Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
Үүнтэй холбогдуулан охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн II чуулганы талаар мэдээлэл хийлээ.
Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.
Аравдугаар сарын 11-ний энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.
Үүнтэй холбоотойгоор өсвөр насны охидыг хүчирхэгжүүлэх, охидын эрхийн хөдөлгөөн дэх тэдний утга учиртай оролцоог хангах замаар нийгэм дэх охидын эрхийг хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготой “Биднийг сонс” охидын хоёрдугаар чуулган болох гэж байна.
Тус чуулганд зорилтот бүлгийн 80 гаруй охид оролцохоос гадна, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд зэрэг нийтдээ 200 гаруй охид оролцож өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдэх юм байна. Чуулган аравдугаар сарын 14-ний 09:00-17:00 цагийн хооронд “Танан” төвд зохион байгуулагдах аж.
Сэтгэгдэл байхгүй байна