• Эхлэл
  • А.Аварзэд: Монголын залуучууд мал аж ахуйгаа хөгжүүлж чадна

А.Аварзэд: Монголын залуучууд мал аж ахуйгаа хөгжүүлж чадна

2016/09/23

 Арлын Японд фермер эрхэлж буй монгол эрдэмтэн

Япон улсад Монгол эрдэмтэн мах, сүүний чиглэлийн үхрийн ферм, ресторан, тараг, сүү, зайрмагны үйлдвэр, мал, амьтантай танилцах жижиг амьтны ферм, гүн хөлдөөсөн үр болон үр шилжүүлэн суулгах төв гээд үйлдвэрлэл, үйлчилгээг хослуулан эрхэлж Токио хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангаж байгааг хараад бахархах сэтгэл төрж байлаа. 

Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөн Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ажиллаж байсан малын эмч залуу Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэн тус улсыг зорьсон нь энэхүү амжилтынх нь эхлэл байжээ. Ингээд Японы Хоккайдо мужийн Чиёода фермийн эзэн, доктор Агваандоржийн Аварзэдтэй их ажлынх нь хажуугаар товч ярилцсанаа хүргэж байна.  

-Хүнсний чанар, аюулгүй байдлаараа номер нэг хэлж болох Японд Монгол хүн томоохон ферм амжилттай эрхэлж байгааг хараад бахархах сэтгэл төрж байна. Манай хоёр орны мал аж ахуйн салбарын хөгжил хэр хол зөрүүтэй хөгжиж байна гэж Та хардаг вэ?

-Бэлчээрийн болон суурин мал аж ахуй гэж хоёр хуваавал өндөр ашиг шимтэй мал аж ахуйн хөгжлөөр 5-6 жилээр хоцорч байж магадгүй. Гэхдээ манай улс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэх нь зөв. Хамгийн гол нь байгалиас хамааралтай эрсдэлээс хамгаалах системийг бий болгох хэрэгтэй.  Түүнээс Монголын мал аж ахуй бол сайн шүү дээ.

Мөн монгол мал өвчин ихтэй байна. Эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн олон бий. Харин түүнийг хэрэгжүүлэх, бодит амьдралд нэвтрүүлэх ажил дутагдалтай байна. Үүнд улсаас анхаарах хэрэгтэй.

Малчид маань малынхаа ашиг шимээр л сайхан амьдардаг. Тэднийг томоохон аж ахуй удирдах хэмжээний чадвартай болгох нь чухал. Мал маш хямд байна. Өндөр үнэтэй болгох хэрэгтэй. Өвчин эмгэгээс сэргийлэх ажлыг малчин өөрөө шийдвэрлэж чадахгүй тул төрөөс бодлогоор дэмжих нь чухал.

-Малчдад тодорхой боловсрол хэрэгтэй юу?

-Хүн бүрт төрөлхийн ухаан гэж бий. Малчин гэдэг өв уламжилж ирсэн сайхан мэргэжил. Тиймээс боловсрол чухал гэж бодохгүй байна. Нэг машинтай хүн давхиж ирээд малыг нь хямдхан авдаг тийм системийг болиулах хэрэгтэй. Малчин хүн малаа дуртай үедээ, хүссэн үнээрээ зардаг болох хэрэгтэй.

- Энэ өндөр хөгжилтэй орны мал аж ахуйн туршлагаас Монголдоо хэрэгжүүлэх зүйл их байдаг байх?

-Япон улсын мал эрүүл байна. Мал нь эрүүл, дээр нь сайн арчилгаатай байвал өндөр ашигтай гэсэн үг. Малыг арчлах тал дээр Япончуудын бодол өөрчилөгдөж байна. Зөвхөн хашчихаад бордож тэжээнэ гэдэг ойлголтоосоо татгалзаж эхэлсэн. Яагаад гэвэл, нэгдүгээрт, малын эрүүл мэндэд муу, хоёрдугаарт, маш их хөрөнгө мөнгө зарна. Жишээлбэл, малыг бэлчээхгүй хашихаар туурай нь сунадаг. Туурай тайрах ажилбар хийхэд нэлээд хөрөнгө шаардлагатай. Мөн тэжээл, ус, хүний хөдөлмөр гээд олон зүйлийг хэмнэж, хөнгөвчилдөг. Манайх л гэхэд хээлтэй үхрээ бүгдийг нь бэлчээдэг. Ингэхэд тодорхой хэмжээний газар нутаг хэрэгтэй л дээ.

Мөн тооны араас хөөцөлдөх биш, чанар, ашиг шимд анхаарах хэрэгтэй. Мянгат малчин гэсэн өргөмжлөл чухал биш. Мал аж ахуйгаа эрхлээд зовохгүй мөнгө олдог тийм арга барилд шилжих нь чухал. Байгалиас хамааралтай эрсдэлээс хамгаалах системийг бий болгох хэрэгтэй. Одоо мэргэжлийн яам байгуулна гэж байна. Энэ их зөв. Мэргэжлийн хүмүүс л зөв бодлого гаргаж чадна. Нам солигдохоор бодлого нь солигддог. Мэргэжилтнүүд нь өөрчлөгддөг байж болохгүй. Ардын нам, ардчилсан нам ч бай эмч хүн бол эмч шүү дээ.  Үүнийг өөрчлөхгүй бол хөгжихгүй.

Мэдлэг, мэдээллийн хувьд Монголчууд сайн. Дэлхийн аль ч хөгжилтэй орны мэдлэг мэдээллийг сурч, мэдэж байна. Гэхдээ гараараа хийж чаддаггүй том дутагдалтай. Хэлдэг биш, хийдэг болох хэрэгтэй. Зөв бодлого, системийг нь бий болгочихвол Монголын залуучууд мал аж ахуйгаа хөгжүүлж  чадна.

-Фермтэй танилцаад явж байхад олон төрлийн үхэр байна. Хичнээн төрлийн үхэр үржүүлж байна вэ?

-Манайх дэлхийд махны чанараараа тэргүүлдэг вагю, амттай сүүгээрээ алдартай жайжи үүлдэрийн мах, сүүний үхрийн ферм гэдгээрээ онцлог. Түүнээс гадна ресторан, тараг, сүү, зайрмагны үйлдвэр, мал, амьтантай танилцах жижиг амьтны ферм, гүн хөлдөөсөн үр болон үр шилжүүлэн суулгах төвтэй.

 Зуны цагт амралт, зугаалгаар хүмүүс их ирнэ. Хүүхэд байхдаа харсан мал, амьтнаа ямар болсоныг нь үзэхээр том болсон хойноо ч ирнэ шүү дээ. Тэр бол манай фермийн нэг онцлог. Өнгөрсөн жилийн байдлаар ресторанаар үйлчлүүлэгчдийн тоо 23 мянга, жижиг амьтны фермтэй танилцсан хүний тоо 60 мянгад хүрсэн байна. Жижиг амьтны фермтэй танилцахаар хүмүүс их ирдэг. Олон хүн ирэхийн хэрээр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ.

- Япон улс махны чиглэлийн хар үхрээрээ алдартай. Энэ үүлдэр бий болоод хэдэн жил болж байна вэ?

- Япон хар үхэр буюу вагю нь дэлхийн номер нэг махны үхэр. Энэ үүлдэрийн үхэр 60 гаруй жилийн өмнө бий болсон. Махных нь эд хооронд өөх ордогоороо онцлогтой. Нэг килограмм мах нь 140 мянга орчим төгрөгөөр борлуулагддаг. Манайх махны үхрээ бүгдийг нь өөрийн фермдээ төрүүлж, бордоод зах зээлд нийлүүлдэг. Өөр газраас худалдаж авдаггүй. Түүгээрээ онцлогтой. Жайжи гэдэг нь хамгийн амттай сүүний үүлдэрийн үхэр.  

-Та мал аж ахуйн чиглэлээр Монголдоо ямар нэгэн зүйл хийж байна уу?

-Манай фермтэй танилцахаар энэ салбарын мэргэжилтэн, бизнесменүүд ирдэг. Мөн зарим эрдэмтэн, судлаачтай холбоо харилцаатай. Хоёр жилийн өмнө Монголд очиж, нэлээн олон малд үр суулгасан.

Нэг зүйлийг хэлэхэд манай малчид би боломжийн олон малтай. Сайхан амьдарч байна гэж боддог. Гэхдээ бүр сайхан амьдрах боломж бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм сайхан амьдралтай болгоход төрийн зөв бодлого чухал. Малчид амардаг, эмнэлэгийн чанартай тусламж үйлчилгээ авдаг байх хэрэгтэй.

Социализмын үед хоршоолол гэж байсан. Тэр малчдад их хэрэгтэй систем. Хүмүүс бие биедээ итгээд хамтран ажиллавал илүү их үр дүнд хүрч болно. Монголын мал их тэсвэрлэг, сайн мал шүү дээ. Нэг л удаа тариа хийчихвэл хурдан илааршина.

Мөн Мал эмнэлэг, үржлийн албаны дарга маш сайн мэдлэг, чадвартай хүн байх хэрэгтэй. Англи, орос, хятад, японоор ярьчихдаг байвал их зүгээр. Тийм хэмжээний боловсролтой хүн л дэлхийн түвшний хүмүүстэй ярилцаж, ойлголцож чадна. Жишээлбэл, Ховдод гарсан шүлхийг Монголд гарсан гэж ойлгож болохгүй. Монгол маш өргөн уудам газар нутагтай орон шүү. Зөвхөн энэ бүс нутагт нь л гарсан гэдгийг ойлгуулж чадах хэмжээний хүн хэрэгтэй.

-Та Японд хэдэн жил ажиллаж, амьдарч байна вэ. Энэ том фермийг эрхлэх болсон түүхээсээ хуваалцана уу?

-Японд 23 дахь жилдээ ажиллаж, амьдарч байна. ХААИС-ийг малыг эмч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ажиллаж байсан. Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцээд Обихирогийн их сургуульд суралцахаар ирсэн. Эндээ магистр, докторын зэрэг хамгаалаад нутаг буцах болоход нэгэн япон танил маань их сургуульд сурч байгаад буцахаар юу ч мэдэхгүй, хөдөө ферм дээр мэргэжлээрээ ажиллаад үз гэсэн. Ажилд шалгуулаад тэнцсэн. Тэндээ ажиллаж байгаад 12 жилийн өмнө энэ компани хар үхрийн ферм байгуулахаар болж намайг урьж ажиллуулсан юм. Ингээд л хамтран хөрөнгө оруулж, байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллаж байна.

Р.Батчимэг

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Oyungerel huvsgul
    Angiin hzdaa amjilt husii, Chamaaraa baharhaj bn, Amjilt husii,
    2016 оны 09 сарын 27