• Эхлэл
  • Оюутолгойн асуудлаар асуулга тавьжээ

Оюутолгойн асуудлаар асуулга тавьжээ

2016/09/23

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар Оюутолгой төсөлтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид есдүгээр сарын 19-нд асуулга тавьжээ.

Энэхүү асуулгад “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2010 онд хийж, эхний шатны хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засаг тэлэхэд эерэг нөлөө үзүүлсэн. Одоо хоёр дахь шатны ажил яригдаж байгаа.

УИХ-ын 2014 оны 34, 2015 оны 41 дүгээр тогтоолуудаар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон.

Иймээс Засгийн газар Оюутолгой төслийн өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн анхаарч байгаа болон гэрээнд талуудын хүлээсэн үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явц ямар шатанд яваа талаар мэдээлэл өгнө үү гэжээ.

Мөн асуулгын хариуг ирэх аравдугаар сарын 15-ны дотор багтаан ирүүлэхийг хүсчээ. Хуулиараа асуулгын хариу ирсний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсдог юм.

Эх сурвалж: News.mn 


Сэтгэгдэл байхгүй байна