• Эхлэл
  • Хичээлийн шинэ жилийн нээлт ба зургаан настанууд

Хичээлийн шинэ жилийн нээлт ба зургаан настанууд

2016/09/01

Монгол Улс даяар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Багачуудын хувьд хүсэн хүлээсэн энэ өдөр сурагчид шинэхэн дүрэмт хувцсаа өмсөн, сургууль, цэцэрлэгээ зорьдог.

Энэ өдөр бусдын хайр хүргэсэн, анхаарал татах үйл явдлын эзэд бол зургаан настанууд байдаг. Тэд сургуулийн босго алхаж байгаа томоохон үйл явдлын эзэд.

Нэгдүгээр ангийн сурагчид ангид үймүүлж, зарим нь уйлж, уйлсан нэгнээ аргадаж, бүр болохгүй бол дагаж уйлах жишээний.

Харин эцэг эхчүүд хүүхдээ яаж байгаа бол гэсэн янзтай түгшиж сургуулийн гадаа эгнэн сууна.

Энэ үйл явдлын сурвалжлахаар бид Сонгинохайрхан дүүргийн Үндэсний лаборторийн, тэргүүний 12-р бүрэн дунд сургуулийг зорьж, нээлтийн  ажиллагаанд оролцлоо.

Өглөө 08.00 цагт сургуулийн гадна сурагчид аль хэдийн ирсэн байлаа. Нэгдүгээр ангийнхан дэгтэй нь аргагүй жагсаж юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа бололтой ээж аавыгаа хайсан харцтай ийш тийш өнгөлзөнө.

Нээлтийн үйл ажиллагаа эхэлж сургуулийн сурагчид найзууддаа зориулан мэндчилгээний дуу бүжгээр бэлэг барилаа.

Харин хонх дуугарч анги руугаа орох мөчид зургаан настнуудын царай өнөөх өхөөрдөм төрхөндөө орох нь тэр.

Энэ жилийн хувьд уйлсан хүүхдийн тоо бага байна хэмээх багш нарын яриаг санамсаргүй сонслоо.

Нээрээ ч тийм бололтой ганц нэгхэн сурагч уйлж байгаа харагдсан бөгөөд тэдний ихэнх нь эрэгтэй байсан юм. Зургаан настнууд хичээлдээ орж эцэг эхчүүд гадна үлдлээ.

12-р сургууль нь энэ жил нийт 2458 сурагч 60 бүлэгтэй байх бөгөөд зургаан насны буюу нэгдүгээр ангийн 360 сурагч 7 бүлэгтэй хичээллэх юм байна.

Ингэхээр нэг багш 50-53 хүүхэдтэй ажиллах болоод байгаа аж. Энэ нь багшийн хувьд ачаалалтай байх ч сургуульд бүртгэгдсэн хүүхдийн тоо яах аргагүй нэг багшид ноогдох хүүхдийн тооноос хэтэрсэн учир ийн багшийн ачаалал нэмэгдэж буй.  

Ингээд Сонгинохайрхан дүүргийн Үндэсний лаборторийн тэргүүний 12-р бүрэн дунд сургуулийн захирал Д.Наранцацралтай ярилцлаа.

- Энэ жилийн сургалтын системд ямар шинэлэг зүйл орсон бэ?

-Энэ жилийн онцлог бага сууурь, бүрэн дунд боловролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх явдал юм. Мөн суурь бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Нэг үгээр бол ахлах бүрэн дунд боловсролд цөм хөтөлбөр хэрэгжинэ. Ингээд бүрэн дунд боловсролыг олохын зэрэгцээ 10-р ангид орсон хүүхэд өөрийн сонгох мэргэлжийн чиг баримжаагаа олох, санхүү эдийн засгийн суурь мэдлэг олох сураглтуудыг явуулна.

Жишээлбэл, эдийн засагч болох гэж байгаа бол 10-р ангиасаа эхлээд хичээлийнхээ суурийг сонгох боломжтой. Эмч гэх мэргэжлийг сонгох бол хими, физик гэх мэт мэргэжилтэйгээ холбогдолтой хичээийг сонгон суралцах эрх нь нээгдэж байгаа. Өнгөрсөн жил туршилтын журмаар байсан бол энэ жил Улсын хэмжээнд албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байна.

-Сургуулийн гадна талбайд хөл бөмбөгийн талбай байгуулсан, өнөөдөр нээлтээ хийх гэж байгаа юм байна. Сургуулийн спорт заал ирэх сард ашиглалтад орох гэж байгаа тухай мэдээлэл өгнө үү ...?

-Манай сургуулийн спорт заал 2010 оны гуравдугаар сард хаагдсан. Түүнээс хойш таван жил гаруй спорт заалгүй хүүхдүүд хөдөлгөөний хомсдолд орохын даваан дээр энэ жил Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 240 сая төгрөгийн иж бүрэн талбай, цогцолбор байгуулахаар болж өнөөдөр нээлтээ хийж байна. Үүнд, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөг, гар бөмбөг, гүйлтийн талбай зэрэг орж байгаа. Ирэх аравдугаар сарын 1-нд спорт заал ашиглалтад орно. Спорт заалны засварт эцэг эх, ахмад багш, төгсөгчид маш их хөрөнгө оруулалт хийсэнд их баярлаж байгаа. Энэ жилийн хувьд манай сургуулийн том ололтыг дээрх шинэчлэл гэж хэлж болно.

- Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. Сурагчиддаа суралгын амжилт, багш нартаа ажлын амжилтыг хүсье.

2016-2017 оны хичээлийн шинэ жилд нийт 69100 хүүхэд сургуулийн босго давж сурагчийн ширээнд сууж байна. Үүнээс Улаанбаатар хотод 27629 хүүхэд нэгдүгээр ангийн сурагч болж байгаа аж. Харин цэцэрлэгт шинээр 62679 хүүхэд элсэж байгаагаас Улаанбаатар хотод 27579,  хөдөөд 35100 хүүхэд элсэж байна. Төрийн өмчийн 212, төрийн бус өмчийн 386, нийт 598 цэцэрлэгт 106,717 хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Статистик үзүүлэлтээр 43,000 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр болоод байгаа тухай албаныхан мэдээллээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 09 сарын 02