• Эхлэл
  • 75 оюутанд тэтгэлэг олгожээ

75 оюутанд тэтгэлэг олгожээ

2016/10/11

Бүгд Найрамдах Турк Улсын Хилийн чанад дахь туркууд, ах дүү нийгэмлэгүүдийн газрын ивээл дор 2016-2017 оны хичээлийн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа.

Дэлхийн 170 гаруй орноос 92,780 хүсэлт ирснээс 4,000 оюутан энэхүү тэтгэлгийг авах эрхтэй болжээ.

Энэ хүрээнд бакалаврт 30, магистрантурт 33, докторантурт 12, нийт 75 монгол оюутан Туркийн Засгийн газрын тэтгэлгээр сурах аж. Өнөөдрийг хүртэл тэднээс 65 нь бүртгэлээ хийлгээд байна.

Одоогоор Турк Улсын Их, дээд сургуулиудад 170 гаруй орны 50 мянга орчим гадаад оюутан суралцаж байна. Энэхүү тэтгэлэг нь 2012 оноос хойш Туркийн тэтгэлэг нэрээр нэгдсэн зохион байгуулалтад орсон бөгөөд сурлагын амжилтаар тодорхой босгыг давсан оюутнууд цахим орчинд шууд хүсэлт явуулан, улмаар тэтгэлгийн хүсэлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг ярилцлагын шалгалтаар эцэслэн шийдвэрлэдэг байна.

Туркийн тэтгэлэгт хоёр талын онгоцны тийз, сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн даатгал, 1 жилийн турк хэлний бэлтгэл, оюутны стипенд болон зуны хугацаанд дадлага хийх боломж багтдаг байна.

Монгол Улсад энэ жил байгуулагдсан Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг - АТА ТББ-ын хамт олон Турк Улсад тэтгэлгээр дээд боловсрол эзэмшихээр явах гэж буй залуустай уулзлаа. Энэ хүрээнд АТА ТББ-ын удирдлагууд болон өмнөх жилүүдэд Турк Улсад Их, дээд сургуульд суралцаж төгссөн залуучууд Турк Улс болон Турк Улсад дээд боловсрол эзэмших тухай мэдээлэл өглөө.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөз өөрийн Өргөөнд зохион байгуулагдсан уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ Туркийн тэтгэлгээр суралцахаар болсон 75 оюутнаас гадна Турк-Ойрхи дорнодын төрийн удирдлагын хүрээлэн болон Монгол Улсын ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн хамтын ажиллагааны хүрээнд 2 судлаач, Туркийн “Сосяал-Бэн” НҮТББ-ын туслалцаатайгаар 1 оюутныг Турк Улсад илгээж байгааг дурдаад, мөн Хойд Киприйн БНТУ-ын Их, дээд сургуулиудад 7 оюутан суралцах эрхтэй болсоныг тэмдэглэж хэлээд, энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулж буй Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг – АТА ТББ-ын хамт олонд талархсанаа илэрхийллээ.

Арга хэмжээний дараагаар Элчин сайд Мурат Карагөз ирсэн зочдод босоо хүлээн авалт зохион байгууллаа.

Эх сурвалж: Монгол Улс дахь Туркийн Элчин сайдын яам


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин