Нобелийн 2026 оны утга зохиолын шагналыг Канадын зохиолч, яруу найрагч Энн Карсон хүртлээ. Нобелийн хороо түүнд уг шагналыг “сонгодог утга зохиолын уламжлалтай бүтээлчээр харилцаж, орчин үеийн утга зохиолд шинэ хэлбэр бий болгосон зоримог бүтээлүүдийнх нь төлөө” олгосон байна.
Энн Карсон 1950 онд Канадын Торонто хотод төрсөн. Тэрбээр багаасаа хэл, утга зохиолын салбарт сонирхолтой байсан. Хожим эртний Грекийн хэл, утга зохиолыг судалж, энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Карсоны уран бүтээлийн хамгийн гол онцлог нь эртний Грекийн домог, шүлэг, жүжгийг орчин үеийн амьдралтай холбон шинэ хэлбэрээр өгүүлдэг явдал юм.
Тэрбээр эртний Грекийн зохиолуудыг зүгээр нэг орчуулдаггүй. Тэдгээрийн гол санаа, дүр, үйл явдлыг авч, өнөөгийн уншигчдад ойлгомжтой, шинэ хэлбэрээр хүргэдэг. Тиймээс түүний зарим орчуулгыг тусдаа уран бүтээл гэж үздэг байна.
Карсон эртний Грекийн алдарт яруу найрагч Сапфогийн шүлгийн хэсгүүдийг орчуулсан. Мөн Софоклын “Электра”, “Антигона”, Еврипидийн “Бакхай” зэрэг эртний Грекийн жүжгүүдийг англи хэлнээ хөрвүүлжээ.

Карсон 1990-ээд онд олон нийтэд танигдсан хэд хэдэн бүтээлээ хэвлүүлсэн. Тэдгээрийн нэг нь 1995 онд гарсан “The Glass Essay” юм. Энэ бүтээл уламжлалт шүлэг шиг нэг хэлбэрт баригдалгүй, өөр өөр төрлийн бичлэгийг нэгтгэсэн байна.
Харин 1998 онд хэвлэгдсэн “Autobiography of Red: A Novel in Verse” буюу “Улааны намтар” нь Карсоны хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болжээ. Уг номын гол дүр нь эртний Грекийн домогт гардаг улаан өнгийн, далавчтай мангас Герион юм. Карсон эртний домгоос энэ дүрийг авч, орчин үеийн ертөнцөд амьдарч буй залуу хүний тухай түүх болгон дахин бүтээсэн байна.
Ингэхдээ тэр эртний домгийг шууд хуулбарлаагүй. Харин эртний түүхийг орчин цагийн хайр дурлал, ганцаардал, харилцаа, өөрийгөө танин мэдэх асуудалтай холбосон байна.
Карсон уран бүтээлдээ зөвхөн шүлэг, роман зэрэг уламжлалт хэлбэрийг ашигладаггүй. Тэрбээр эсээ, жүжиг, орчуулга, богино бичвэр, яруу найраг зэрэг олон төрлийн хэлбэрийг хослуулдаг. 2016 онд гаргасан “Float” ном нь үүний нэг жишээ юм. Тус бүтээл нь өөр өөр сэдэвтэй 22 жижиг номоос бүрддэг бөгөөд уншигч тэдгээрийг хүссэн дарааллаараа унших боломжтой.
2024 онд гаргасан “Wrong Norma” бүтээлд мөн богино өгүүлэмж, яруу найраг болон бусад төрлийн бичвэрүүдийг хослуулжээ. Карсон мөн театр, дуурь, бүжиг, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Тиймээс түүний уран бүтээл зөвхөн номоор хязгаарлагдахгүй, бусад урлагийн салбартай ч холбогддог байна.
Энн Карсоны гол онцлог нь өнгөрсөн үеийн сонгодог зохиолыг орчин үеийн уншигчдад шинэ өнцгөөс хүргэдэгт оршино. Тэр эртний Грекийн домог, шүлэг, жүжгийн санааг авч, орчин үеийн хүний амьдрал, хайр дурлал, ганцаардал зэрэг сэдэвтэй холбон өөрийн бүтээл болгон хувиргадаг. Мөн уламжлалт зохиолын хэлбэрийг заавал дагахгүйгээр шинэ хэлбэр туршиж, яруу найраг, эсээ, жүжиг зэрэг төрөл жанрын заагийг арилгадаг.
Нобелийн хороо Карсоны энэ онцлогийг үнэлж, түүний бүтээлүүд 1990-ээд оноос хойш олон улсын утга зохиол, урлагийн салбарт чухал нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ. Тус хорооны дарга Андерс Олссоны хэлснээр, Карсон бүтээлдээ үг бүрийн утга, гарал үүслийг анхаарч, түүгээрээ дамжуулан шинэ утга санаа бүтээдэг зохиолч юм.
ЭХ СУРВАЛЖ: NOBEL PRIZE


Сэтгэгдэл байхгүй байна