• Эхлэл
  • Дотуур байрны сурагчийн нэг өдрийн хоолны мөнгө 2.315 төгрөг

Дотуур байрны сурагчийн нэг өдрийн хоолны мөнгө 2.315 төгрөг

2016/08/29

Норвегийн тусламжийн байгууллагын Боловсрол-Хүүхэд хамгааллын “Хүүхдийн эрх-Хөгжил 2” төслийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудын Цэнгэл, Дэлүүн, Согог, Ховд, Дөргөн сумын сургуулиудын дотуур байруудад хийсэн дунд хугацааны үнэлгээний тайлангийн хурал Баян-Өлгий аймгийн 1 дүгээр сургуулийн байранд боллоо.

Тус тайлангийн хуралд Норвегийн тусламжийн байгууллагын Ховд, Баян-Өлгий аймгуудыг хариуцсан төслийн удирдагч, ажилтнууд, тус байгууллагын Боловсрол-Хүүхэд хамгааллын төслийн баг, Эрүүл мэндийн хөгжил анхан шатны төслийн удирдагч, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Баян-Өлгий аймгийн Боловсролын газар, Гэр бүл хөгжил залуучуудын хэлтэс, Ховд аймгийн ЗДТГ, Боловсролын газар болон төсөл хэрэгжүүлж буй сургуулиудийн захирал, багш, нийгмийн ажилтан, эмч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцов.

Норвегийн тусламжийн байгууллагын Боловсрол-хүүхэд хамгааллын “Хүүхдийн эрх-Хөгжил 2” төслийн хүрээнд сургуулийн “Дотуур байр” төсөл нь дээрх аймгуудад 2014 оноос хэрэгжиж эхэлжээ.

Уг төслийн гол зорилго нь сургуулийн Дотуур байр-хүүхдийн эрхийг дээдэлсэн найдвартай аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх, сурч боловсрох, эрүүл ахуй, хүүхэд хөгжих чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний үг санал бодлыг сонсож шийдвэр гаргах үйл явцад оролцуулдаг болгох, эцэг эх, сургуулийн удирдлага мөн холбогдох төр захиргааны байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн байна.

“Хүүхдийн эрх-Хөгжил 2” төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүнд улсын хэмжээнд сургуулийн дотуур байруудад “Дотуур байрны багшийн журнал”-ыг хөтлөх мөн “Дотуур байрны календарчилсан төлөвлөгөө”-г мөрддөг болжээ. Одоо улсын хэмжээнд “Дотуур байр”-ны стандартыг гаргаж батлуулахаар ажиллаж байна.

“Хүүхдийн эрх-Хөгжил 2” төсөл дээрх аймгуудын сумдад хэрхэн хэрэгжиж буй явцад дунд шатны үнэлгээг хөндлөнгийн шинжээч, хүүхдийн эрхийн судлаач С.Энхтуяа хийжээ.

Төслийн дунд шатны үнэлгээг хийхдээ Ховд, Баян-Өлгий аймгуудын Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнууд, зургаан настнууд болон бусад хүүхдүүд, эцэг эх, дотуур байрын зөвлөлтэй хамтран хийжээ. Үнэлгээний явцад сургуулийн Дотуур байр нь хүүхдийн эрхийг хамгаалсан, тэдний сурч боловсрох, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх нөхцлийг хангасан, хүүхдийн саналыг сонсож шийдвэр гаргахад оролцуулдаг болсон, эцэг эх, сургуулийн удирдлагууд, холбогдох төр захиргааны байгууллагууд дотуур байрны нөхцлийг сайжруулах талд хамтран ажилладаг болсон мөн төслийн тогтвортой байдал хангалттай байгаа нь сайшаалтай байна гэж дүгнэлээ.

Үнэлгээний явцад анхаарал хандуулах асуудлууд ч бас байгааг дурьдлаа. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сургуулийн Дотуур байранд сурагчдын хоол хүнсний амт чанар, хүрэлцээ тааруу болон ахлах тогооч хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж хэл амаар доромжилдог, зодсон, сурагчид хичээл хийх ширээ, орны хүрэлцээ тааруу, эцэг эхийн оролцоо сул, улсын хэмжээнд зургаан настнуудын дунд нэгдсэн судалгаа хийх, үндэсний онцлогоос хамаарч хүүхдүүдийн монгол хэлний мэдлэг тааруу, зарим сумын сургуульд усны хүрэлцээ хангалтгүй байсан байна.

Тайлангийн үеэр хуралд оролцогчид санал бодлоо солилцон харилцан ярилцлаа. 2008 онд Боловсролын хууль батлагдсан. Энэ хуулиа дагаж мөрдөх талд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлж байв.

Орон нутагт хүүхэд эцэг эх, гэр бүлээсээ хол 256 хоногийг сургуулийн дотуур байранд өнгөрөөдөг. Дотуур байрны хүүхдийн өдрийн хоолны мөнгө 2.315 төгрөг, нэг сургуулийн жилийн эмийн хэрэгцээний төсөв 160.000 төгрөг байгаа нь бодит байдалд нийцдэггүй. Энэ талаар Боловсролын яаманд удаа дараа хүсэлт тавьдаг ч дээд шатны байгууллагууд нь анхааралдаа авдаггүй, дэмждэггүй байна.
Сурагчдын хоол хүнсний хангамжинд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх мөн “Дотуур байр”-ны эмчээр мэргэжлийн чадваржсан эмч ажиллуулах талд анхаарвал зохихыг хэлж байлаа.

 


Сэтгэгдэл байхгүй байна