• Эхлэл
  • Шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авч байна

Шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авч байна

2016/09/16

Шүүхийн Мэргэшлийн хороо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нийт 46 орон тоонд нэр дэвшигчдээс энэ сарын 15-19-ны өдрүүдэд шалгалт авч байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчийн 2 орон тоонд 7 хүн нэрээ дэвшүүлснээс 2 нь нэрээ татжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, тус шүүхийн шүүгч Ц.Цогт, Д.Батбаатар, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Г.Банзрагч нар дээрх орон тоонд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм байна.

Шүүхийн Мэргэшлийн хороо хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс  "Эрх зүйн хийдэл түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр эссэ бичих шалгалтыг өчигдөр авсан байна. Шалгалт 19-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нийт 10 төрлийн шалгалт өгөх юм.

Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 22, шүүгчийн 2 орон тоонд нэр дэвшигчид “Хууль яагаад чухал вэ” сэдвээр эссэ бичих шалгалтыг өчигдөр мөн өгсөн бөгөөд тэд 8 төрлийн шалгалтад орох ажээ.

Нийслэлийн дүүргүүдийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 14 орон тоонд 25 нэр дэвшигч өрсөлдөж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид тус шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид тус шүүхийн шүүгч Б.Баатар, Д.Даваасүрэн нар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид тус шүүхийн шүүгч С.Буд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус шүүхийн шүүгч Р.Алтантуяа, М.Баясгалан, С.Оюунчимэг нар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар тус тус нэрээ дэвшүүлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус шүүхийн шүүгч Н.Одонтуул, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус шүүхийн шүүгч М.Алдар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр нар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Ё.Цогтзандан нар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Жанчивнямбуу, Ч.Отгонбаяр нар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус шүүхийн шүүгч С.Олзод, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус шүүхийн шүүгч И.Ганбат, Б.Дашдондов, Ц.Оюунчимэг нар тус тус нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.

 Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс мөн 8 төрлийн шалгалт авах юм.  Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн 5 орон тоонд 40 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна