• Эхлэл
  • Хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудал

Хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудал

2016/09/09

“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” энэ сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Соёлын харилцаа, урлагийн менежмент”, “Монгол хэл”, “Хилийн чанадаас эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр”, “Хилийн чанадад суугаа иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” сэдэвт салбар хуралдаанууд болно.

Гадаад хэргийн сайдын санаачлагаар 2014 онд анхдугаар чуулганаа хийж байсан тус чуулганы хоёр дахь уулзалтыг Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”-тэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Чуулга уулзалтанд хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулдаг 120 гаруй төрийн бус байгууллага, холбоодын 200 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг тууштай хамгаалах, хилийн чанадад байгуулагдсан “Монгол сургууль, цэцэрлэг”-ийн үйл ажиллагааг сурах бичиг, сургалтын арга зүйгээр хангах, монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан монголчуудын холбоодод дэмжлэг үзүүлэх, гадаадад сурч, ажиллаж өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилт Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан байна. 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна