Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй хийх ээлжит уулзалтынхаа хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Налайх дүүргийн иргэн Т.Энхсайхан зам барилгын ажилд ашиглахад тохиромжтой уулын чулуу олборлож байгаа бөгөөд үйл ажиллагааг нь бодлогоор дэмжин ажиллахыг хотын даргаас хүслээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, ашиглах талаар шинэлэг бодлого баримтлан ажиллана. Зам барилгын ажилд нийлүүлж байгаа хайргыг Туул голын сав газраас олборлож байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг зөрчиж байна.
Шувуун фабрик, Сонгино орчимд амьдардаг иргэдээс хайрга, дайрганы үйлдвэрлэлийг зогсоох, цэгцлэх хүсэлт ихээр ирүүлдэг. Тиймээс нийслэлийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, нийлүүлэх тал дээр шинэ бодлого боловсруулж ажиллана. Тодруулбал, хотын зам, барилгын ажилд шаардагдах хайрга, дайргын хэрэгцээг голын хайргаар биш уулын дайргаар хангадаг байхаар шийдвэрлэнэ” гээд түүний үйл дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Иргэд амьдралын нөхцөл боломж тааруу, хүндхэн орчинд амьдарч байгаагаа хэлээд, хямд үнэтэй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцанд хамруулах журмыг шинэчлэн боловсруулж байгааг танилцуулаад, шинэ журмын төсөлд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог байхаар тусгасан. НИТХ-аас журмыг шинэчлэн батална” гэв.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллахаар тусгасан. Зайлшгүй төрийн халамж хэрэгтэй байгаа ийм иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийддэг, түрээсийн орон сууцаар хангадаг байх нь хотын даргын үүрэг” гээд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хямд үнээр түрээслэх зориулалттай 300 айлын орон сууц байгаа ч сул байр одоогоор байхгүй байна. Тиймээс боломжит бүх нөхцөлийг судлаад Та бүхэнд эргээд хариу хэлье” гэв.
Мөн цаашид ТОСК, НОСК-ийн үйл ажиллагаанд тулгуурлан түрээсийн орон сууцны тоог нэмэх бодлого барин ажиллана гэдгээ ч хотын дарга энэ үеэр хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна