• Эхлэл
  • Эндсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байжээ

Эндсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байжээ

2020/05/28

Өсвөр насны дөрвөн хүүхэд өчигдөр 17 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших усан толионд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Эндсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ живж байхыг хараад аврахаар ороод ийнхүү харамсалтайгаар нас баржээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэв.

Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан бөгөөд даац хэтэрсний улмаас живж, осолдсон байна. Албаныхан тогтоол усанд гүний хэмжилт хийж, хэргийн газраас эд мөрийн баримтаар хөөсөнцрийг хураан авч, 101 кадр зураг аван хэрэгт хавсарган шалгаж эхэлжээ.

Осол болсон газар нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т харьяалагддаг ба Улаанбаатар хотын дарга тавдугаар сарын 10-нд очиж ажиллан, ажлын хэсэг томилж, шалгалт явуулж байжээ. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр анх энэ хэсэгт цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талcт” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж шалгуулсан ба тавдугаар сарын 20-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр шалгалтын дүнг танилцуулжээ. Ажлын хэсгийн дарга тус компани Газар, ой, усны тухай зэрэг олон хууль зөрчсөн тул хариуцлага тооцох, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуулыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах асуудлыг хөндөж байсан гэж нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Хан-Талст” ХХК нь Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяагийн эзэмшлийнх бөгөөд тэрээр төрийн албанд байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байна. Албаныхан одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хүүхдүүдийн амь нас хохирсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба улсын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар мэргэжлийн хяналтаас шалгалт оруулаад байгаа ажээ.

Түүнчлэн энэхүү хэрэгтэй холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын захирал С.Эрдэнэтуулыг өнөөдөр /2020.05.28/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин