Монголын Байт харвааны Холбоо энэ сарын 12-ны өдөр Их хурлаа зохион байгуулж, Холбооны Ерөнхийлөгчөөр тус холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Сүхбаатарын Эрдэнэболд сонгогдсон юм.
Тэрээр шинэ баг бүрдүүлэн ажиллаж эхэлж байгаа бөгөөд дөрвөн жилийн зорилтоо танилцуулаад буй.
МБХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд удахгүй болох гэж буй Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Миний бие хоёрдугаар сарын 12-нд Монголын Байт Харвааны Холбооны удирдлагаар сонгогдсон юм. Шинэ баг бүрэлдсэн. Одоо бодлого, стратеги дээрээ ажиллаж байна. Тун удахгүй үе шаттай ажлууд хийгдээд явна. Сүүлийн найман жил тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд цаашид багш, дасгалжуулагчид, тамирчид, энэ спортын төлөөх сэтгэлтэй хүмүүс, сонирхогчидтойгоо хамтран ажиллах болно.
Байт харваа бол Монгол хүн амжилт үзүүлэх бүрэн дүүрэн боломжтой их спорт. Шинжлэх ухаан, дэг сургууль, уламжлал, итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэл гээд олон зүйлийн уулзвар дээр энэ спортыг шинэ түвшинд гаргахын төлөө явна.
"ТӨВ ЦЭГТ ТЭМҮҮЛ" энэ бол ирэх дөрвөн жилийн УРИА. Үүнийгээ хэрэгжүүлэх ажлууд ар араасаа хөвөрнө. Зорилго, стандарт, дэд бүтэц гэсэн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлнэ" хэмээлээ.
Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд Хоёрдугаар сарын 26, 27, 28-нд болно.
Спорт сонирхогч та бүхнийг гэр бүл, хамт олноороо хүрэлцэн ирж Байт харваан тэмцээнийг үзэж сонирхоорой хэмээн урьж байна.
М
Сэтгэгдэл байхгүй байна