• Эхлэл
  • Улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

Улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

2016/09/08

Улсын хэмжээнд ургац хураалт эхэлж, одоогоор 8278 га талбайгаас 11899 тонн үр тариа, 1423 га талбайгаас 14889 тонн төмс, 723 га-гаас 9307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн юм. Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна.

Энэ нь 2016 онд улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтойг харуулж байгаа юм. Тиймээс энэ онд улаанбуудай импортлох талаар ямар нэгэн яриа, хэлэлцээр гараагүй байна хэмээн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд хэллээ.

Тэрбээр, “Ус цаг орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 7-10-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Харин сарын дунд 10 хоногт цаг агаар харьцангуй тогтуун байх төлөвтэй байгаа тул ургац хураалтаа эхлүүлэх боломжтой. Одоогоор техникийн болон үтрэмийн бэлэн байдлыг хангаж байна” хэмээв.


Сэтгэгдэл байхгүй байна