• Эхлэл
  • Оюутаны сургалтын төлбөр ба махны үнэ

Оюутаны сургалтын төлбөр ба махны үнэ

2016/08/30

Наймдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ ханш ямар байгааг хүргэж байна. Сүүлийн хоногуудад махны үнэ буурсан тухай иргэд ярих боллоо. Ийн ханш буурч байгааг оюутан сурагчидтай холбож байгаа буюу оюутны төлбөрийн мах ирсэн тул ийн ханш буураад байгаа аж.

Энэхүү яриаг үнэн эсэхийг шалгахаар Хархорин худалдааны төвийг зорьлоо. Махны ченжүүд хүмүүсийг явуулахгүй хоргоож байгаа харагдана. Олон хүн цугласан хэсэгт очтол хоньны мах 1кг 3600-3800 төгрөгөөр худалдаалж байв. Ингээд нэг бүтэн мах хэдэн төгрөг болж байгааг харахад жижиг малын мах дээд тал нь 55000 төгрөг болж байлаа. Ямартай ч иргэдийн ярьсан үнэний ортой бололтой. 

Ингээд мах болон бусад хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ ханшийг танилцуулъя.  

Махны үнэ: хонины ястай нэг килограмм мах дунджаар 5140 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6375 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 170 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.9 хувиар буюу 240 төгрөгөөр буурсан байна.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 2.6 хувиар буюу 175 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

 Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

 “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1280 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1280 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо: Хятад сонгино 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр өсч, харин монгол төмс 2.7 хувиар буюу 25 төгрөгөөр, лууван 18.1 хувиар буюу 375 төгрөгөөр, манжин 24.1 хувиар буюу 540 төгрөгөөр тус тус буурчээ.

Энэ мэтчилэн хүнсний гол нэрийн барааны үнэ ханш буурч байгаа нь ургац хурахалт болоод оюутан сурагчидтай холбоотой хэмээн иргэд ярьж байна. Иргэдийн ярьж буйгаар махны үнэ ханш буурсан дээр нь махаа нөөцөлж авах нь зөв, цаашид ханш яаж ч магадгүй гэлцэж байв.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна