Говийн бүсийн ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх, уул уурхай болон орон нутагт дутмаг байгаа бусад мэргэжлүүдээр суралцах чин хүсэл эрмэлзэлтэй орон нутгийн чадварлаг оюутан залуусыг дэмжиж, говь нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор Саусгоби сэндс ХХК 2009 оноос хойш дээд боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аж.
МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль болон мэргэжлийн сургуулиудад суралцдаг, сургуулиа төгсөөд орон нутагтаа 4-өөс доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш дамжаанд сурлагын голч дүн нь 3.0-оос дээш үнэлгээтэй суралцаж буй Өмнөговь аймгийн Даланзадгад, Ноён, Сэврэй, Гурвантэс сумдын шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог юм байна.
Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч. Мөнхбат "2016-2017 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 16 оюутанд тэтгэлэг хүртсэн тухай батламжийг нь өнөөдөр гардуулан өглөө. 2009-2016 оны хооронд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 110 удаагийн тэтгэлэг олгоод байна" гэв.
Эх сурвалж: News.mn
Сэтгэгдэл байхгүй байна