• Эхлэл
  • Г.Болд: Сургалтын төлбөрөө төлж чадаагүйгээс болж сургуулиасаа гарч цэрэгт явсан

Г.Болд: Сургалтын төлбөрөө төлж чадаагүйгээс болж сургуулиасаа гарч цэрэгт явсан

2016/10/17

Баянзүрх дүүргийн иргэн Г.Болд нь Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шүүхээс ял сонсчээ. Тэрбээр шүүх, цагдаа, хуулийн байгууллагад баярласнаа илэрхийлж, бусдад сургамж болохын тулд ярилцлага өгөхөөр шийдсэнээ ярьсан юм. Г.Болд "Хүн амьдралдаа алдах үе гардаг ч эргээд босох хангалттай хүчтэй байгаарай гэж үе тэнгийн залуустаа захимаар байна” гэснээр яриагаа эхэлсэн.

-Та ямар шалтгаанаар ярилцлага өгөхөөр бидэнд хандав?

-Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлээд гарч ирлээ. Хүн алдахаас нааш ухаардаггүй бололтой. Тиймээс үе тэнгийн залуустаа өөрийн амьдралдаа сургамж авсан зүйлсээ хуваалцаж, өөрөө алдах биш миний алдаан дээр суралцаж, анхаарч яваасай гэж хүсч байна. Би кино урлагийн дээд сургуульд жүжигчний ангид сурдаг байсан юм.

Сургалтын төлбөрөө төлж чадаагүйгээс болж сургуулиасаа гараад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд бурхан шашны сургуулийг буддын ухаан судлаач мэргэжлээр төгссөн юм. Хүн амьдралдаа ямар нэгэн мэргэжил эзэмших хэрэгтэй шүү дээ.

Сургуулиа төгсч гэр бүлтэй ч боллоо. Би ажил олж хийхийг хичээж байсан боловч ажил олдохгүй хэсэг ажилгүй байсан. Энэ хоорондоо найз нөхөдтэйгээ нийлж архи дарс их уусан. Нэг л мэдэхэд би хамт архи уудаг найз нарын хамт бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагын үүд сахих болсон.

Ингээд Эрүүгийн хуулийн хуулийн 147 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шалгагдаж 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ноос зургадугаар сарын 17-ныг хүртэл цагдан хоригдсон. Энэ хооронд тухайн хэрэгт намайг оролцоогүй гэдгийг баталсан гэрч гарч ирснээр хэрэг маань хэрэгсэхгүй болсон.

-Тэгээд ямар хэргээр ял шийтгүүлсэн юм бэ?

-Урьдчилан хорих 461 дүгээр хорих ангиас гарч ирээд өдөр бүр цагдаад бүртгүүлдэг байлаа. Энэ үед 461 дүгээр ангид хамт хоригдож байсан О гэгчтэй тааралдсан. Тэр залуутай нийлж архи уусныхаа дараа хулгай хийсэн. Цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлэх үедээ мөрдөн байцаагчдаа хулгай хийсэн тухайгаа өөрөө хэлсэн. Ингээд айлд орж хулгай хийсэн шалтгаанаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар шалгаж эхэлсэн. Би архи уух шуналаа дарж чадаагүйдээ их харамсч байна.

Би одоо 24 настай. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ Баянзүрх дүүрэгт амьдарч байгаад хашаа маань дахин төлөвлөлтөнд орж байр авахаар болсон. Шинэ байр маань саяхан ашиглалтад орсон. Гэвч эхнэр маань хулгайч хүнтэй хүүхдүүдээ амьдруулахгүй гээд ирэхгүй байгаа. Ийм хэцүү байдалд орсондоо маш их харамсч байна.

-Шүүхээс ямар шийдвэр гарсан бэ?

-Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан хулгайн гэмт хэрэг үйлсэн хэргээр гурван сар 18 хоногийн баривчлах ял өгсөн бөгөөд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдсон хугацааг маань дүйцүүлээд шүүх хурлын танхимаас шууд сулласан. Шүүх хурлын танхимд шүүгч болон прокурор, өмгөөлөгчдөө их баярласнаа илэрхийлсэн. Дахиж хэрэгт орооцолдож, холбогдохгүйн төлөө л явна даа.

-Хоригдож байх хугацаанд танд юу бодогдож байв?

-Урьдчилан хорих ангид олон хүнтэй танилцлаа. Янз бүрийн хүмүүс байна. Олонхи нь хулгай, дээрмийн хэргээр шалгагдаж байсан. Олон удаа ийм хэрэг үйлдсэн нөхдүүд анх орсон хүмүүсийг гэмт хэрэгт уруу татах нь их юм. Энийг чинь ингэж хийдэг юм аа, байцаагч чинь ирээд ингэж хэлвэл тэгж хэл, ингэдэг, тэгдэг гээд янз бүрийн л юм зааж өгдөг.

Тэнд хоригдсоноос болж бөөр нуруугаар өвдөөд хоёр удаа эмнэлэгт хэвтсэн. Өөртэйгээ нэлээд хугацаанд ярилцаж өнгөрөөлөө. 24-хөн насандаа дээрмийн хэрэгт холбогдож, хулгайн хэргээр ял сонслоо. Энэ бол амьдралын минь хувьд хар толбо. Гадаад дотоод явъя гэхээр ял шийтгэл эдэлж байсан уу гэхээр эдэлж байсан гээд гарч ирнэ. Солонгос улс руу явж ажил хийе гэдэг ч юм уу, төрийн албан хаагч болъё гэхээр бас ял шийтгэлтэй мэдээлэлтэй.

Ахиж алдахгүйн төлөө архи дарс, муу найз нөхдөөс холуур явъя гэж бодож байна. Ажил төрөл л эрхэлнэ дээ. Бодож, төлөвлөсөн их зүйл байгаа. Одоо 2 хүүхэдтэй, гэр бүлтэй, тэднийхээ өмнө үүрэг хүлээсэн хүн болсон гэдгээ сайн ухаарч байгаа. Их зүйл бодсон хоёр хүүдээ зориулж шүлэг бичиж, зураг зурж, байнга л эхнэр хүүхдээ бодож өдөр хоногийг өнгөрөөдөг байсандаа.

-Шүүхийн талаар ямар бодолтой байна вэ?

-Хуулийн байгууллага гэхээрээ л загнасан зандарсан дээрэнгүй хэцүү байдаг гэж боддог байсан. Нэгэнт л би гэмт хэрэг хийсэн хүн юм чинь тийм л байх ёстой гэж боддог байлаа. Харин яг өөрийн бие дээр иртэл шүүхийн байгууллага энгийн албан ёсны харьцаатай, жинхэнэ төрийн албан хаагч нар тэнд ажилладаг юм байна гэдэг ойлголт авсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт хамт олонд баярласнаа илэрхийлж байна. Дахиж хэрэг төвөгт орохгүй, хийж бүтээхийн төлөө хичээнэ.

 

Л.Мөнхтуяа


Сэтгэгдэл байхгүй байна