• Эхлэл
  • Б.Чинзориг: Монгол үнэ тогтоогч бус, хүлээж авагч улс

Б.Чинзориг: Монгол үнэ тогтоогч бус, хүлээж авагч улс

2016/10/17

Байгалийн баялаг нөөцтэй Монгол Улсын хувьд эрдсийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх ёстой гэсэн уриаг аль хэдийнээс дэвшүүлсэн. Өнөөдөр ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, байдал хүндрэхийн хэрээр баяжуулах үйлдвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хаана байна вэ гэж халаглаж байна.  

Яг энэ асуудлыг Монгол эрдэс баялгийн салбарын инженерүүд хөндөн ярилцаж байна. Энэ хүрээнд “Эрдэс боловсруулалт - 2016” Олон улсын хурал аравдугаар сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо болох юм. Инженерүүд энэ удаа ч зөвхөн асуудлыг хөндөж байгаа бус. Өмнө нь олон арга хэмжээнүүд зохион байгуулж байсан байна.

Ингээд “Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хурлын талаар ШУТИС-ийн Геологи Уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзоригтой ярилцлаа.

- Эрдэс боловсруулалтын чиглэлийн бага хурал гурав дахь удаагаа болж байгаа юм байна Энэ удаагийн хурлын онцлог юу вэ?

- Эрдэс боловсруулалтын чиглэлийн хурал гурав дахь удаагаа болох гэж байгаа ч энэ удаагийнх олон улсын хэмжээнд болж байгаа гэдгээрээ онцлог. Өмнө нь Монголын инженер техникийн ажилчид, энэ чиглэлээр судалгаа хийж буй судлаачид эрдэс баяжуулалтын чиглэлээр гарч байгаа технолгийн дэвшил, шинэ технологийн нутагшуулалт, технологи дамжуулалтын чиглэлийн асуудлууд, уул уурхайн тэр дундаа уулын байжуулах үйлвэрүүд дээр гарч ирж буй бэрхшээлүүд түүнийг шийдсэн арга зам гээд салбарын асуудлуудыг хэлэлцдэг.

Ингэж салбарынхан саналаа солилцсоноор цаашид ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар санал дүгнэлт, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргэдэг.

Тухайлбал, “Эрдэс боловсруулалт 2014” хурлаар эрдэс боловсруулалтын технологийн чиг хандлага ямар төвшинд байгаа, ямар чиглэлийн судалгааг хамтарч хийх боломжтой, цаашлаад хөгжлийн бодлогодоо юу гэх мэт асуудлуудыг хөндсөн.

Энэ нь ямар төвшинд хэрэгжсэн, ямар үр дүнд хүрч байгаа вэ гэдгийг дараагийн хурлаар нэгтгэж дүгнэдэг.

“Эрдэс боловсруулалт 2016” хурлаар олон улсын, туршлага, судалгааны ажлууд томоохон ололт амжилтуудыг ярилцан Монголын үйлдвэрүүд хэр зэрэг бэлэн байгаа гэх мэт өргөн хүрээтэй мэдээлэл авах талбар болно гэж хүлээж байна.

Эрдэс боловсруулалт гэдэг нь эрдэс баялгийн салбарын нэг хэсэг. Үүнд бид энэ удаагийн хурлаар технологийн дэвшил, алтны хүдрийн боловсруулалт, төмрийн, нүүрсний гэх мэтчилэн зургаан хэсгээр хуралдана. Зөвхөн эрдэс боловсруулалтын баяжуулагч инженерүүд төдийгүй эрдэс баяжуулалтын бэлтгэл ажил, дараагийн шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч мэргэжилтнүүд энд чуулна.

Химийн технологич инженерүүд, биотехнологичид, металлургийн чиглэлийн мэргэжилтнүүүд, мөн хайгуулын ордын тогтцын судлаачид эрдсийн найрлагын зүй тогтол, цаашид баяжуулалтын процесст ямар нөлөө үзүүлэх гэх мэт үр дүнгүүдээ тал талаасаа ярилцана. Тэгэхээр энэ тал дээр нилээн томоохон туршлага солилцсон хэрэг болно гэж харж байна.

- Уул уурхайн хүнд үйлдвэрлэл, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх ёстой гэж олон жил ярьж байна. Одоо бид ямар төвшинд байна вэ?

- Өнөөдөр манай эрдэс баялгийн салбар дэлхийн зах зээлийн эрдэс түүхий эдийн үнээс шууд хамааралтай байгаа. Монгол Улс өнөөдөр эрдэс баялгийн салбар дээр дэлхийн хэмжээнд үнэ тогтоогч орон биш, харин үнэ хүлээж авдаг улс. Хүлээж авдаг учраас бид  зах зээлийн үнийн болоод бусад хувьсал өөрчлөлтөд дасан зохицож өөрсөддөө хамгийн ашигтайгаар ямархуу үр дүнтэй үйл ажиллагаа явуулах вэ гэдгээ бодолцож байх ёстой юм.

Бид үнэ тогтоодог томоохон тоглогч байсан бол асуудал арай өөр өнцгөөр харагдаж байх байсан гэж бодож байна. Хамгийн гол асуудал нь бидний хувьд туршлага судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн шийдлүүд, цаашдаа хөгжлйн чиг хандлагыг тодорхойлж, тогтвортой урт хугацааны бодлого барих.

Мэдээж эрдэс баялгийн үнэ яг өнөөдрийнх шиг уналттай байгаад байхгүй, буцаж сэргэнэ. Магадгүй 2017-2019 онд. Энэ үед бид бэлэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, үнийн уналт, үйлдвэрлэлийн зогсонги үед хүний нөөц болоод технологийн сайжруулалтыг хийгээд авах хэрэгтэй.

Яг ийм уналттай үед бэлтгэл ажлаа хэн хийж чадна, тэр нь дараа ашгаа олно. Гэхдээ мэдээж асар их хэмжээний хөрөнгө оруулалт, эрсдэл байж байдаг. Энэ эрсдлийг бид ирээдүйд тэрнээс их хэмжээгээр дааж давж гарна гэдэг бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Аливаа салбар бодлогоо хамгийн багадаа 10 жил, 20, 30, 50 жилээр төлөвлөх шаардлагатай байдаг. Олон улсын туршлага. Зөвхөн өнөөдрөөр харж байна гэдэг бол бид зах зээлээ төдийлөн оновчтой мэдэрч чадахгүй ирээдүйдээ чиглэсэн хөтөлбөр баримтлан ажиллаж чадахгүй байгаагийн нэг хэлбэр. Гэнэт эрдэс баялгийн салбарын үнэ өсөхөд их хэмжээний орлого олж, хөл алддаг.

Эргээд үнэ унахад мөнгөгүй болж дахин хөл алддаг байж болохгүй л гэсэн. Энэ болгон нийгэмд ташаа ойлголтыг бий болгож байдаг. Ийм зүйл байгаа учраас бид үргэлж бэлтгэлтэй байх шаардлагатай. Энэ ажлын нэг хэсэг нь олон улстай туршлага солилцож байгаа хэлбэр юм.

Хүний нөөцийн бодлого ч мөн адил. Бид хүний нөөцөө тасралтгүй бэлтгэх ёстой. Тасралтгүй бэлтгэж, одоо байгаа хүчин чадлаараа ажиллахад мөн ирээдүйд томоохон төслүүд ашиглалтад ороход гэсэн хэд хэдэн хувилбарыг бодож байх ёстой юм.

Жишээлбэл, эрдэс баялгийн салбар дээр Монгол оронд төдийлөн ашиглагдаагүй газрын ховор элемент ашиглалтад ороод төслүүд хэрэгжиж эхлэх тэр үед яах вэ? Бидэнд бэлтгэгдсэн боловсон хүчин байна уу? Төслүүд хэрэгжих үе шат ямар хугацаа туулах, ураны орд газрыг ашиглах төслүүд хэрэгжиж эхлэх үед бэлтгэгдсэн боловсон хүчин байна уу?

Тэгэхээр аливаа төслийг хэрэгжиж эхлэх үед нь дэлхийн жишигт хүрсэн мэргэжилтэн алга л гэнэ. Ажиллаж чалахгүй байна гэж ярих биш өнөөдрөөс төслийн хэрэгжих ирээдүйг харж бэлтгэж байх ёстой.

- Монголд зэс цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Өөр ямар технологийг Монголд нэвтрүүлэх гэж байгаа болон энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

- Зэс цэвэршүүлэх цаашлаад үйлдвэрлэлийн түүхий эдийн бүтээгдэхүүний бэлдцийг бэлтгэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаанууд яригдаж байна. Хамгийн гол нь технологи тогтвортой хөгжлийн зарчмаар байгаль орчинд сөрөг үр дагавар хамгийн бага байх ёстой. Ашиг хамгийн их байх ёстой. Зах зээлийн, хөдөлмөрийн аюулгүй байдал орчин үеийн сахилга батыг хангаж ажиллахад бүрэн шилжсэн хүчин чадал өндөртэй чиглэлийг голчилдог.

Тэгэхээр энэ чиглэл рүү явна. Аль нэг үйлдвэр ашиглалтад оруулахаас илүүтэй урьдчилсан томоохон судалгаа хийснээр бусад улс орнуудын дагасан алдаа оноог давтахгүй байх хамгийн том боломж байдаг. Зэсийн цэвэршүүлэх үйлдвэрийн хувьд төсөл хэрэгжээд Аж үйлдвэрийн яаман дээр өргөн хүрээтэй яригдсан юм билээ. Цаашид ч энэ төсөл үргэлжилнэ гэсэн хандлагатай байгаа.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөл яригдаж байгаа. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүд амжилттай хэрэгжинэ гэвэл мөн л химийн болоод баяжуулалтын процессууд тодорхой хэмжээгээр явагдаж таарна. Энэ болгон дээр бид боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Мөн технологио хэрхэн яаж нутагшуулах тал дээр анхаарах ёстой.

Нэг хэсэг бэрхшээл гарч байсан. Үүний нэг тод жишээ бол Хятад улс. Хятадын ойд хэсгээр оршдог төмрийн уурхайнууд  байгаль орчинд сөрөг үр дагавартай байсан учир эдгээр уурхайнуудаа бүгдийг нь бодлогоор хаасан. Тэр тоног төхөөрөмжүүдийг манайх шууд шилжүүлэх боломжтой юм байна гэж нэг хэсэг нь үзэж байсан. Гэтэл улс орнууд 50-100 жил ашиглачихаад хэрэгцээгүй хэмээн хүн амынхаа эрүүл мэнд, байгаль орчныхоо ариун дагшин байдлыг хадгалаад гаргаж байхад түүнийг бид нутагшуулна гэж байхгүй.

Тиймээс яг өнөөдөр тэд юу нэвтрүүлэх гэж байгаа руу нь хандах чухал. Тэгэхээр шинэ томоохон төсөл хэрэгжинэ гэхэд бид түүн дээр тал бүрийн хувиалбартай, бодолтой байх нь чухал байгаа юм. Газрын ховор элементийн төсөл хэрэгжих тухай олон жил яригдаж байна.

Энэ төсөл хэрэгжиж эхлэх үед бидэнд ямар үйлдвэр байгаа, ямар туршлагатай билээ, энэ талаар ярьж байхгүй бол цаг үеэсээ хоцрогдох асуудал гарч мэдэх юм. Тиймээс цаг үетэйгээ хөл нийлүүлэх, болж өгвөл түрүүлж явах асуудлыг эрхэм зорилго болгох хэрэгтэй.

Эрдэс боловсруулалт хуралд УУХҮ яам онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд УУХҮсайд Ц.Дашдорж, МАМБХ-ын Ерөнхийлөгч С.Давааням нар оролцох ажээ. 

Мөн цэвэр зэсийн үйлдвэрийн технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж буй Финляндынн “Оутотек” компани энэ жилийн “Эрдэс боловсруулалт 2016” хурлыг дэмжин ажиллаж байгаа юм.

“Оутотек” компанийн зэс хайлуулах, цэвэршүүлэх болон алт агуулсан хүдрийг боловсруулах технологиуд танилцуулах илтгэлүүдээр хурлыг эхлүүлэх бөгөөд үндсэндээ зэс, нүүрс боловсруулах, хүдэр бэлтгэх гэсэн гурван сэдвийн хүрээнд “Монгол орны газрын ховор элементийн орд илрэлийн судлагдсан байдал”, “Баяжуулах үйлдвэрийн нүүрс авалтыг нэмэгдүүлэх судалгаа”, "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн усны дахин ашиглалт”,  Оюутолгойн бүлэг ордын халькозин, ковеллины хүдрийн баяжуулалт” гэх зэрэг нийт  40 орчим илтгэл тавигдах аж.

Ч.Гэрэл

 


Сэтгэгдэл байхгүй байна