• Эхлэл
  • С.Мөнгөнсар: Ганц дайчин ганцаардаагүй ээ, иргэдийнхээ итгэлээр ихийг бүтээсэн

С.Мөнгөнсар: Ганц дайчин ганцаардаагүй ээ, иргэдийнхээ итгэлээр ихийг бүтээсэн

2016/10/13

Чингэлтэй дүүргийн 2-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Мөнгөнсарын ярилцлагыг хүргэж байна.

Төрсөн газар нь албан ёсоор Төв аймгийн Зуунмод гэж бичигддэг ч С.Мөнгөнсар Чингэлтэй дүүрэг тухайн үеийн Сүхбаатарын районы унаган иргэн. Бага насаа 50 мянгатад өнгөрөөж, МҮЭ- ийн хоёрдугаар  цэцэрлэгт хүмүүжиж, Баруун дөрвөн зам, Гандан уруудсан замаар 60-ын дугуйтай уралдаж, дунд сургуулиа төгссөн, одоо ч энэ л  газартаа ажиллаж амьдарч байгаагийн хувьд түүний бүхий л амьдрал энэ дүүрэгтэй салшгүй холбоотой. 11 дугээр дунд сургуулийн нэгдүгээр ангид Дулмаа багшийнхаа гараас хөтлөн орж байсан балчир охин, наймдугаар ангиа Өлзий багшийн зарчимч, хатуу гараар хүмүүжиж төгссөн аж. Улмаар арван жилийн 6 дугаар дунд сургуульд аравдугаар ангиа амжилттай төгссөн түүний үеийнхэн өдгөө салбар бүрт амжилттай ажиллаж, цөөнгүй нь төрсөн дүүрэгтээ амьдарч буй. Таван хүүхэдтэй айлын том о хин Мөнгөнсар тухайн үеийнхээ хамгийн шилдэг сургууль болох МУИС-ийн Монгол хэлний ангид 32 хүүхэдтэй өрсөлдсөнөөс нэгдүгээрт шалгарч элсэн орж байжээ.

    Багаасаа уран хөдөлгөөнт гимнастик, хөнгөн атлетикаар хичээллэн, гандбол, урт бууны зэрэгтэй, Их сургуулийнхаа шинэ жилээр тайзан дээр гитар бариад дуулчихдаг, сагс, волейбол, урлагийн үзлэгт ч, аэрoбект ч идэвхтэй оролцон тэргүүлж явдаг,  МУИС-ийн  45 жилийн ойн тоглолтон дээр монгол, молдав ардын бүжиг бүжиглээд гүйж явсан охин Их сургуулийн 5 дугаар курсийн оюутан байхдаа ардчилсан хувьсгалтай холбогдсон түүхтэй. Энэ талаар бид яриагаа эхлэв.


-МУИС-ийн хэл шинжлэлийн суу билэгт эрдэмтэн  Чой.Лувсанжав, С.Лувсанвандан, Ш.Чоймаа багшаас эхлээд 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн С.Нарангэрэл, Н.Жанцан гээд олон сайхан багш нарын эрдэм оюуны их далайгаас ундаалан төгссөндөө баярлаж явдаг.1989 онд тавдугаар курст суралцаж байхад, ардчиллын “Алтан хараацай” Санжаасүрэнгийн Зориг агсан Улс төр, эдийн засгийн ухааны хичээлийг зааж байлаа. С.Зориг багш бидэнд улс төр, эдийн засаг гэж юу болох, Монгол Улсад нийгэм яагаад өөрчлөгдөх шаардлагатай байгааг, Орос орон ба дэлхий нийтэд  ардчилал хэрхэн давалгаалж байгааг ойлгуулсан. Энэ үед Монголын Ардчилсан Холбоо, түүний анхны салбар зөвлөлүүд байгуулагдаж байсны нэг нь манай Монгол хэлний тавдугаар курс салбар зөвлөл байв. Тэр үед МУИС болон Анагаахын дээдийн оюутнууд  хамгийн түрүүнд ардчилсан хөдөлгөөнд оролцсон юм. 
    Энэ үеэс л зүрх сэтгэл минь зүү орох зайгүйгээр ардчиллыг ойлгосон, одоо хаа ч, хэзээ ч ардчиллын зарчмыг баримталж явдаг. Энэ агуу орон зай, Монгол хүний төлөө, Монгол нутгаа хайрлахын төлөө хар багаасаа цохилж байсан  зүрх сэтгэлийн дөлийг 20 гаруйхан настай оюутан байхад минь С.Зориг багш улам лавшруулж өгсөн юм. Ажиллаж байгаа салбартаа, амьдарч байгаа газартаа энэ ухагдахууныг хүмүүст ойлгуулж явдаг. Эрх чөлөөгөө бүү хаалга, нутаг усаа  бусдын эрх мэдэлд бүү өг, бүү ухуул, өөрийн нутаг орон, амьдарч байгаа орчныхоо төлөө, өөрийнхөө, өрөөлийн, үр хүүхдийнхээ төлөө дугарч чаддаг, хамгаалж чаддаг байгаарай гэж дандаа уриалдаг.
    Ардчилсан хөдөлгөөний анхны салхи сэвэлзсэн тэр өдрүүдэд оюутнууд хөдөлгөгч хүч болж байсныг өнөө ч түүхэнд тэмдэглэсэн байдаг. Ямар ч өмчтэй байж болохгүй тэр социалист, хаалттай нийгмийн үед ажлаасаа халагдах айдсаас эхлээд нэг байгууллагаас сайндаа л 3-4 хүн цуглаанд оролцож чадаж байхад С.Зориг агсны оюутнууд 1989 оны арванхоёрдугаар сарын идэр есийн хүйтэн тачигнасан тэр л өдрүүдэд ангиараа жагсаал цуглаанд оролцож байв. Хүч мөхөсдөх нь үү гэмээр байсан тэр үед, Драмын театрыг ороогоод оюутнууд ангиараа алхаж орж ирэхэд өөрийн эрхгүй бахархаж, хүч орж байсан гэж өдгөө ч ардчиллын анхдагчид ярьдаг. 

   “Энэ урсгалыг С.Зориг багш зоригтой удирдаж чадсан. Энэ хүнээр хичээл заалгахдаа эх орон хөгжиж, нийгэм өөрчлөгдөх ёстой  байдаг юм байна, эрх, эрх чөлөө гэдэг чинь агуу том юм байна гэдгийг би мэдэж авсан. Багш дандаа Монгол хамгийн сайхан орон гэдэг байв.” гэж С.Мөнгөнсар ярьж байна.

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан О.Мөнгөнсарыг иргэд нь “ганц дайчин” гэж байсан гэдэг. Чингэлтэй дүүргийн ИТХ-д өнгөрсөн дөрвөн жилд МАН олонх байсан. Гэвч ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн иргэдийнхээ итгэлээр, дэмжлэгээр олон асуудлуудыг шийдэж чадсан. 2012 оноос урьд Нийслэлд 20 гаруй жил МАН дангаар удирдсаны хувьд хийж бүтээх олон боломж байсныг тэрээр шүүмжилдэг, цаашид ч хийх зүйл их бий гэж тэрээр онцоллоо. 

-Та хэзээнээс улс төрд түлхүү орчихов?


-1998 оны 10 сарын тэр нэг хар өдөр талбай дээр багшдаа эмгэнэл илэрхийлэх гээд иртэл  1989,90, 91 онд МУИС-д сурч байсан олон төгсөгчид тал талаасаа өөрсдөө хүрээд ирсэн байв. Бүгд багшаа хүндэлдэг, хайрладаг байсан. С.Зориг багшийн 90 минутны лекц есхэн минут л болсон юм шиг л санагддаг байв. Цуглааны үед талбай дээрх хүмүүсийг багш, дэмжиж байгаа нь суугаарай гэхэд л шахцалдан зогссон тэр их хүн арагш долгиолоод л сууцгааж билээ. 


Тэр нэг өдрийн эмгэнэл, энэ хүн төрд байсан бол гэдэг харамсал одоо  хүртэл цээж хөндүүрлүүлдэг. Энэ өдөр маш олон хүн Ардчилсан намд элссэн, би ч элссэн. Үүнээс хойш 2008 оны сонгуулийн дараа 5 залууг амь насыг хороож, танкаар айлган, нийгэм даяар эрх чөлөөг хазаарлахыг оролдох үед өөрийн эрхгүй нөгөө тэмцэгч зан оволзоод, энэ үеэс л намын ажилд түлхүү оролцоод эхэлсэн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тугаа хадаад л, орой нь цонхоо хагалуулаад л, ерөнхийлөгчийн зургийг хадсан машинаа хадаасаар сэглүүлээд л, АН-ын гишүүдийн дэлгүүр гээд л үндэслэлгүй зүйлээр гүтгүүлээд л өөр олон ч юм болж байсан даа. Тэр бүгдэд шантраа ч үгүй. Ингэх тусам улс төрийг улам л зарчимтай байлгамаар, үзэл бодлоосоо болоод   хавчигдаад байхыг хүсээгүй ороод эхэлсэн.


-Таны тэмцэгч чанар одоо ч ил харагддаг. Тэмцлийн үр дүн хэр байна? 


-Дөрвөн жил төлөөлөгчөөр ажиллахдаа тэмцэгч зангаар нэлээд зүйлийг иргэддээ ойлгуулж өөрчилсөн. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн 2 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан 5 настай жаахан охин  нагац эгчээ гэнэт л дагаад хөдөө явж билээ. Тэнд  би дөрвөн улирлын, дөрвөн өөр араншинг  таньж мэдэн, мал төллөх үеэр үстэй дээлээ ч тайлах завгүй шөнөжин нялх төлөө оруулж ирж буй ажилсаг нагац, түүний ханийн хөдөлмөрч занг мэдэрч, зуны сайхан нартай, бороотой өдөр худаг дээр эрвээхэй хөөн тоглохын, намар ах нар морио унаад сургуульдаа явахад, уул тал шаргалтан, гэрийн яндан нэг л гунигтай дуугарахын, өвөлжөөн дэхь өвс, аргалын утаа, бууцны үнэр, цасан цагаан тал, хайртай нагацдаа дээл урлан суухад нь цогтой индүүг нь савлуулан халааж өгдөг байснаа, хөлдүү сүү долоон, хэлээ наан уйлж нагацаараа аргадуулахын жаргал, насан туршид минь мартагдахгүйгээр зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм.  Энд л алсад хөхрөх хөх уулсыг бишрэн, ногооны униарыг мэдэрч, ус булгийг, ургамал ногоог хайрлаж сурсан даа... Энэ үед л миний эх орноо хайрлах ухааны суурь тавигдсан.  Арван жилдээ ч, С.Зориг багшийн үеэс ч, би юу хийх ёстой вэ? Энэ ертөнцөд яах гэж ирсэн бэ? Хэний төлөө үгээ хэлж байх ёстой, зөвхөн өөрийнхөө төлөө, үр хүүхэд гэр бүлээсээ хазайхгүй байх ёстой юуг ойлгодог байсан, асуудалд зарчимтай хандаж, өөрчлөхийн төлөө байдаг зан маань хэзээ ч “засрахгүй” юм шиг байгаа юм. Яг энэ зангаараа дүүрэгт ороод, анхны чуулганаас эхлээд иргэдийнхээ төлөө явлаа. Би дүүргийнхээ иргэдийг төлөөлж байгаагийн хувьд сургууль, цэцэрлэггүй өсөж буй хүүхдийн эрхээс эхлээд, хорооны удирдлагууд хүртэл нийлээд нэг хүний өмч болгох шахсан газрыг тэмцэж байж, нийт 200 өрхийн  1000 шахам иргэний дундын өмчлөлд нь үлдээлгэж, тэдэнд зориулж амарч тухлах талбайг нь тохижуулж, намайг итгэж сонгосных нь хувьд тэр ажлыг хийж чадсан. Учир нь энэ бол миний аав ээжийн бүтээн босголцож явсан хот, тэр дундаа амьдарч байсан хороо нь юм.


-Цэцэрлэггүй хорооныхоо цэцэрлэгийн асуудлаар нилээд хөөцөлдсөн байх аа. Одоо ямархуу байдалтай байгаа вэ?  Таны төрөлх хоёрдугаар цэцэрлэг билүү? 


-11 дүгээр сургуулийн зүүн талын 1 дүгээр цэцэрлэг өдий хүртэл цэцэрлэгийн зориулалтаараа ажиллаад байхад, яг адилхан насжилттай МҮЭ-ийн харъяа 2 дугаар цэцэрлэг  яагаад эртнээс албан газруудын түрээсийн газар болов гэдгийг олон иргэд ярьж хэлдэг учир анхны чуулганаас эхлээд л хороогоо цэцэрлэгтэй болгох гэж зорьж,  хорооны хүүхдүүдийг ямар нэгэн цэцэрлэгт хамруулах талаар асуудал тавин хөндөж эхэлсэн. Туул эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэг, Аюургүн эрхлэгчтэй 2 дугаар цэцэрлэгийн үүх түүхийг сайн мэдээд байгаагийн учир нь 40 жил тасралтгүйгээр экскаватор барьж олон олон сургууль, цэцэрлэг, 4 районы хүүхдийн эмнэлэг,Эх нялхасын эрүүл мэндийн төвөөс эхлээд 40, 50 мянгатын бүтээн байгуулалтанд оролцож явсан сайхан аав минь энэ 2 цэцэрлэгийн зүлэгний хар шороог жил болгон буулган өгч зүлэгжүүлэн, 1 дүгээр цэцэрлэгийн арын талбайд бяцхан усан оргилуурыг хийж өгч тохижуулж байв. Тиймээс цэцэрлэгийг баар болгон түрээсэлсэнд хорооны иргэдийн зүгээс асуудал тавьснаар 200 гаран өрхүүдээр явж уулзан, тэдний хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, Л.Гантөмөр, Нийслэлийн удирдлагууд, боловсролын газарт уламжлан,  хэвлэл мэдээлэлд хандсанаар, олон сайт, телевизүүд цааш түгээн, олны анхаарлын төвд оруулсан. Мөн МҮЭ-ийн удирдлагуудтай эцэг эхийн төлөөллийн хамт олон удаа уулзаж, цэцэрлэгийн байрны газар дээр орон сууц болон оффис бариулахгүй байхыг хүсэж, төсөв мөнгөгүй бол улсад энэ хөрөнгө, газрыг шилжүүлээд төсвийн хөрөнгөөр  цэцэрлэг барих асуудлыг ч  хөндлөө. Ингэж  олон удаа шаардсаны хүчинд энд баар, ресторан, оффис бус МҮЭ өөрсдөө хөрөнгөө шийдэж чадвал цэцэрлэгтэй болох том алхам тавигдсан. Ийм хариугаа ч албан ёсоор өгсөн. Ганц ч цэцэрлэггүй хороо шүү дээ, манайх. Уг нь бол МҮЭ энэ газар байрны талыг ч гэсэн Монголынхоо үр хүүхдэд зориуд бэлэглэчихэд илүүдэхгүй л юм байгаа юм. Тэгвэл улсын төсвөөс цэцэрлэгийн төсөв тавигдаж, манай хороо цэцэрлэгтэй болж, олон эцэг эх, хүүхэд багачууд баярлах болно.


-Ганц ч цэцэрлэг байхгүй гэж үү?


-Дээр хэлсэн хоёрдугаар цэцэрлэг хаагдсан гэж. Манай хороо хотын төвийн А зэрэглэлийн газар болохоор цэцэрлэг сургууль барих газар байхгүй. Аль хэдийнээ   байшингууд болсон. Нэгэнт шинээр өөрсдийн харьяаны цэцэрлэг барих газаргүй болохоор  Нийслэлийн боловсролын газрын даргад хандсанаар 5,9,33 дугаар цэцэрлэгт хорооны хүүхдүүдээ бага ч болтугай хамруулахаар болж, манай хорооны цэцэрлэгт хамрагдаагүй  236 хүүхдийн 145 нь цэцэрлэгт хамрагдсан. Дүүргийн хэмжээний халамжийн буюу 24 цагийн 70-р цэцэрлэг гэж бий. Гэхдээ 24 цагийнх учраас хорооны хүүхдүүдээс маш бага хамрагддаг. Удаа дараа 70 дугаар цэцэрлэгт өргөтгөл хийх талаар асуудал оруулсан.  Нийслэлийн хөрөнгөөр засвар хийлээ. Өргөтгөл хийж чадвал хоёр бүлэг ч болтугай нэмж, нэлээд хүүхэд хамрагдах боломжтой, одоогоор энэ цэцэрлэгтээ нэмэлт бүлгийн байр бариулах асуудлыг Тамгын газартаа санал болгон оруулсан Хийгдэхээр төлөвлөгдөж байгаа.


-Тохижилтын хувьд бас нэлээд ажлууд хийсэн байх аа?


-Хийе гэсэн сэтгэл байвал аливааг бүтээж болно шүү. Хамгийн анхны ОНХС-ийн хөрөнгөөр хийлгэсэн ажил минь 50,000-ын 23, 25 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай. 2012 оны сонгуулиар нэр дэвшээд явж байхад энэ хэсгийн газар, багад минь гулгаж байсан төмөр гулгууртай, бараг тохижилтгүй хэвээрээ байсан. Дээр нь  арваад жилийн өмнө ашиглалтанд орсон Монхаус-33 , 19-ийн а,б гээд байрууд ямар ч тоглоомын талбайгүй, бүүр гэрэлтүүлэг ч байхгүй байв. Ингээд дотроо санаж байгаад, төлөөлөгч болонгуутаа л иргэдийнх нь хүсэлтийн дагуу, энэ хэдэн байрны хүүхэд, хөгшид тал талаасаа ирээд тоглож, тухлаасай гээд ОНХС-ийн хөрөнгөөр  61.4 сая төгрөгний анхны тохижилтыг хийлээ. 40,000-ын 21, БХ-30, БЗИ-ын 25, ХАА-30 байрны дундах тоглоомын талбайг ОНХС-ийн 96 сая  төгрөгөөр иргэдийн хүсэлтээр тохижуулав. Өнгөрсөн 2 жилийн турш  БХ-30 СӨХ-ны гүйцэтгэл захирал Отгон, тэдний оршин суугчид, тэр дундаа 19 а,б байрны балчир үрсийн хүсэлтийн дагуу/ хүүхдүүдийн өөрсдийн гарын үсэгтэй/ 20 сая төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбайг шинээр тохижууллаа.Үүнийг өөрийнхөө хорооны иргэдийн бүлгээр хийлгэв. Мөн 19-ийн а,б, Хаус-33-ын байруудаа гэрэлтүүлэгтэй болголоо. Хаус-33 хоёр байрны хүүхдийн тоглоомын талбай нь тохижиж эхэллээ. Хэдийгээр төсөв боломжгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөнөөс тусад нь дүүргийн татварын давсан орлогооос 100 сая төгрөг тавиулаад, иргэд тухалж, хүүхдүүд тоглох талбайг тохижууллаа. Энэ талбайгаа гражгүйгээр тохижуулах хүсэлтээ тухайн 40,000-ын 21,22,23, Тх-30 байрны 70 гаруй иргэд 2014 оны санал асуулган дээр албан ёсоор өгснийг хорооноос зориуд орхигдуулсан байв. Үүнийг дахин хянаад баримтжуулж, төсөв тавиулан ЧД-ийн ИТХ-ын чуулганаараа батлуулсан билээ. /Дээрх зарим нэг тоглоомын талбай иргэн болон ААН-д олгогдсон байсныг  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгосон./ Хорооны дээврийн хүндрэлтэй асуудлаас болоод өрхийн эмнэлгийн эмч сувилагч нар маань хүнд нөхцөлд ажиллаж байсныг нь дүүрэгтээ уламжилж дээвэр, дотоод засвар болон хороо, цагдаагийн хэлтсийнхээ шаардлагатай засваруудыг 2015 онд нэмэлт санхүүжилтээр хийлгэв. 28 дугаар байрны фасад, 27 дугаар байрны дээврийн засварыг хийлгэлээ. СЯ-20, Х-20 байрны олон айлууд 3-6 жил халаалтгүй байсныг шийдэж өглөө. Энэ бүрийд “Орон нутгийн хөгжлийн сан”-аас илүү хөрөнгө мөнгө хороондоо яаж тавиулах вэ? гэж сэтгэж, зүтгэж байв. Улмаар 22 дугаар байрны зүүн талын хүн явахад хэцүү  зам, мөн хорооны нийт явган хүний замуудыг, хүүхэд ихтэй орчинд хурдны хязгаарлалт буюу “хэвтээ цагдаа” тавиулах, ногоон байгууламжаа хамгаалж авч үлдэхийг хүссэн иргэдийн талд асуудлыг нь шийдүүлэх гээд олон ажлыг хийлээ. Энэ болгонд заавал иргэдтэйгээ уулзаж саналыг нь баталгаажуулдаг байв. Ер нь энэ 4 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1000 шахам иргэнтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсож, асуудлыг нь шийдүүлсэн шүү. 


-Та сая эсэргүүцэлтэй тулгарч байсан гэлээ. 2012 онд АН Нийслэлд ялсан боловч цөөхөн дүүрэгт МАН давамгайлсан. Цөөнх байх мэдээж хэцүү биз дээ?


-Сөрөг хүчин байх хэцүү биш ээ. Харин маш том хариуцлага. Чингэлтэй дүүрэгт 11-үүлхнээ ч 160,000 шахам иргэний төлөө бид яах гэж сонгогдсон юм гэдгээ л ухамсарлаж, хариуцлагатай ажиллаж чадсан. Дүүрэгт ч, хороонд ч МАН олонх. Өмнө нь 20 гаруй жил МАН засаг барьчихсан хороонд, анх удаа АН-аас, тэгээд  эмэгтэй төлөөлөгч гараад ирдэг. Дээр нь Шууд ардчиллыг хэрэгжүүлэх төрийн бодлого явагдаж эхэлсэн. Энэ нь иргэдээсээ асууж, тэднээр шийдүүлдэг , хянуулдаг болгох алхам байв. Гол нь төвлөрлийг сааруулах бодлого юм. Учир нь дарга мэддэг биш, төсөв ил тод болоод иргэд өөрсдөө орон нутгаа мэддэг, өөрөөр хэлбэл бүгдийг дээр биш, амьдарч буй орчиндоо иргэд өөрсдөө л шийддэг байх боломжийг АН хэрэгжүүлж эхэлж байсан юм. Төлөөлөгчийн эрх үүргийн дагуу хорооноосоо эхлээд төр, засаг, нийслэлээс гарч буй бодлого шийдвэрийг зөв ойлгуулж, хэрэгжүүлэх гэнгүүт нөгөө л дарга мэддэг хуучин барилаа тавихыг хүсэхгүй утга учиргүй, зүгээр л намынхаа харъяалалаар, дарга нь эсэргүүцэнгүүт цэрэг нь болж байгаа нь хүртэл эсэргүүцдэг байлаа. Нийслэлийн зүгээс ийм том ажил хийгдэх гэж байна гэж яриад эхлэхэд хэдхэн хүмүүс үймүүлдэг байв. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу, эрх барьж байгаа нам нийслэлийн бодлогоо тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Харь гаригийн ямар ч мөрийн хөтөлбөр байхгүй. Тэр хороо, дүүрэгт ямар ч нам гарсан зөвхөн иргэний төлөө үндсэн хуулиндаа захирагдсан, хүний эрхийг дээдэлсэн, хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажил явах ёстой. Үүнийг ярьж ойлгуулах гэхээр нөгөө эрх мэдлээ алдахгүй гэсэн хорооны удирдлагын саадтай тулгарч байлаа. Тэр үед нь “Та нар намайг яриулдаггүй юм бол надад гар, хөл, ам байна. Би иргэддээ яръя” гээд ихэнх иргэдээ таньж мэддэгийн хувьд уулзаж ярьсаар байгаад иргэд “Орон нутгийн хөгжлийн сан”-аар юуг хийлгэх үү, яаж саналаа өгөх вэ гэдгийг маш сайн ойлгож саналаа өгдөг болсон. Энд л гэж хэлэхэд ”Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг л” шүү дээ. Мөн өөрсдийн дундын өмч болсон газраа бусдад зүгээр өгөхгүй байх, дахин төлөвлөлт ойртож байгаа энэ үед амьдарч буй байраа хааш нь ч өргөн болгоод, нар туссан саруул сайхан өрөөтэй байртай болохын тулд эргэн тойрны газраа бүү алд гэх мэтээс эхлээд олон зүйлийг ойлгуулж, иргэдтэйгээ хамтран газрыг нь хамгаалж өгч чадсан шүү. Өмнө нь тэр болгон иргэдийн эрх ашгийг хамгаалж, иргэдийн талд шийдэгдэх нь ховор байсан (хамаг газар дээр нь албан газар, орон сууц баригдсан ) энэ хороондоо анх удаа АН-аас гарсан төлөөлөгч. Тэр  бүрд  ганц дайчин болж явлаа. Асуудал  болгонд иргэд минь намайг улам тойрч хүрээлэн, дэмжиж байсан. Ганц хоёр хүмүүсийн саад байсан ч хорооны  иргэд таньдаг учраас ойлгодог, дэмждэг, асуудлаа шийдүүлэх гэж ханддаг байлаа. Нэг удаа дөнгөж сургууль төгсчихөөд тав дугаар ангиас нь  дааж байсан шавь минь залгаад "Багшаа та орой үдэш ч гэсэн ганцаараа иргэдтэйгээ уулзаад явж байдаг дуулдаж байна. Намайг хааяа дагуулаад явж байгаарай" гэхэд нь шавьдаа баярласандаа өөрийн эрхгүй нулимс минь урсаад байж  билээ.


-Чингэлтэй дүүргийн хувьд, тухайлбал танай хорооны хувьд өнгөрсөн дөрвөн жил харьцангуй ахиц дэвшилттэй байгаа гэж дүгнэж болох уу? 


-Амьдарч буй орчин тань хэрхэн өөрчлөгдөв гэдгээс эхлээд иргэд өөрсдөө үүнд хариулах байх аа. Дээр дурьдсан ажлууд маань л гэхэд нүдэнд нь ил байгаа. Хороогоо маш их өөрчилж чадсан шүү. Бүүр удирдлагын хүрээнд нь хүртэл цочроож, нэгэн хэвийн ингээд иргэдийг хуураад байж болохгүй гэдгийг ч ойлгуулж чадсан. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд ч чамлахааргүй их өөрчлөлт гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөх байх. Үүний гол суурь нь 2012 оны сонгуулиар Нийслэл, УИХ-д Ардчилсан нам олонхи болоод, баталж өгсөн хуулиуд, хуулийн боломж нөхцөл юм. Өмнөх 20 гаран жил нийслэлд нэг нам эрх барихдаа эрх мэдэл, боломж, мөнгө санхүү бүгд байсан ч ганцхан сэтгэл дутаад байсан юм. Одоо бол ИРГЭД алхаж яваа гудамжаа, түгжрэлгүй уулзвараа хараад баярлаж байна. Наад зах нь 2011 онд замын түгжрэл ямар байсныг санаж байгаа байх. Онхол донхолтой, түгжирч байсан уулзварууд засварлагдсан шүү. МАН 23 жил эрх барихдаа нийгэмд, хотын нийт иргэдэд зориулагдсан ажлыг хоцроочихоод байсан. 2012 оноос хойш хамгийн гол нь  дэд бүтцээ сайжруулж чадлаа. Үүнийг дагаад хөгжил түргэснэ шүү дээ.


-Таны хийсэн ажлаас харахад нийгмийн чиглэлийн, хүмүүсийн амьдралд хамгийн ойрхон асуудлуудыг илүү мэдэрч анхаарал хандуулдаг санагдлаа. Магадгүй энэ таны ажил мэргэжилтэй холбоотой ч юм уу? 


-Би багш мэргэжилтэй, хуульч хүнийхээ хувьд бас эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд нийгмийн асуудалд илүү ойр ажилласан. Тийм ч болохоор Төсвийн хяналтын болон нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хоёр бодлогын хороонд ажиллалаа. Манай хороо нийгмийн суурь хамгийн өргөн хүрээний, гол асуудлуудыг хариуцсан хороо байсан. Энд дүүргийн бүх сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгүүд, эрүүл мэндийн нэгдэл, спорт хороо, соёл урлаг, хүүхэд хөгжлийн төв гээд иргэдийн нэн тэргүүний амьдралын гол асуудлуудыг бодлогоороо дэмжиж шийддэг байлаа. Зөвхөн нэг жилд манай хорооны 7 төлөөлөгч дээрх чиглэлүүдээр явж ажил байдалтай нь танилцан, 126 асуудлыг шийдэж, дүүргийн хурлаар олон ажлын төсвийг батлуулан, эхлүүлснээр ИТХурлын Шилдэг хороогоор шалгарч байв. Жишээ нь Дүүргийн бүх өрхийн эмнэлгүүдийн урсгал зардлуудыг Тамгын газраас санхүүжүүлдэг болгон шийдвэрлүүлж, өргүй болгон өрхийн эмнэлгүүдийг тухтай ажиллах нөхцлөөр хангаж өгөв. Дүүргийн Хүүхдийн номын өргөө, Эрүүл мэндийн төвийн хүчилтөрөгчийн аппарат, сургуулиудын гадна тохижилт, цэцэрлэгүүдийн нэмэлт бүлгийн байр болон 70 дугаар цэцэрлэг, 24 сургуулийнхаа тамирын талбайг засуулснаас эхлээд энэ бодлогын хороондоо хийсэн ажил минь маш их.  Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны гишүүний хувьд дүүргийн төсвөө олон удаа хяналаа. Хэрхэн зөв зохистой шударга төсөв батлах, төсвийг хэрхэн зарцуулж байгаа талаар бидний хяналт, оролцоо чухал юм. 


-Бизнесийн орчны талаар та юу хэлэх вэ?


- Олон жил гэр бүлээрээ бизнес эрхэлсний хувьд хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнесийнхэнд ч цаг минут ямар их  үнэтэй,  банкны  зээлийн өндөр хүү ямархуу хүндрэл учруулдаг вэ гэдгийг мэднэ. Иргэдэд боломжийг олгоод, бизнес эрхлэхэд таатай нөхцлийг бүрдүүлчихвэл иргэн бүрийн амьдрал дээшилнэ. Үүнийг ч Ардчилсан нам дэвшүүлэн тавьдаг. Тиймээс АН-ын загас барьж өгдөг нам биш, загас барих аргыг зааж өгдөг нам гэж энгийн үгээр хүмүүст ойлгуулдаг. Яг үүний нэг нь 2014 онд НИТХ-аас хороо болгонд бичил бизнесийг дэмжиж, нийслэлийн төсвөөс хадгаламж зээлийн хоршоотой болгох журам батлагдсан. Иргэдийн төлөөлөгчийн хувьд хорооныхоо энэ хоршоог үүсгэн байгуулахад нь ихээхэн дэм боллоо. Энэ хоршоо Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд  2012-2016 оны НИТХ-аас санаачлан хэрэгжүүлж  өгсөн иргэдэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүү багатай зээл өгч бизнесийг нь дэмжих иргэдийн өөрсдийнх нь маш чухал хоршоо билээ. АН-ын олон ажлыг балруулдсан шиг үүнийг иргэд татан буулгуулж болохгүй.


-Мэдээж ирэх дөрвөн жил хийхээр төлөвлөсөн, эсхүл үргэлжлүүлэх ажлууд олон бий байх. Мөн өнгөрсөн дөрвөн жилд хараахан хийж чадаагүй ажил ...


-Олон ажил байгаа. Үргэлжлүүлэх учир нь бидэнд боломжууд бий. Ардчилсан нам эрх барихдаа зарчмын суурь хууль, хууль эрхзүйн орчинг бүрдүүлж чадсан. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хууль гэхэд хамгийн том хууль. Та бүхний саналын үндсэн дээр төсвөөр хийж байгаа ажил ил тод байж, заавал хяналттай байх ёстойг баталсан хууль. Төсвийг нууж чадахгүй, түүхэнд хэзээ ч мартагдахгүй, бидний үр хүүхдийн төлөө хийгдсэн хууль, хэрэгжээд эхэлчихсэн. Үүнийг дагаад асар олон татвар төлөгчид, иргэдийн эрх ашиг хамгаалагдаж байгаа. Төсөв зөв зарцуулагдах ёстой. Зөв зарцуулагдах л юм бол зөв газраа, зүй зохистой, үр дүнтэй зориулагдах юм. Энэ нь эцсийн дүндээ бидний үр хүүхдэд л зориулагдана. Яг үүнийг дагаад ил тод болон шилэн дансны хууль гараад ирсэн. Шилэн аяган дотор сүүтэй цай хийсэн үү, хар цай хийсэн үү  гэдгийг шууд хараад хэлдэг шиг болсон. Гэтэл МАН үүнийг балруулдлаа. Энэ бол хэзээ ч балруулдаж болохгүй АН-ын хийсэн хамгийн том ажил юм. АН  ард түмнийхээ төлөө хэзээ ч эргэж буцааж болохгүй галт тэргээ аль хэдийнээ хөдөлгөсөн. Үүнийг ард түмэнд зориулсан асар том боломж л гэнэ. Сая хийж амжаагүй ажил гэлээ Бидний багад Теннисний-21 гэж 40,000-ын 21 дүгээр байр байлаа. Үнэнийг хэлье. Одоо энэ байранд эргээд теннисний клубыг нь сэргээх гээд  дийлсэнгүй. Ердөө л СӨХ-ны ахархан бодолтой хоёр гурван хүний бодлогогүй үйлдлээс болоод. Дүүрэгтээ хэлээд дэмжлэг тусламж ч хүссэн байсан боловч.... Учир нь энд ширээний теннисээ сэргээсэн бол 8 настнаас 80 настан ч тоглоод эрүүл мэндэд нь тустай байснаас гадна, СӨХ-доо тодорхой хэмжээний орлогыг нь оруулуулаад тухайн 4 байрны нэмэлт орлого шаардлагатай иргэдээ ээлжлүүлэхээс гадна, зах зээлийн энэ хатуу хямралын үед өвдөж, зовоод байгаа хорооныхоо нэг ч гэсэн иргэний  өрхийн амьжиргаанд нь нэмэр болгоод орлогын эх үүсвэртэй болгочихьё гэсэн боловч, Удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд нь хэлсээр байтал үйл ажиллагааны зөвшөөрөлгүй танил талаа оруулаад, тэд давхар түрээсийн 3,000,000орчим төгрөгний орлогоо/давхар түрээслэхийг хориглодог/ СӨХ-ны санд ч оруулахгүй  иргэдийн эрх ашгийг хөндөөд сууж байна. Бид нэг хүн орлого олохоос илүү нийт иргэдээ дэмжих ёстой.Энд л гэхэд оршин суугчид, удирдах болон төсөв захиран зарцуулах эрхээ тодорхой хэмжээгээр СӨХ-нд өгөөд итгэн сонгож байхад ийнхүү тэдний төлөө ажиллахгүй байгаа нь эмгэнэл юм. Гэхдээ иргэдийн санал хүсэлтийн дагуу энэ ажил шийдэгдэх ёстой.Харин иргэдэд нэг зүйлийг хэлэхэд СӨХ-ны хуулиар байрны доод хонгил та  бүхний дундын өмч. Эндээс орж ирж байгаа мөнгө СӨХ-ны сангаар дамжиж таны тав тухтай орчинд бүрэн зориулагдах ёстой. Эндээс мөнгө боломжтой орж ирвэл таны СӨХ-ны мөнгө их байх албагүй. Үүнийг бүх оршин суугчид өөрсдөө зөвлөлдөн шийднэ. Байрныхаа хувийн болон дундын өмчийнхөө эзэн нь та өөрөө. Тиймээс танд удирдах , хянах бүрэн эрх байгаа. Харин СӨХ-ны гүйцэтгэх захирал та бүхэнд удирдагдана, хянагдаж ажиллана. Мөн байрныхаа ойр жижиг ТҮЦ ч битгий тавиул. Дараа нь байрнаас тань 15 м-ийн зайнд байгаа гээд 2-3 давхар барилга барьчихдаг./ барилгын журмаар/ Гэтэл энэ үед танай байр дахин төлөвлөлтөнд орохоор болоод өөрсдөө байраа өргөтгөх гэхэд тэд таны дундын өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй хувийн өмчөө хамгаалаад хэцүү асуудал үүсэх учраас байрныхаа эргэн тойрны сөөм  газрыг ч бусдад бүү өг. Дахин төлөвлөлтийн үед доод хонгилоо дундын өмч хэвээрээ байлгах асуудалд байраараа нэгэн санаатай, нэгэн цул болох хэрэгтэй. Доод хонгилгүй, алдсан байрууд их хүндрэлтэй байдаг.Наад зах нь таны СӨХ-ны мөнгө засвар үйлчилгээндээ зориулагдаад өндөр байх шаардлага гардаг. Дээр нь энэ тал дээр та бүхний эрх ашгийг хамгаалж чадах шударга СӨХ-ны даргатай байх хэрэгтэй. Манай хороонд нэг хоёр нь хэцүү гэхээс СӨХ-ны шударга,чадварлаг дарга нар байгаа шүү. Мөн байрныхаа гадаах хананаас 5 метр хүртэлх газрынхаа ногоон байгууламжийг бүү устгуул. Учир нь барилгын хуулиар заавал байх ёстой эрүүл цэвэр орчинд амьдрах гол зүйл чинь. Урин цаг ирэхэд энд зүлэг ногоо ургуулж мод тарьснаар таньд болон таны үр хүүхдэд цэвэр болж тайвшруулдаг. Үүнийг олон СӨХ алдаж устгалаа. Иргэд шаардаад эргүүлж сэргээвэл өөрсдөд нь хэрэгтэй. ХАА-н 30 айлын иргэд үүнийгээ авч үлдэж чадсан. Тэнд сайхан зүлэг ургаж байна.


-Нэг талаасаа өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг МАН олонхи болохоороо баллуурдаад хаячих вий, устгачих вий, үргэлжлүүлэхгүй байх вий гэсэн болгоомжлол төрөөд эхэлчихсэн. Ер нь таны хэлэх хариулт бол дүүргийнхээ сонголтыг зөв хийгээрэй гэсэн үг үү?


-Тийм ээ. Одоо дүүргийн төлөөллийн  сонголтоо зөв хийх хэрэгтэй. Хамгийн гол ажил амьдрал хороонд явагддаг. Тухайн хүний амьдрал дүүрэг, хорооноосоо л эхэлдэг. Үр хүүхэд, ач зээгээ хөтлөөд явж байгаа зам, байр, амьдрах орчин тань ямар байхыг та өөрөө л шийднэ. Зөв сонголт хийх боломж таны гарт байна. Өөрсдийнхөө төлөөлөл болох хүнээ зөв л  сонгож чадах юм бол дүүрэг, хорооны тань төсөв, хяналт бүхэн таны гарт байгаа.


-Ингэхэд та эцэг эх, гэр бүлийн хүнээ танилцуулна уу.


-Миний аавыг Л.Содномбалжир гэдэг. Архангай аймгийн Хотонт сумын харьяат. Насаараа Барилгын  Машин Механизмийн Автобаазад экскаватор барьж хамаг амь амьдралаа улс орныхоо бүтээн байгуулалтанд, таван хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан, Тэргүүний барилгачин, баазынхаа олон удаагийн аварга, шударга, ажилсаг, маш тусархаг, их гоё хувцасладаг цэвэрч хүн байлаа. Аав минь Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист маш олон бүтээн байгуулалтанд гар бие оролцсон хүн дээ. 1966 оны үерээс эхлээд 1970, 1980-д оны үерийн үед амь насаа үл хайрлан, нойр хоолгүй ажиллан олон хүний амь нас, улсын өчнөөн, төчнөөн өмч хөрөнгийг хамгаалж явсан. Ээж маань Төв аймгийн Бүрэн сумын харьяат. Урт цагааны ажлын хувцасны тасагт насаараа ажилласан НААҮЯамны салбарынхаа тэргүүн, цэвэрч нямбай сайхан буурал байгаа. Нутгийнхаа Төр нийгмийн зүтгэлтэн Ж. Самбуу гуай, яруу найрагч Дөнгөтийн Цоодол хоёроороо ижий минь  бахархаад л, аав минь нутгийнхаа Салдан сайдаар бахархаад л ярьж суудагсан. Салдан сайд гэж Одонтуяа гишүүний аав билээ. Хоёр буурал минь бурууд ер өмөөрөлгүй өсгөсөн. Энэ бас чухал зан байсан байдаг шүү. Нөхөр минь Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат. ХАА-н усжуулагч, бороожуулалтын опператор мэргэжилтэй. Надтай нэгэн зүгт гар нийлэн ажиллаж, хөдөлмөрлөж үр хүүхдээ өсгөн өндийлгөж байдаг ханиараа бахархдаг даа. Манайх 2 хүү, 2 охинтой, 2 ачтай өнөр өтгөн л болж явна. 
 

Дэлгэрэнгүй мэдээллийг дор дарж үзнэ үү

С.Мөнгөнсар: Намтрын товчоон

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Amjilt dundgovichuud husie
    2016 оны 10 сарын 17
  • Зочин
    amjilt hvsey baynaa anddaa
    2016 оны 10 сарын 14