• Эхлэл
  • “Балдорж” сангийн найм дахь удаагийн шагналтан тодорлоо

“Балдорж” сангийн найм дахь удаагийн шагналтан тодорлоо

2016/09/10

Жил бүрийн есдүгээр сард нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны нэрэмжит Сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн шагналыг олгодог. Монголын чөлөөт хэвлэлүүдийн түүчээ “Өнөөдөр” сонин, Монголын анхных хувийн телевиз “25-р суваг” ТВ-г үүсгэн байгуулагч нэрт сэтгүүлч, хэвлэн нийтлэгч Ц.Балдорж агсны үр хүүхэд, гэр бүлийнхэн, анд нөхөд, хамт олон нь “Балдорж” санг үүсгэн байгуулж жил бүр тухайн жилийн Шилдгийн шилдэг болон шилдэг 10 бүтээлийг шалгаруулан шагнал олгодог болсон. Жилийн турш сэтгүүлч, уран бүтээлчдийн ирүүлсэн бүтээлүүдээс “Балдорж” сангийн шүүгчид улирал тутам Шилдэг-10 бүтээлийг олон нийтэд танилцуулан, жил бүрийн есдүгээр сард шилдгүүдийг шалгаруулдаг. Энэ жилийн буюу найм дахь удаагийн “Балдорж” сангийн нэрэмжит шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 9-нд /2016.09.09/ боллоо.

Ингээд шилдэг 10-ын эзнээр:

  • "Үндэсний шуудан" сонины Нийгэм, соёлын албаны дарга Б.Энхмарт "Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна" нийтлэл

  • Г.Одгарав "Хүнсний аюулгүй байдал", "Төв цэвэрлэх байгууламж" цуврал сурвалжлага

  • "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Б.Энхзаяа "Увсынхныг урвуулсан" гэрээ нийтлэл

  • Э.Энхцолмон "Салхины дуун" нийтлэл

  • "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны сурвалжлагч О.Бат-Ундрах хоёр дахь удаагаа "Хүүхдээ шоронд хооллоё", "Чагнууртай шимэгч" нийтлэлээрээ 

  • "Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч Б.Гандолгор "Үхэл дагуулсан хөх сав", "Гэрт тань нуугдсан хор" нийтлэл 

  • "Гамма" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндорж тодорлоо. Тэрбээр "Нарантуул" гэрэл зургийн сурвалжлага

  • МҮОНТ-ийн Б.Ариунцэцэг, Н.Одбаяр нар "Халуун сэдэв" цуврал мэдээлэл, "Цагийн хүрд"-ийн мэдээлэл 

  • МҮОНР-гийн сэтгүүлч Л.Мөнхтөр "Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя" радиогийн нэвтрүүлгүүдээрээ тус тус шалгарсан юм.

Харин дэд байрын эзнээр "MN 25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Д.Аюурбунь, Б.Ундармаа нар "1000 төгрөг" зорилтот нэвтрүүлгээрээ шалгарлаа.vЭнэ жилийн хувьд сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан, цуврал нийтлэл, сурвалжлагууд даацтай байлаа гэж шүүгчид онцоллоо.

Энэ удаагийн Гран При “Балдорж” шагналын эзнээр "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорсон юм. Ц.Цэвээнхэрлэн сэтгүүлчдийн хэлдгээр “Өнөөдөр” сонины угшилтай сэтгүүлч. Тэр тусмаа Ц.Балдорж агсан амьд сэрүүндээ түүнд байгаль орчны чиглэлээр дагнан бичихийг даалгаж байсан гэдэг. Ц.Цэвээнхэрлэн 16 жилийн турш байгаль, экологийн чиглэлээр бичиж буй, мэргэшсэн цөөхөн сэтгүүлчдийн нэг юм. Ийнхүү 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа "Өнөөдөр" сонины “гал тогоо”-ныхноос “Ц.Балдорж” сангийн Шилдгийн шилдэг бүтээлийн эзэн тодорлоо. Тус шагналыг Ц.Балдорж агсны дүр бүхий шижир алтан медаль, 5 000 ам.доллар, бусад шагналууд дагалддаг.

Балдорж сэтгүүлзүйн дээд шагналын анхны эзнээр “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг шалгарч байсан бөгөөд

 2010 онд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ,

2011 онд “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн зөвлөх, сэтгүүлч, нийтлэлч Ж.Гангаа агсан

2012 онд “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр

2013 онд Өнөөдөр” сонины тоймч Ж.Тэгшжаргал

2014 онд “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгээр сэтгүүлч М.Буянбадрах, гэрэл зурагчин У.Ганбаяр нар

2015 онд “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар нар тус тус шалгарч байсан юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна