Монголбанк Засгийн газартай хамтран 2013 оны зургаадугаар сард орон сууцны ипотекийн 8 жилийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ зээлээр 80 мянга гаруй өрх орон сууцтай болж, 3.8 их наяд орчим төгрөгийн зээл олгогджээ. Харин ипотекийн зээл олголт наймдугаар сараас хойш түр зогсоод байна. Иргэд, олон нийтийн дунд ипотекийн зээл цаашдаа олгогдох уу, хэзээ, хэрхэн шийдэгдэх вэ, бүр мөсөн зогссон уу гэх зэргээр олон хүлээлт, асуулт үүсээд байна.
Арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрийг өөр зүйлд зарцуулсан гэх зөрчил илэрсэнтэй холбоотойгоор Төв банкнаас банкуудад шалгалт оруулсан. Шалгалтын дүнг эцэслэж, шийдвэр гаргасны дараа ипотекийн зээлийн санхүүжилт үргэлжлэн олгогдоно гэдгийг Төв банкнаас мэдээлж байгаа. Гэхдээ үргэлжлүүлэн олгохдоо Засгийн газартай хэрхэн хамтрах, санхүүжилтийг ямар нөхцөлөөр яаж олгох вэ гэх зэргийг нарийвчлах шаардлагатай юм.
Учир нь 2016 оны гуравдугаар сард УИХ-аас Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баталсан. Ингэснээр Монголбанкнаас санхүүжүүлж, МИК /Монголын ипотекийн корпораци/ дээр төвлөрөөд байсан 2.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн багцыг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн өмчлөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн эрх одоо Засгийн газрын мэдэлд шилжсэн. Харин Засгийн газар Монголбанктай хамтрах замаар Ирээдүйн тэтгэврийн нөөц санд хөрөнгөө төвлөрүүлж, эх үүсвэр олох замаар ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэх юм.
Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагаас ипотекийн зээлээр дамжин зах зээлд нийлүүлэгдэж буй хөрөнгийн хэмжээг төсөвт тусгах шаардлагатай гэж зөвлөсөн. Тэгвэл цаашдаа Засгийн газар жил бүрийн төсөв дээрээ Ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийг тусгаад явна. Ингэснээр ипотекээр дамжин зах зээлд нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ тодорхой болох юм. Нөгөөтэйгүүр жил бүрийн төсвийг УИХ-аар баталж, хууль болгон гаргадаг. Хууль учраас зайлшгүй хэрэгжих ёстой. Хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт ирдэг. Энэ утгаараа ипотекийн зээлийн эх үүсвэр цаашдаа илүү “найдвартай” гарт шилжиж байна.
Өнгөрсөн хугацаанд Төв банк ипотекийн зээлийн шаардлагатай эх үүсвэрийг мөнгө хэвлэх замаар шийдэж байсан. Энэ нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, валютын ханшид дарамт учруулах эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр хэдий болтол, хэмжээ хязгааргүйгээр мөнгө хэвлэж, ипотекийн зээлийг санхүүжүүлсээр байх уу гэх асуулт бий. Мэдээж хэмжээ хязгааргүйгээр, байнга мөнгө хэвлэхгүй. Төв банкны шинэ удирдлагууд цаашдаа ипотекийн зээлийн санхүүжилтийг мөнгө хэвлэхгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэх байр суурьтай байгаа юм билээ.
Ипотек бол дундаж давхаргын хуримтлалын тогтолцоог дэмждэг маш чухал тогтолцоо. Хөгжсөн бүхий л улс оронд ипотекийн тогтолцоогоор иргэдийнхээ хуримтлалыг дэмждэг. Монголчууд орон сууцанд орох, утааг бууруулах зайлшгүй шаардлага бий. Энэ утгаараа ипотекийн зээлийн санхүүжилт тасралтгүй, тогтмол олгогдож байх ёстой. Тэгж байж, дундаж давхаргын хуримтлалаа дэмжиж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрнэ. Харин үүний тулд ипотекийн зээлийн илүү тогтвортой, найдвартай санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлага тулгараад байна.
Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөвт тусгаж, хууль болгон батлах. Хоёрдугаарт, төсвөө сахилга баттай болгож, төсөв мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулж чадвал цаашдаа ипотекийн зээл тогтвортой, найдвартай үргэлжлэх үндэс бүрдэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна