• Эхлэл
  • ”Хөтөч цагдаа”, ”Хөтөч нохой” хөтөлбөр хэрэгжинэ

”Хөтөч цагдаа”, ”Хөтөч нохой” хөтөлбөр хэрэгжинэ

2016/09/15

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хэрэгжилтийг хангах, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагыг цагдаагийн албан хаагчдад хүргэхийн тулд Италийн АИФО олон улсын байгууллагаас Цагдаагийн Ерөнхий Газрын Дэмжлэг үзүүлэх алба, сургалтын төвтэй хамтран ажиллахаар болж энэ оны хавраас үйл ажиллагаагаа эхэлжээ.

Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл Хөгжил Төв” ТББ-ийн залуучууд АИФО олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Цагдаагийн Ерөнхий Газрын Дэмжлэг үзүүлэх албаны Сургалтын төвийн ариун цэврийн өрөөг стандартын дагуу бүх хүн ашиглаж болохуйц хүртээмжтэй болгон тохижуулж, хүлээлгэн өгчээ.

Уг ариун цэврийн өрөө нь тэргэнцэртэй хүн өөрөө бие даан чөлөөтэй хөдлөх, бие засах боломжоор хангагдсанаас гадна нуруу нугасны гэмтэлтэй хүн зарим үед бие засахдаа зайлшгүй ор ашиглах шаардлага гардаг. Тэгвэл тус ариун цэврийн өрөө нь дотроо ор суурилуулж өгсөнөөрөө томоохон онцлогтой юм. 
Уг ариун цэврийн өрөөг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс гадна өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс хэрэглэхэд ихээхэн тохиромжтой юм.

ХҮРТЭЭМЖ гэдгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэрэгтэй зүйл гэж ойлгодог. Гэтэл үнэндээ ХҮРТЭЭМЖ гэдэг хүн бүр төвөггүй ашиглаж болохуйц загвар юм.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэхийн тулд цагдаагийн байгууллагад Хөтөч-цагдаа бэлтгэх сургалт зохион байгуулах, Хөтөч нохойг бэлтгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийлүүлэх гэх мэт асуудлыг шийдвэрлэхээр Италийн АИФО олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Дэмжлэг үзүүлэх албанаас уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Цагдаагийн Ерөнхий Газрын Дэмжлэг үзүүлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр хэлэхдээ “Цагдаа, иргэдийн итгэлийг дээшлүүлэхийн тулд олон талын хамтын ажиллагаа маш чухал юм.

Ялангуяа нуугдмал гэмт хэрэгт гэр бүлийн хүрээнд илүүтэй өртдөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад цагдаагийн байгууллага онцгой анхаарч ажиллах эрмэлзлэлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдад өөрсдийгөө ойлгуулах чадвар дутмаг учраас гэмт хэргийн хохирогч болох, хилс хэрэгт гүтгэгдэх эрсдэл их байдаг. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ хүрээнд эхний ээлжинд энэ хавраас Италийн АИФО олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцож анхны ажлаа хийж эхэллээ. Цаашид цагдаагийн байгууллагад Хөтөч-цагдаа бэлтгэх, Хөтөч нохойг бэлтгэх тусгай хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Цагдаагийн албан хаагчдад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай мэдээлэл өгч, тэдэнд дохионы хэл заах сургалтыг тогтмолжуулж, хөтөч нохойг үржүүлж, сургах ажлыг эрчимжүүлнэ. Хөтөч нохой бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд замчлаад зогсохгүй бие хамгаалагч нь болдог давуу талтай юм. Хөтөч нохой бэлтгэх талаар БНХАУ-ын туршлага судалж, тусгай стандартыг нь нутагшуулахаар ажиллаж байна” гэв.

Уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож үг хэлж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

Дараа нь Цагдаагийн Ерөнхий Газрын Дэмжлэг үзүүлэх алба, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр нохойн сургалтын явцтай танилцлаа.


Сэтгэгдэл байхгүй байна