• Эхлэл
  • Зика вирусээс сэрэмжлэхийг монголчуудад анхаарууллаа

Зика вирусээс сэрэмжлэхийг монголчуудад анхаарууллаа

2016/09/02

Дэлхий нийтээр аюулын харанга дэлдээд байгаа Зика вирусын талаар өмнө олон сэрэмжлүүлэг гарч байсан. Өмнөд Африкаас гаралтай энэ өвчин дэлхийн олон улсад тархсан ч монголчуудын хувьд төдийлөн ойр сонсогдож байгаагүй. Гэхдээ энэ жилээс монголчуудын зорчдог зарим улсуудад өвчлөл илэрсэн тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байсан. Тэгвэл энэ удаад монголчуудын олноороо зорчдог Малайз улсад өвчлөл бүртгэгдэж, Сингапурт өвчлөл улам нэмэгдэж байгаа учраас Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас монголчууддаа хандан сэрэмжлүүлэг гаргасан байна. Энэ сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Тэр тусмаа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур зэрэг улс руу зорчихгүй байхыг сануулжээ. 

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД ОНЦ ШААРДЛАГАГҮЙ БОЛ СИНГАПУР БОЛОН ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ БУСАД ОРНУУДАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ

Сингапур улсад “Зика” вирусын тархалт эрс нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрсэнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.

“Зика” вирусын анхны тохиолдол Малайз улсад 9 дүгээр сарын 1-нд бүртгэгдэж, Индонезийн нэг иргэн мөн өвчилсөн тухай Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн тул манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур болон хөрш зэргэлдээ бусад орнуудад нь зорчихгүй байх, эдгээр улсад зорчих иргэд тухайн улсын холбогдох байгууллагаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР
2016.09.02

Сануулахад: 

Зика вирус анх 1947 онд Угандагийн Энтеббе хотын Зика ойд амьдрах сармагчнаас  илэрсэн учир Зика гэж нэрлэх болжээ. Уганда хэлээр Зика гэдэг нь "ургах" гэсэн утгатай.  1954 онд вирус Нигерид  хүнээс илэрсэн байна.

Зикагийн халдвар Африкийн орнуудаас хальж, 2014 оноос Латин Америкийн орнуудад бүртгэгдэх болсон. Мөн онд Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчдаар дамжин Бразилд ирсэн гэж таамаглажээ.

Өдгөө Барбадос, Болив, Бразил, Колумб, Эквадор, Сальвадор, Фижи, Гватемал, Гаити, Гондурас, Мальдивын арлууд, Мексик, Панам, Парагвай, Пуэрто-Рико, Суринам, Таиланд, Венесуэл, Малайз, Филиппин зэрэг 32 оронд Зика вирус тархаад байгаа учир эдгээр улс орнууд руу аялал хийхгүй байхыг зөвлөж байгаа юм.

ХАЛДВАРЛАХ ЗАМ, ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Зика вирус Aedes aegypti гэх төрлийн шумуулаар дамжин тархдаг. Түүнчлэн вирус бэлгийн замаар буюу үрийн шингэнээр дамжин халдварладаг байж магадгүй тухай анхааруулж байгаа бөгөөд одоогоор тогтоогоогүй байгаа юм. Түүнчлэн Зика вирусийн халдвар эхийн сүү, цусаар дамжин халдах магадлал ч байж болох гэнэ. Вирусийн халдвар авсан том хүний 25 хувьд л ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг бөгөөд эдгээр нь биеэр тууралт өгөх, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, үе мөчөөр өвдөх, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Хамгийн гол нь Зика вирус жирэмсэн эх, болон урагт нөлөөлөн тархины төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрж байгаа бөгөөд эмгэгтэй төрсөн хүүхдийг эмчлэх ямар ч боломжгүй гэгдэж байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна