчтэй байж, ядрахгүй” хэмээв.

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй хэлэхдээ "Саяхан зохион байгуулсан харцага, начин цолтнуудын халз барилдааныг УОК-ын заавраар явуулсан. Энэ барилдаанаас цугларсан орлогоо ХӨСҮТ-д хандивлалаа. Бид бүхний эрүүл мэндийн энхийн манаанд зогсч буй эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа" хэмээн хэллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин