• Эхлэл
  • Эрдэмтэн Д.Батсүхийн нэрэмжит сангаас залуу судлаачдыг дэмжихээр боллоо

Эрдэмтэн Д.Батсүхийн нэрэмжит сангаас залуу судлаачдыг дэмжихээр боллоо

2016/09/22

Тарваган тахал судлалын Монголын анхны эрдэмтэн Д.Батсүхийн нэрэмжит сан байгуулагдан жил бүр зоонозын өвчин судлалын чиглэлээр докторантур, магистрантурт сурч байгаа шилдэг суралцагч, судлаач нарт 1,000,000 төгрөгийн тусламж үзүүлэн эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжиж байхаар боллоо.

Өнгөрөгч бямба гариг буюу энэ сарын 17-нд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Монголын хэт авиан оношлогооны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан “Уйланхайт бэтэг өвчний хяналт, тандалт, тусламж үйлчилгээ сайжруулах нь” талуудын уулзалт зөвлөгөөний үеэр эрдэмтэн Д.Батсүх агсны гэр бүлийнхэн Г.Наранхүү даргатай Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн нян судлагч, их эмч Г.Ганцэцэгт өргөмжлөл, 1.000.000 сая төгрөгийн хамт гардуулав.

Ийнхүү анхны шагналыг гардан авсан их эмч Г.Ганцэцэг:

-Тарваган тахлын анхны эрдэмтэн Д.Батсүх нь 1981 онд Монгол нутгийн Дорнод бүсийн тарваган тахал, байгалийн голомт сэдвээр эрдмийн зэрэг хамгаалснаас хойш байгалийн голомтот өвчинтэй тэмцэх салбарыг урагшаа нэг алхам ахьсан гэж судлаачид үздэг.

Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн ажилд бүхий л амьдралаа зориулсан Д.Батсүх агсан Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг анх байгуулагдахад асар их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Анх дивизийн цэргийн хуучин байрыг өөрсдөө засварлаж, мэргэжлийн чиг үүрэгтэй байгууллага болгож байсан юм. Бид өнгөрсөн жил Хэнтийн Зоонозын өвчин судлалын төвдөө эрдэмтэн Д.Батсүх агсны хүндэтгэлийн самбарыг албан ёсоор байршуулсан. Тарваган тахал судлаач Д.Батсүхийн нэрэмжит сангийн анхны шагналыг хүртэж буйдаа тун их баяртай байна хэмээсэн юм.     

Эрдэмтэн Д.Батсүх нь ажил хөдөлмөрийн гараагаа Дорнод аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс эхэлж, Хэнтийн салбар, Эрүүл мэндийн яам, одоогийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв буюу хуучнаар Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ. Түүнчлэн Д.Батсүх агсны гэргий Н.Оюунбат нь мөн их эмч бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд олон жил, үр бүтээлтэй ажилласан.

Ийнхүү нэрт эрдэмтэн Д.Батсүх агсны гэр бүл, үр хүүхдүүд нь аавынхаа дурсгалыг хүндэтгэж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд тус болох зорилгоор эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг жил бүр тогтмол дэмжиж байхаар болж байгаа юм.

Б.ОДМАА

 


Сэтгэгдэл байхгүй байна