• Эхлэл
  • Ж.Ганбаатар: МАН-д хяналт тавих боломжтой болно

Ж.Ганбаатар: МАН-д хяналт тавих боломжтой болно

2016/10/17

Иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын өнгөрсөн 100 өдрийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгчээ. Тэд энэ талаар “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд  “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг, “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр, “Глоб-Хамтын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн А.Алтантуяа, Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар нар оролцлоо.

Тэд хэвлэлийн хурлаар дамжуулан “Засгийн газар 100 хоног”-ийг төрийн байгууллагын халаа сэлгээ үргэлжилж, ах дүүгийн томилгоо хийгдсэн, амлалтаа биелүүлээгүй 100 хоног байлаа хэмээн шүүмжилсэн юм.

“Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна. Тухайлбал, Хонхорын усан сан бүхий газар хар тугалганы боловсруулах үйлдвэр байгуулсан МАН-ын гишүүн БЗД-ийн нэгдүгээр хороонд нэр дэвшиж байна.

Мөн улс төрийн намууд увайгүй аашилж байгаа. Нэгнийхээ сонгуулийн хороон дээр тагнах, чагнах төхөөрөмж тавих явдал эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн АН-ын хорооноос чагнах төхөөрөмж илэрсэн байна лээ. МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж шалтаг тоочиж байгаа. Энэ нь утгагүй шалтгаан. Харин ч жижиг нам болон, бие даагчийг хороодод гаргаж ирснээр МАН-д хяналт тавих боломжтой болж, зөв хөгжлийн чиг хандлага бий болох боломж бүрдэх юм.

Нэг өрх жилд 14,4 сая төгрөг авах ёстойгоо алдсан. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай болгосноор нэг жилд 240 мянган төгрөг алдана. Оюутны 70 мянган төгрөгийг зогсоосноор нэг жилд 840 мянган төгрөг тэр гэр бүлд ирэхгүй болсон. Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосноор жилд 10 сая төгрөг алдаж байна” гэв.

“Шударга” Төрийн тэргүүн Х.Оюунцэцэг “МАН давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулах, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг олгох, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй байх, цалин урамшууллыг өсгөх, өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, орлого багатай иргэдээ тусгайлан тэтгэх, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах, цалинтай ээж бий болгох, ханшийн уналт зогсоох, баялгийн сан байгуулж иргэдэд хүртээх, итгэлийн зээл гэх мэт шинэ зээлийг бий болгоно гэж асар олон амлалт өгч байсан.

Мөн эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, арилжааны зээлийн хүүг бууруулах, аймаг бүрт үйлдвэр барих, бага орлоготой аж ахуй нэгжийн орлого нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжлийг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалалттай газар нутгийг нийт нутгийн 25 хувьд хүргэх гэх мэт маш олон амлалт өгсөн.

Гэтэл өнгөрсөн 100 хоногт томилгоо хийсээр өнгөрүүллээ. Энэ мэт албан тушаал, эрх мэдлийн төлөөх марафон, ялзарсан байдал хэрээс хэтэрч байгааг ард түмэн жигшин зэвүүцэж байна. Тиймээс Засгийн газрын 100 хоногт хариуцлага тооцож, орон нутгийн сонгуулиар дүн тавих цаг нь болсон” гэв.

Харин иргэд Засгийн газрын өнгөрсөн 100 өдрийн ажилд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгааг харцгаая.

Иргэд,

- Маш муу гэж хэлмээр байна. Тэд бүх сайн сайхан зүйлийг зогсоож байгаа нь ард түмнийхээ итгэлийг алдаж буй хэрэг. Яагаад ард түмэнд хэрэгтэй хөтөлбөрийг үлдээгээд үргэлжлүүлж болдоггүй юм. Нэг нам гарч ирээд өмнөх намын хийсэн ажлыг зогсоогоод байхаар улс яаж хөгжих билээ.

- МАН гарснаас хойш сайн зүйл дуулдсангүй. Хүүхдийн мөнгийг алагчилж өгөх боллоо. Найман хувийн зээл  зогсонги байдалд орлоо. Энэ мэт хэрэгтэй зүйлийг нь зогсоогоод байхаар яах болж байна вэ? Шинээр хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажил гэвэл тэд өмнөх Засгийн газрын хийж байсан ажлыг л зогсоож байна. Өмнөх ажлууд дээр нэмж өөрсдөө санаачилж шинэ ажил хийх хэрэгтэй атал өмнөх асуудал хэт анхаарал хандуулж иргэдийн дургүйцлийг хүргэж байна.

- ШӨХТГ-ын дарга асан, АН-ын гишүүн О.Магнай “Засгийн газар 100 хоногт” гэсэн тайлан гаргаснаа хэдхэн хоногийн өмнө танилцуулж шүүмжлэлд өртөөд байсан. Гэхдээ түүний гаргасан тайлан үнэний ортой мэт санагдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд хамаатан садангаараа хүрээлүүлсэн гэхчилэн үнэнийг өчихөд худлаа хэмээн мэдэгдэл гаргаж байна. Гэсэн ч үүнд хэн итгэх билээ. МАН-ын хийж байгаа ажил гэвэл тэд бүгдийг ухрааж байна. Урагштай хөтөлбөрүүдийг зогсоож хүүхдүүдийг алагчлах гээд муухай бүхнийг тэд өөрсдийн гараар хийж байгаа нь харамсалтай. 100 хоногт хийсэн ажлыг дүгнэ гэвэл маш муу гэсэн үнэлгээ өгмөөр байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 10 сарын 18
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 10 сарын 18
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 10 сарын 18