Сүүлийн хоногуудад Нийслэлд гарах гэмт хэргийн гаралтын тоо ихсэх боллоо. Хамгийн их гарч буй хэрэг бол хуурамч мөнгөөр гүйлгээ хийх завдах тохиолдол аж.
Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын “Хаан” банкны салбарт хуурамч мөнгөөр 24 настай М гэх эмэгтэй гүйлгээ хийх гэж байгаад баригдсан. Тэрээр АА5211855 сери дугаартай хуурамч 20 мянгатын дэвсгэртээр орлогын гүйлгээ хийх гэж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл үүнтэй адил хэрэг гарсан байна. Тодруулбал, өчигдөр /2016.09.06/ Баянзүрх дүүргийн 47 настай иргэн Ө-ийн мөнгөн дэвсгэрт солиулах гүйлгээнээс BO5A398756 сери дугаартай 3 ширхэг, R88Y463151 сери дугаартай 1ширхэг, нийт 4ширхэг 100-тын юань илэрсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Үүнээс гадна “Эрдэм транс” ХХК-ны H.Aero City маркийн автобуснаас зорчигч унаж гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт орших Хангай захын баруун замаас тус автобус хөдлөхдөө хаалгаа гүйцэт хаагаагүй байсаны улмаас зорчигч 53 настай эмэгтэй Э автобуснаас унаж гэмтсэн байна.
Одоогоор хэрэг бүртгэлт явуулж гэмтлийн зэрэг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Үүний дараа хуулийн дагуу тухайн жолоочид хариуцлага тооцох юм байна.
Ингээд өнгөрсөн хэргийг эргэн сөхөе. Өнгөрөгч наймдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах суман дахь Хаан банкны салбар руу зэвсэглэсэн хоёр этгээд дайрч, 20 гаруй сая төгрөг, гар утас дээрэмдсэн хэрэг гарсан.
Тэгвэл хоёр этгээдийн нэгийг хэрэг гарсны маргааш барьсан бол хоёр дахь хүнийг өчигдөр /2016.09.06/ барьжээ. Улмаар дээрэм хийхдээ ашигласан буу, зэвсгийг хураан авсан байна.
Хоёр этгээдийн хувьд 1994 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй аж. Нэг этгээд өмнө нь хулгайн хэргээр шалгагдаж, тэнсэн харгалзах ял авч байсан байна.
Энэ мэт хэргүүд нийгэмд гарч байгаа ба гэмт этгээдийн нас залуужаж байгаа нь айдас төрүүлж буй. Цагдаагийн байгууллагаас хэргүүдэд шалгалт хийж зохих арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна