Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Италийн “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар, ЗГХА-БТСУХ, МҮОХ, Монголын цанын холбооны удирдлагыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсыг төлөөлөн энэхүү өвлийн олимпын XXV наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрөлд А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ ханган, биелүүлсэн юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам баг тамирчдад баяр хүргэн, Монгол тамирчин уулын цанын төрлөөр анх удаагаа өвлийн олимпод оролцох болсонд талархал илэрхийлэв. Тэрбээр сүүлчийн 5 өвлийн олимпод Монгол Улсаас зөвхөн хоёр тамирчин оролцож ирсэн бол энэ удаа гурван тамирчин илгээхээр болж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажилд ахиц, дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн цанын баг тамирчдыг Үндэсний шигшээ багаас цалинжуулан, бэлтгэл сургалт, гадаадад тэмцээнд явах зардлыг нь дааж, тус олимпын наадмын зардал, баг тамирчдын наадмын ёслол болон спортын үйл ажиллагаанд өмсөх хувцсыг МҮОХ-гоор дамжуулан санхүүжүүлэн, дэмжиж байгаагаа хэлэв.
Монголын цанын холбооноос Төв аймгийн Борнуур суманд барих олон улсын цанын баазын зураг төслийг хийх, санхүүжүүлэх ажилд туслалцаа үзүүлэхийг хүсэж, өвлийн улиралд цанын спортыг нийслэл, аймаг, орон нутагт хөгжүүлэх бодлого, хийх ажлын талаар санал гаргав. Тус цанын баазын замыг Олон улсын цанын холбооны эксперт Н.Ватанабе 2025 онд ирж үзэн, олон улсын цанын замын эрх олгосон бөгөөд Монголын цанын холбооноос эхний хөрөнгө оруулалтыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа хэмээв. ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд энэхүү цанын баазыг байгуулах ажлыг улсын төсөв, төр-хувийн хэвшлийн түншлэл, татварын хөнгөлөлтийн бодлогын хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Мөн тэрбээр өвлийн улирал урт үргэлжилдэг Монгол орны хувьд цана, тэшүүр, хоккей зэрэг спортын төрдийг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатайг онцолж, удахгүй аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах ССАЖЗЯ-ны гэрээнд өвлийн спортын тэмцээн зохион байгуулж, зам, талбай, хэрэглэл, материал, багшлах боловсон хүчинтэй болоход анхаарах, дэмжих заалтыг тусгахаар болсныг мэдэгдэв.
Монголын баг тамирчдыг Италийн “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд үдэн гаргах ёслолыг 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Үндэсний Олимпын Хорооны ёслолын танхимд хийхээр төлөвлөжээ. Цанын баг тамирчид нэгдүгээр сарын 14-нөөс Европ тивийг зорин, дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, бэлтгэлээ хангаж, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийх юм.



Сэтгэгдэл байхгүй байна