Багануурын уурхай шинэ ТЭЗҮ-ээ хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл дэлхийгээс хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад санал тавих уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Өнгөрсөн хоёр жилд Багануурын уурхайн ордод геологийн нэмэлт хайгуул хийж, нөөцийг 274 сая тонноор нэмэгдүүлж, уурхайн нийт нөөцийг 812 сая тонн болгож, Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ. Жилдээ 10 сая тонн нүүрс олборлоно гэж үзвэл 60 орчим жил тасралтгүй ажиллана гэсэн тооцоог мэргэжлийнхэн гаргажээ.
Энэ уурхай нь Монгол Улсын хамгийн том нүүрсний уурхай бөгөөд дотоодын нийт хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг. Тус ордын анхны ТЭЗҮ-г 40 орчим жилийн өмнө ЗХУ-ын Гипрошахтын институт хийж байсан бол хоёр дахь ТЭЗҮ-г Австралийн Ранга Пинкок Минарко, Монголын компанийн хамтарсан консорциум боловсруулжээ. Багануурын уурхайг өргөтгөн шинэчлэх, нөөцийг нэмэгдүүлэх, ажиллах хугацааг уртасгах асуудал маш чухал ач холбогдолтой. Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, мөн цахилгаан станцуудын шинэ эх үүсвэрийг барих тухай ярьж, тодорхой алхмууд хийж байгаа энэ үед тус уурхайн нөөц 274 сая тонноор нэмэгдэж, уурхай цаашид 60 орчим жил ажиллах юм. Уурхайн ТЭЗҮ-г олон улсын стандартын дагуу хийж, санхүүгийн тайландаа дэлхийд нэртэй байгууллагаар аудит хийлгэв. Ингэснээр уурхайн өргөтгөл шинэчлэлийн хөрөнгө оруулалтын саналыг олон улсад тавих нөхцөл бүрдэж байгаа юм.
“Бид гэрийн даалгавраа хийж дууслаа. Одоо “Эрдэнэс Монгол” компани хөрөнгө босгох ажлыг хийх л үлдэж байна” гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан ярьж байна. Баримт бичиг хүлээлгэн өгөх арга хэмжээ Багануурын уурхайд болж, “гэрийн даалгавар”-ыг амжилттай хийхэд туслалцаа үзүүлсэн Дэлхийн банк, уурхайн хамт олонд болон хайгуул хийж, ТЭЗҮ-г боловсруулсан гадаад, дотоодын компаниудад Багануур ХК-ий гүйцэтгэх захирал М.Отгонбаяр талархснаа илэрхийлсэн.
Шинэ ТЭЗҮ-ээр уурхайн өргөтгөлийн ажилд 160 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолжээ. Дэлхийн зах зээлээс энэхүү мөнгийг ирэх таван жилд босгох бөгөөд уурхайн найдвартай ажиллагааг 60 жилээр уртасгаж буй тухай Б.Бямбасайхан захирал онцолсон. Уурхай нь өнөөдөр жилдээ 3,8 сая тонн нүүрс олборлож байгаа. Өргөтгөл, шинэчлэлийн ажил дууссаны дараа жилдээ 10 сая тонн хүртэл нүүрс олборлох хүчин чадалтай болох юм.
Жич: Багануур дүүрэг 30-аад мянган хүн амтай. Хүн амын дийлэнх нь уурхайгаас хамааралтай амьдардаг. Багануурын уурхай одоогоор 1000 гаруй ажилтантай. Уурхайн өргөтгөл хийгдсэний дараа 300 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ.
Эх сурвалж: Mining&Money сэтгүүл
Сэтгэгдэл байхгүй байна