Монголын шүүхийг Олон улсын мэргэшсэн шинжээчид тал бүрээс нь нэг бүрчлэн судалж, "дүн” тавьжээ. Энэ нь шүүхийн шинэтгэлд дэлхийн стандартын дагуу бодит үнэлгээ өгсөн бөгөөд энэхүү судалгааны талаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн төслийн удирдагч Л.Заяатай ярилцлаа.
-Монгол улсын шүүхийг судалсан олон улсын судалгаанаас ямар дүгнэлт гарсан бэ? Энэ судалгааны үнэ цэнэ, ач холбогдол чухам юу вэ?
- Юуны өмнө байгууллагаа танилцуулья. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг бол ХБНГУ-ын Засгийн газрын байгууллага.Үндсэн мэргэшсэн чиглэл нь хөгжлийн бодлогын хүрээнд буцалтгүй тусламжийн хэлбэрээр хамтран ажиллагч байгууллагадаа төсөл хэрэгжүүлэгч байгууллага.
Манайх Монгол улстай хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа 1995 оноос эхлүүлсэн.
Энэ ажлын хүрээнд иргэний ба аж ахуйн эрх зүйн чиглэлийн хууль тогтоомжийг боловсруулах, шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт холбогдох сургалтуудыг хийх, хуулийн байгууллагуудыг чадавхижуулах, орчин үеийн мэдээллийн технологийн шийдлүүдийг шүүхэд нэвтрүүлэх зэрэг олон чиглэлийн ажил эрхэлдэг.
Бидний зүгээс энэ оны эхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хандаж Монгол улсын шүүхийг цогцоор нь судлуулах хүсэлт тавьсан. Нэг ёсондоо энэ бол шалгалт. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг 180 гаруй улсад төрөл бүрийн төсөл хэрэгжүүлдэг. Салбар бүртээ мэргэшсэн судлаачидтай. Үүний дотор шүүх эрх мэдэл бөгөөд хууль тогтоомжийн чиглэлээр мэргэшсэн бие даасан баг байдаг. Энэ багийнхан 3 жилийн өмнө дэлхийн улс орны шүүхүүд Банглорын зарчмыг хэрхэн мөрдөж байгаа тухай бүх талаас нь үнэлгээ хийдэг аргачлалыг боловсруулсан.
Шүүх нээлттэй, хүртээмжтэй, шударга ажиллаж байна уу гэдгийг тухайн улсын хууль тогтоомж нь энэ чиглэлээр хэр боловсронгуй болсон, түүнээс улбаалаад шүүгчийн ёс зүйн дүрэм нь олон улсын түвшинд хэр нийцсэн, Мэргэшлийн хороо нь хэрхэн ажилладаг, шүүхийн дэд бүтэц, ажиллах орчин, бие даасан байдал хангагдаж чадсан эсэх зэрэг олон хүчин зүйлсийг хамруулаад 300 орчим асуултыг манайд тавьсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Хуульчдын холбоо, хэвлэл мэдээллийнхээс асуух, магадлах, харьцуулахаар тоймоо гаргаж Монголд ажиллах шинжээчдээ нааш илгээсэн.
- Судалгааг хийхийн өмнө бэлтгэл их шаарджээ. Судалгаа ямар түвшинд явагдсан бэ? Ямар нэг нөлөөлөлгүй хараат бус явагдсан гэдэг баталгааны тухайд?
- Бэлтгэл ажил маш их хугацаа шаардсан. Манай төслийн ГОУХАН-ийн хуулийн чиглэлийн төслүүдийн төлөвлөлт хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн доктор Ян, хөндлөнгийн мэргэжилтэн Хелсен муж улсын Дээд шүүхийн шүүгч, доктор Кирхофф нар энэхүү судалгаанд гардаж ажилласан. Тэд Монголд хот, хөдөөгийн шүүхээр маш их явж, олон хүнтэй уулзаж шүүхийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан.
Шүүхийн хараат бус байдал, төвийг сахисан шүүх эрх мэдэл, шүүгчийн ёс зүй, шүүгчийн зохистой байдал, тэгш эрхийг эрхэмлэх, хичээл зүтгэл, чадварзэрэг шалгууруудаар хараат бус, хөндлөнгийн, мэргэшсэн баг шүүхийн тогтолцоог бүхэлд нь олон улсын жишиг, стандартад суурилж үнэлдэг учраас судалгааны хараат бус байдалд эргэлзэх асуудал байхгүй.
- Судалгааны дүн та бүхний төсөөлж байснаас хэр зөрүүтэй гарав? Дэлхийд зарлахад ямар эерэг, сөрөг үнэлгээ гарсан бэ?
- Нэгдсэн тайлан гарахад хамгийн түрүүнд "Монгол Улсын шүүхийн шинэтгэл нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна. Шүүхийн бие даасан байдал /Judicial Integrity Group/-ын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна. Шүүхийн нээлттэй, хүртээмжтэй байдал бүрэн хэмжээнд хангагдсан” гэсэн дүгнэлт гарсан.
- Гэгээлэг сайхан мэдээ байна. Ийм олон улсын түвшний үнэлгээ өмнө нь яг хэдийд хийгдэж байсан юм бол?
- Монголын шүүх үндсэндээ ямар чиглэлээр хөгжиж байна, үүнд нь иргэд ямар үнэлгээ өгч байна вэ гэдэг нь судлагдаагүй бараг арваад жил болсон. Миний санахад, хамгийн сүүлд 2008 онд Америкийн судлаачийн шуугиан дагуулсан тайлан гарсан.
Түүндээ болж бүтэхгүй байгаа талуудыг нь нэлээд тодотгосон байсан. Шүүх иргэдийг үл ойшоосон байдлаар хандаж байна, шүүгч авилгад автах магадлал өндөр байна гэх мэтээр мэргэжилтнүүдийн санаа зовнисон дүгнэлтүүдийг хийсэн. Саяын бидний хийсэн судалгаа бол Judicial integrity scan нэртэй. Гол агуулга нь НҮБ-аас шүүх эрх мэдлийнхэнд дэвшүүлээд 20 гаруй жил болж байгаа Банглорын зарчмыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаад суурилж судалсан.
- Ийм судалгааг бусад улс орнууд хэр түгээмэл хийлгэдэг юм бэ? Судалгааг хичнээн оронд өмнө нь хийж байсан бэ?
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, шүүгч, захиргааны ажилтнуудад энэ судалгаанд хамрагдсанд нь талархал илэрхийлэх ёстой. Иймэрхүү маягийн судалгаанд сайн дураараа ордог, хүлээн зөвшөөрдөг улс маш цөөхөн. Энэ чиглэлийн судалгааг хийлгэе гэж зөвшөөрсөн 4 улс байдаг. 5 дахь нь Монгол улс болсон.
Тэдгээр улс орнуудынхтай харьцуулахад хамгийн эерэг дүн гарсан нь Монгол улсын шүүх. Ололттой талууд нь гэвэл Монгол улс шүүх эрх мэдлийнхээ шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд нэгдсэн бодлогоор тогтвортой ажиллаж байна. Шүүх нь иргэддээ үйлчилдэг байгууллага гэдгээ ухамсарласан байна гэж дүгнэсэн.
Энэ хүрээнд шүүхийн болон шүүхийн захиргааны бие даасан байдал, эдийн засгийн баталгаа, шүүгчийн хараат бус байдал маш сайн хангагдаж байна гэж үзжээ. Үүнийг дагаад шүүхийг иргэдээс үнэлж байгаа итгэл, шүүгчдийн ажил мэргэжилдээ хандах хандлагад ахиц гарсан, авилга хахуулийн асуудалд холбогдох нь үндсэндээ хаагдсан байна гэсэн. Шүүгчид нөлөөлөх нөлөөлөл байхгүй болсон нь цалинтай нь холбоотойг мөн судалгаа гэрчилсэн.
- Шүүх үйлчилгээний байгууллага гэдгийг та тодруулна уу?
- Энэ бол шинэлэг зүйл. Саяхныг болтол шүүх гэхээр засагладаг, эрх мэдэл хэрэгжүүлдэг газар гэж иргэд сүрддэг байсан. Үүний цаана болж өгвөл шүүхийн хаалга татахгүй юмсан гэдэг болгоомжлол байсан. Тэгвэл энэ хандлага өөрчлөгджээ. Энэ бол шүүхийн шинэчлэлийн асар том амжилт. Иргэд эрхээ шүүхээр хамгаалуулахаар итгэж ханддаг болсон. Энэ бол богино хугацаанд хийгдэхэд маш хүнд ажил.
- Шүүхийн шийдвэр нээлттэй цахим хуудсанд тавигдаж байгаа талаар олон улсын судлаачид хэрхэн үнэлсэн бэ?
- Монголын шүүхийг бүрэн утгаар нээлттэй байна гэж үнэлсэн. Шүүхийн шийдвэр олон нийтэд ил тод байршаад ирэхээр шүүгч мэргэжлийн түвшинд алдаа гаргах эрхгүй болж байгаа юм. Мэргэжлийн судлаачид судална. Иргэдийн хяналт хүчтэй хэрэгжинэ. Хуучин шиг өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөөд шүүх хуралд ордог иргэд байхгүй болжээ. Харин шүүхийн шийдвэрийг тэр чигт нь 100 хувь ил тавьдагийг эргэж харах ёстой. Хүний нэр овог, хаяг, шүүх бүрэлдэхүүний нэрс байх нь төдийлөн зохисгүй. Ингэж тавих нь тухайн улсын онцлогтой холбоотой. Цаашдаа үүнийг зохистой байдлаар өөрчилж болох байх.
- Шүүгчдийн цалингийн тухайд ухралт хийжээ гэдгийг судалгаанд дурьдсан гэсэн. Яг юуг тэгж дүгнэсэн юм бол?
- Судалгаанд "Шүүгчийн цалингийн сүүлчийн өсөлт нь зохих хэмжээнд амьдрахад хангалттай хэмжээнд хүрсэн. Шүүгчийн цалингийн хэмжээг бууруулахгүй байх зохицуулалтыг хуулиас хассан нь ухралт болжээ” гэж дүгнэсэн.
Шүүхийн төсвийн асуудал дээр шүүх үйл ажиллагаагаа явуулах хангалттай төсөв байх ёстой гэдэг хуулийн зүйл заалтыг УИХ-аас хүчингүй болгосон. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалсан ч олон улсын шинжээчдийн нүдэнд Монгол улс шүүх эрх мэдлийнхээ эдийн засгийн баталгаа талаас хүрсэн түвшнээсээ ухралт хийжээ гэсэн үнэлгээг өгсөн.
Шүүгчдийн хөдөлмөр эрхлэлт монголдоо өндөр цалинтай ч энэ цалинтай тэд удаагүй. Хэдхэн жилийн өмнө шүүгчид шүүхээ тойрсон мухлагуудад өр зээлтэй амьдарч байсан юм шүү гэдгийг мартаж болохгүй. Нөгөө талаар шүүгчид төрийн томилгоогоор ажилладаг. Хөдөө орон нутагт томилогдож байгаа тэдний гэр бүл тогтвортой ажил эрхлэх бололцоогүй. 10 жилийн дотор олон удаа буурь сэлгэсэн шүүгчид бий.
Тэдний байр сууц ч түрээсийн маягийн хэрэглээтэй. Гэр бүлдээ шүүгч орлогын эх үүсвэр болоод явдгийг хүмүүс ойлгодоггүй. Маш олон эрхүүдээ хязгаарлуулдаг шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийг харгалзан үзэх ёстой. Тэгэхээр Монгол улс шүүгчийн цалин хөлсний тухайд ухралт хийж болохгүй.
- Болж бүтэж байгаа ололт амжилтаас гадна өөр ямар анхаарах асуудлыг хөндсөн зөвлөмж гаргасан бэ?
- Судалгааны тайланд цаашид анхаарууштай зөвлөмжүүд орсон. Шинэ шүүгчдийн сургалтын хугацааг чамлалттай байна. Болж өгвөл хугацааг уртасгаж бэлтгэж байж, хэрэг маргаан шийдүүлэх талаар зөвлөсөн. Германд бол шинэ шүүгчдээ хагас жилийн хугацаанд бэлтгэж байж хэрэг маргаан шийдүүлдэг. Тэр улсад анагаах, хуулийн мэргэжлээр амжилттай төгсөх амаргүйг манайхан гадарлах байх. Монгол харьцангуй залуу, амьдралын туршлага багатай хүмүүс шүүгч болж хэрэг маргаан шийдвэрлэж байгаа тухайд бас цаашдаа бодолцох асуудлын нэг. Мөн өмгөөлөгчдийн ур чадвар асуудалтай, сургалтын хэрэгцээ өндөр гэхчилэн цаашид авч хэрэгжүүлэх анхаарах асуудлаар зөвлөмжүүдийг гаргасан байгаа. Энэхүү иж бүрэн судалгаа нь шүүхийн шинэтгэлийн цаашдын бодлогод маш чухал ач холбогдолтой.
- Ярилцсанд баярлалаа
Ш.Отгон
Эх сурвалж: "Өдрийн сонин" 2016.09.21
Сэтгэгдэл байхгүй байна