Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн наймдугаар сарын 9-нд хийсэн мэдэгдэл дуулиан тариад байсан. Түүний хийсэн судалгаагаар бол Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн гэх утгатай, тоо баримт дурдсан энэ мэдэгдлийг хүмүүс цочир хүлээж авсан бөгөөд дурдсан тоо нь ч анхаарал татахын байхын аргагүй байсан юм. /Холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү/
Үүний өмнө мөн Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан /2016.07.21/ төв банкны дэд ерөнхийлөгчийг томилох /2016.07.30/ чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын валютын нөөц -400 сая ам.доллар байна гэж мэдэгдсэн. Ийнхүү дараалсан “хар” мэдэгдлүүдийн араас араас төгрөгийн ханш сулрах, олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын бонд унах эрсдэл дагуулж байна гэсэн шүүмжлэл гарсан.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл хийсний маргааш буюу наймдугаар сарын 10-нд Засгийн газар хуралдаж, өмнөх буюу АН-ын Засгийн газрын санаачилсан дөрвөн хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргасан билээ. Үүнийг өмнөх Засгийн газрын хөтөлбөрийг зогсоох урьдач төлөвлөгөө байсан гэсэн таамаглал ч дэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр /2016.08.11/-нд Ардчилсан намынхан мөн хариу мэдэгдэл хийж, “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа”, “Сайн малчин” хөтөлбөрүүдийг зогсоосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, мөн удаа дараа хийсэн мэдэгдлүүдийг Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагасан, худлаа мэдээлэл гэж мэдэгдлээ. Ингээд УИХ-ын дарга асан З.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарын өнөөдөр хэвлэлийн бага хурлаар хэлсэн мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын дарга асан З.Энхболд: МАН хэзээ ч байгаагүй зүйлийг ярьж байна
Сангийн сайд, Ерөнхий сайд нар удаа дараалан хариуцлагагүй мэдэгдэл хийж, Монгол Улсын эдийн засгийг хямралд орууллаа. Үүнээс улбаалсан хор уршиг их гарч байгаа учраас Ардчилсан нам мэдээлэл хийхээс өөр аргагүйд хүрлээ. Одоогийн санхүүгийн хүндрэл улс орныг өрөнд оруулчихлаа гэдэг бол шинэ зүйл биш. Сонгуулийн өмнө биднийг гүжирдэж ярьж байсныг баримтаар нотолж дэлгэн харуулж байсан. Энгийн жишээ гэвэл улсын төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд төгрөгт хүрнэ гэж ярьсан. Манай улсын төсвийн нийт орлого 7 их наяд шүү дээ. Тэгэхээр улсын төсвийн орлого 70 хувиар тасарна гэж тооцоолж байгаа бол энэ улсад татвар төлдөг байгууллага нэг ч үлдэхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэзээ ч байгаагүй, хэзээ ч болохгүй зүйлийг төсөөлөөд яриад байна. Харин улсын төсөвтэй хамааралгүй явж байсан “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо. Түүнчлэн засч залруулах аргагүй хүнд нөхцөл байдал руу шинэ Сангийн сайд, шинэ Ерөнхий сайд нар орууллаа.
Манай улсын төсвийн алдагдал бол 1 их наяд төгрөг байдаг. Сүүлийн хэдэн жил энэ хэмжээнд байгаа, цаашид ч энэ хэмжээгээр явах болно. Ингэснээр олон улсын тавцанд Монголын нэр хүндийг унагаалаа. Монголбанкны Ерөнхийлөгч ажлаа өгөхөд дансанд нь 1,3 тэрбум ам.доллар үлдсэн байдаг. Өдөр бүр сая сая доллараар интервенц хийгээд байгаа нь тэр 1,3 тэрбум ам.доллараас хийгдэж байгаа юм. Гэтэл Н.Баяртсайхан томилогдохдоо УИХ-ын чуулган дээр -400 сая ам.долларын нөөцтэй байна гэж хэлснээс болоод валютын ханш 150 төгрөгөөр өслөө. Үүнээс болж нийт монголчууд хохирч байна.
Хоёрдугаарт, Улсын төсөв гэдэг бол нэг өөр зүйл. “Сайн хашаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа” гэдэг бол бас нэг өөр зүйл. Гэтэл улсын төсөвт хамааралгүй явж байсан ажлыг хамаатуулж улс төрийн зорилгоор зогсоолоо. Шинэ Засгийн газар, шинэ Монголбанкны ерөнхийлөгч энэ мэтээр ажиллаж болохгүй. Есдүгээр сарын 1-нд “Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдаад зээл авахаар бэлтгэж байсан 40-50 мянган оюутан эцэг эхийнхээ өндөр хүүтэй цалингийн зээлээр төлбөрөө төлөхөд хүрээд байна. “Сайн хашаа”-аар байшингаа дулаалаад, бага нүүрс түлж, утаа бага гаргах гэж байсан гэр хорооллын айл өрхийн мөрөөдөл алга болж байна. Гарах үр дүн нь маш их учраас бид өнөөдөр мэдээлэл хийхээс өөр аргагүйд хүрсэн юм гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл: МАН-ынхан хөрөнгийн их урсгалыг өөртөө авах гэж байна
-Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр нь нийлээд илт гүтгэн гуйвуулах замаар Монгол Улсын эдийн засгийг хоёр хоногийн дотор “үгүй” хийлээ. Та бүхэн харж байгаа байх Монгол Улсын зээлжих зэрэглэл навсайтал уналаа. Ардчилсан намыг муу ажилласан гэж гүтгэхийн тулд улс орноо золиосонд гаргадаг ийм төр засгийг би урьд нь үзээгүй юм байна.
Монголбанкны ерөнхийлөгч дэлхий дахинд валютын нөөцийг хасах руу оруулж зарлаж байдаг, эдийн засгийн ямар ч боловсролгүй хүн байна. Валютын нөөц хасах болно гэж байдаггүй юм. Дээр нь Сангийн сайд 25,6 тэрбум ам.долларын өртэй байна гэлээ. Төр засагт тийм өр байхгүй. Манай өр бол ДНБ-ийг гурав хуваасны нэгтэй тэнцдэг гээд
-Би Улаанбаатар хотын захирагч хийж байхдаа ард иргэд рүү хөрөнгийн их урсгалыг чиглүүлж ажилсан. Тухайлбал газар өмчлүүлсэн, хашаагаа орон сууц болгох гэх мэт. Гэтэл МАН-ынхан гарч ирээд хөрөнгийн их урсгалыг өөртөө авах гэж байна. Төсвийн бүх хөрөнгө, бүх нөөцийг өөрсдийн бизнес болгох ажиллагааг 1992, 2000 онуудад хийж байсан. Одоо дахиад төрөөр бизнес хийж эхэллээ. Тиймээс Баяртсайхан, Чойжилсүрэн нарыг алдаагаа засахыг шаардах хэрэгтэй. “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй” гэлээ.
Ийнхүү МАН-ын Засгийн газар байгуулагдаад сар гаруйхан болж байгаа ч хэрүүл, маргаан дэгдэж эхэллээ. Хэдхэн хоногт болж өнгөрсөн, дараалсан үйл явдлаас үүдээд цаашид мөн ипотекийн 5-8 хувийн зээлийн хөтөлбөрийг зогсоож магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.
Холбоотой мэдээллүүдийг дор дарж үзнэ үү.
Сангийн сайдын цочмоор “судалгаа”
“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоолоо
Сэтгэгдэл байхгүй байна
сонголт хийснээ одоо л мэдэж байна.
сонголт хийснээ одоо л мэдэж байна.