“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга асан О.Магнай Засгийн газрын 100 хоногийг угтуулан, хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга асан О.Магнай “Засгийн газрын 100 онцлох үйл явдалд сайн сайхныг танилцуулдаг хэдий ч харамсалтай нь өнөөдөр сайн сайхан зүйл алга.
Засгийн газрыг удирдах баг бүрдүүлэлтэд цэвэр ах дүү, амраг садангууд цуглаж байна.
Бидний судалгаагаар удирдах албан тушаалд томилогдсон нийт албан тушаалтны 70 орчим хувь нь УИХ-ын гишүүд болон МАН-ын дарга нартай ямарваа нэг садан төрлийн холбоотой байгаа нь харагдлаа.
Энэ бол жирийн ард иргэдэд өсч дэвжих, албан тушаал ахих боломж ирэх дөрвөн жилд байхгүй гэдгийг харуулж байна. Бид Засгийн газрын хуралдаан бүрийн тэмдэглэлүүдтэй танилцсан. Яг одоо ийм ажил хийлээ гэсэн зүйл болоогүй. Нэг удаагийн Засгийн газрын хуралдаан дээр дунджаар 2-3 ажлыг зогсоосон гэсэн судалгаа гарч байна. 100 хоногийн дотор бүх зүйл сайхан болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Гэхдээ 100 хоногийн дотор зөв зүг чигийг чиглүүлж болдог уу гэвэл болдог.
Монголын ард түмэн ч гэсэн үүнийг хүлээж байсан байх. Харамсалтай нь, ийм зүйл болсонгүй. Хамгийн сүүлд албан тушаалтны гэмт хэрэг, авлига гэдэг шүдний өвчин болсон зүйлийг арилгахын тулд яаж тэмцэх талаар ямар ч бичиг баримт гарсангүй" гэв.
О.Магнайгийн хэвлэлийнхэнд мэдээлсэн томилгоонуудыг хүргэж байна.
- УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогдов.
- УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын төрөл садан А.Ундраа УИХ-ын гишүүн болов.
- УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатийн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын даргаар томилогдов.
- МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нь Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдов.
- МАН-ын дарга асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдов.
- Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар томилогдов.
- Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн ахын хүү Г.Гантулга Зам тээврийн яамны газрын даргаар томилогдов.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын даргаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдов.
- И.Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдов
- УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын даргаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн дүү Д.Баярсайхан нь Төрийн банкны захиралаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран нь Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дэд даргаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн нь Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдов.
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн дүү Б.Эрхэмзаяа нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирлаар томилогдов.
- УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Г.Мөнхбаяр нь Барилга хот байгуулалтын сайдаар томилогдов.
- УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Л.Бямбасүрэн нь Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдов.
- МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдов.
- МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдов.
- Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогтын туслах З.Мэндсайхан нь Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдов.
- Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин Ариунзаяа Үндэсний Статистикийн Газрын даргаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан нь Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн “МАК” компаний дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа нь Хөдөлмөр, халамж үйлчилгэний ерөнхий газрын даргаар томилогдов.
- Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар томилогдов.
- Морин спорт уяачдын холбооны гишүүн, манлай уяач Даваахүүгийн хүү Д.Баянбат нь нийслэлийн хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдов.
- Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдов.
- Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Ц.Баянжаргал Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын даргаар томилогдов.
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар томилогдов.
- МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер сэтгүүлч Б.Баярсайхан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бол, түүний нөхөр МАН-ын сонгуулийн сурталчилгааны менөжөр П.Баярмагнай Гадаад Харилцааны Яамны газрын даргаар томилогдов.
Тэрээр “Эрдэнэт” үлйдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар сонгуулийн дараа ахин мэдэгдэл хийнэ гэдгээ энэ үеэр сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна