• Эхлэл
  • Хувьцаагаа худалдахаар Хятадуудыг хүлээж суугаа Монголчууд

Хувьцаагаа худалдахаар Хятадуудыг хүлээж суугаа Монголчууд

2016/04/26

"Эрдэнэс Тавантолгой"-н гэж нэрлэгдсэн 1072 хувьцааг 850 мянган төгрөгөөр худалдаж авч байна гэсэн мэдээлэл тархаж, хувьцаагаа зарах хүмүүс хүмүүсийн нэрлэж заншсанаар Урт цагаан орчимд иргэд өнжин хонон цугларч байна.

Бид өмнө нь “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”  ТББ-ын ажилтнууд гэж өөрсдийгөө танилцуулсан хэсэг бүлэг хүмүүс иргэдээс 5000 төгрөгний хураамж авч бүртгэж байсан талаар мэдээлсэн билээ /Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу/

Харин үүнийг хууль бус үйлдэл уг ТББ-ынханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Гэсэн хэдий ч иргэд Урт цагааны ойр орчмоос холдохгүй хэвээр, хувьцаагаа зарахаар бүр шөнөжин зогсож байна. Уг нь бол холбогдох байгууллагууд хувьцааг зарж, худалдаалж болохгүй, эрх нь үүсээгүй гэж анхааруулж байгаа ч гэсэн хүмүүс энд цугларсаар байна.

Тэгсэн хэрнээ хэн, яагаад, хэдээр хувьцааг нь худалдаж авч байгаа талаар тоймтой мэдэж байгаа ч хүн алга. “Машинтай хүмүүс ирж 800 мянгаас 1.5 сая төгрөгөөр худалдаж авч байгаа, 10-аас дээш хүн буюу ах дүүгээрээ хувьцаагаа зарж байгаа бол бүр ч өндөр үнээр авах гэнэ” гэсэн яриа амнаас ам дамжсаар. Хувьцаа зарах нь хууль бус гэсэн учраас энд цуглагсад “аминдаа” болгоомжилж байгаа бололтой, өмнө нь бөөн бөөнөөрөө зогсч байсан бол хэд гурваараа салан гэмгүй царайлна. Гэхдээ яаж ч харсан Урт цагаан орчим ердийнхөөсөө хэтэрхий олон хүн цугласан байгааг анзаарахад хэцүү биш. Цагдаа нар ч үе үе, ирж хүмүүсийг тар гэж сануулна.

Хувьцаа худалдаж авч байгаа нөхдүүд цагдаа нараас айгаад ихэвчлэн шөнийн цагаар авах болсон гэж хүмүүс ярих.

Энд цугласан хүмүүс “Нэг Өвөрмонгол эр Монгол хүнтэй хамт явж цөөн хэдэн хүн зогсож буй газар очиж хувьцаагаа зарах уу гээд машиндаа суулгаж авч явдаг. Машинд суумагч утсыг нь авч симийг нь хугалан 5 шар орчим очиж иргэдийн бичиг баримтыг нотариатжуулдаг хувьцааг худалдан авах бичиг баримтыг өөрсдөө бүрдүүлж өгдөг. Хувьцаагаа зарсан хүмүүст утасныхаа симийг сэргээх 5000 төгрөг өгдөг” гэж ярилцах. Ийн сим картыг нь хүртэл хугалдгийн учир нь хувьцаа хаана өгөлцөж авалцаж байгааг нууцлахгүй бол хүмүүс бөөнөөрөө шаваад цагдаагийнханд баригдах магадлалтай гэнэ. 

Энэ мэт там тум мэдээлэл сонсч байх зуур нэг бүсгүй “Бөөнөөрөө зогсохоор ирэхгүй байна. Хол хол зогсож байвал ирээд авах уу гэж асуудаг гэсэн. Би л лав надаас асуувалмашинд нь суугаад явна. Нийгэм ядуу байхад хувьцаагаа зарж өвчтэй зовлонтой хүмүүсээ эмчлүүлмээр байна” гэж ярьж байв. Бас тэнд байсан хүмүүс “Анх хувьцааг 800 мянгаар авч байсан, одоо 500 мянга болж ханш нь буурчихлаа, бүр 200 мянгаар авья гэсэн хүмүүс ч байна гэсэн, тэгж ч шалд нь буулгахгүй шүү” гэлцэх. Мөн зарим хүн хувьцаа авч байсан Өвөрмонгол  эрэгтэйг цагдаагийнхан саатуулаад байгаа тухай ярьж байна.

Гэхдээ л хэн яагаад хувьцаа авч байгаа, ер нь хувьцаагаа яг ингэж бэлэн мөнгөөр зарсан хүн байгаа эсэх нь учир битүүлэг хэвээр байна. Зарим нэг нь “Нөгөө хэн хувьцаагаа зараад яг бэлэн мөнгөө авч байсан чинь цагдаад “гардуулаад” баривчлагдсан гэнэ ээ” гэж ярих. Хүмүүс хувьцаагаа зарахын бөөн хүслэн хэн нэг нь “авдаг хүмүүс нь ирчихлээ” гэх юм бол хуйларч гүйлдэх шинжтэй. Бүр өмнө нь хувьцаа авна гэсэн хүмүүсийг араас нь хөөж гурван машин мөргөлдсөн гэнэн. Мөргөлдсөн гурван машины нэг нь өнөөх хувьцаа худалдан авдаг Өвөрмонголынх байсан гэх.

Харин иргэд тэрхүү Өвөрмонголын машиныг хаа нэгтээ хашаанд аваачиж нуугаад эргүүлэн өгөхгүй байгаа гэнэ. Ийнхүү хөөцөлдөж, нуугдаж, зугтаж байгаа нь нэг ёсны хүүхдийн тоглоом шиг харагдаж байгаа боловч Монголын нийгэм ингэтлээ ядуурсан гэж үү? гэх бодол төрж байна.

Ийн хувьцаа зарах ямар ч боломжгүй, үнэндээ өнөөхөндөө эрээн цаас, нэр төдий байгаа хувьцааг худалдаж авч байна гэсэн яриа яагаад гарсныг бас хэн ч мэдэхгүй. Хятадуудад хувьцаагаа зарна хэмээн улайрч байгаа нь улстөртэй холбоотой юм уу. Ийн иргэдийг төөрөгдүүлж буй хэргийн ард хэн нэгэн байна уу? гэх хардлага төрж байгаа тухай зарим иргэд ч хэлж байлаа.

Энэ талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Д.Ангар “Засгийн газраас иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэгүй өгсөн. Харин гадуур хувьцааг 800 мянгаас нэг сая төгрөгөөр авч байна гэсэн цуу яриа гарсан бололтой. Уг нь техникийн хувьд боломжгүй. Үнэхээр гудамжинд зарагдаад байгаа бол хууль хүчнийхэн шалгах ёстой” гэж мэдэгдсэн юм.

Гэсэн ч хувьцаа зарах гэсэн хүмүүсийг энэ нь тайвшруулахгүй л байна.

Харин нэгэн иргэн энэ үйл явдлыг иргэдийг төөрөгдүүлж байгаа хэрэг хэмээж байв. Ингээд түүний яриаг хүргэе.

-Хувьцааг зарах ямар боломж байхгүй худалдах, худалдан авах гэрээгээр зарж байна гэнэ. Уг нь хоёрдугаар ээлжийн арилжаа хийгдэх үед л хувьцааг худалдах боломжтой. Харин энэ үйл явдал Монголын ард түмэн мөнгөний төлөө юугаа ч худалдахад бэлэн байгааг харуулж байна. Үнэхээр ингэж хувьцаагаа хятадуудад зарвал хүүхдүүдийнхээ ирээдүйд идэх талхыг булааж байгаа хэрэг болно. Баялгаа өөрсдөө ийн үнэгүйдүйлж болохгүй шүү дээ. Хэзээ нэг өдөр энэ хувьцаа албан ёсоор олгогдох тэр үед өнөөдрийн улайрч байсан иргэд харамсах болно. Хууль бус аргаар худалдсан байсан ч тэд эргээд харамсах болно. Гэхдээ арилжаа нээгдээгүй учир худалдах боломж байхгүй гэж бодож байна. Хууль  хяналтынхан энэ үйлдлийг яагаад шалгахгүй хараад суугааг ойлгойхгүй байна” гэж тэрээр ярилаа.

Үнэхээр ч хүмүүсийг яагаад ингэж хүлээлт үүсгэж, бужигнуулаад байгаа, хувьцааг үнэхээр зарж худалдаалж байгаа эсэх талаар холбогдох албаныхан ямар нэгэн арга хэмжээ авч, хариулт хэлэх шаардлагатай болов уу. 

Ч.Гэрэлтуяа

1072 хувьцаагаа бүртгүүлэхээр иргэд дугаарлаж байна

1072 ширхэг хувьцааг худалдах, шилжүүлэхгүй болохыг анхаарууллаа


Сэтгэгдэл байхгүй байна