• Эхлэл
  • Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр

Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр

2016/09/21

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1981 оны 11 дүгээр сарын 30-ны тогтоолоор Олон улсын энх тайвны өдрийг есдүгээр сарын гурав дахь мягмар гарагт буюу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган нээгдэх өдөр тэмдэглэж байжээ.

Дараа нь Ерөнхий Ассамблейн 2001 оны есдүгээр сарын 7-ны тогтоолоор Олон улсын энх тайвны өдрийг жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдөр тэмдэглэж байхаар болсон байна.

Энэ өдрийг дэлхийн нийтээр гал зогсоож, хүчирхийллээс татгалзах өдөр болгон тэмдэглэхийг Ассамблей мэдэгдээд, энэ өдрийн турш бүх улс, ард түмэнд байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. НҮБ-ын гишүүн бүх улс, тус байгууллагын системийн байгууллагууд, бүс нутгийн болон Засгийн газрын бус байгууллагууд болон хувь хүмүүс Олон улсын энх тайвны өдрийг зохих хэлбэрээр, тодруулбал, даян дэлхийд гал зогсоохын тулд НҮБ-тай хамтран ажиллах, нийгмийг гэгээрүүлэх, мэдээллээр хангах замаар тэмдэглэхийг Ассамблей уриалсан байна.

1954 оны зургаадугаар сард НҮБ-д Япон улс "Энх тайвны хонх" бэлэглэсэн юм. Түүнийг дэлхийн 60 орны хүүхдүүдийн цуглуулсан зоосон мөнгөөр цутгаж хийсэн бөгөөд синтоистуудын сүмийг санагдуулам агар модоор хийсэн япон байгууламжид бэхэлжээ.

НҮБ-ын төв байранд орших хонхыг жилд хоёр удаа буюу хаврын эхний өдөр тэнцэх өдөр, есдүгээр сарын 21-нд буюу Олон улсын энх тайвны өдөр дуугаргадаг юм. Хонхон дээр "Даян дэлхийд энх тайван мандтугай" гэж бичжээ.

Энэ санааг дахин нотолж, мөргөлдөөнүүдэд  амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, илүү аюулгүй бөгөөд илүү шударга энх тайвныг цогцлооход өөрийгөө зориулахад бэлэн байгаагаа мэдэгдэх гэж жил бүрийн энэ өдөр дэлхий даяар хүмүүс цуглаж байна.

Манай улсын хувьд жил бүрийн есдүгээр сарын 21-нд энэ өдрийг НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, иргэд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй 16 дахь удаагаа хамтран тэмдэглэж байна.

 Өнөөдөр Дашчойлин хийдэд 14:00 цагт Олон Улсын Энх тайвны өдрийн үйл ажиллагааг зохион байгуулна. 


Сэтгэгдэл байхгүй байна