• Эхлэл
  • 10 хүн хутгалсан гурван этгээдийг эрэн сурвалжилж байна

10 хүн хутгалсан гурван этгээдийг эрэн сурвалжилж байна

2016/10/19

Галт зэвсэг, хүйтэн мэсээр сүрдүүлж, 10 хүний биед халдсан бүлэг хүмүүсийн гурвыг нь цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсаар байна.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр хуучин БНСУ-ын Элчингийн байрны ойролцоо “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт энэ сарын 09-10 нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд бүлэг этгээдүүд 10 хүнийг гэмтээж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Тухайн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаныхан болон Эрүүгийн цагдаагийн газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, буу гаргаж дээрэм хийсэн болон 10 орчим иргэнийг зодож, хутгалж гэмтээсэн бүлэг этгээдүүдийн хоёрыг нь хэргийн газар дээр нь баривчилсан юм.

Харин энэ сарын 12-ний өдөр /2016.10.12/ хэргийг толгойлсон гэх хоёр этгээдийг нь цагдаагийнхан нэмж баривчлан, саатуулсан билээ.

Одоо цаана нь баригдаагүй гурван этгээдийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Тэдний цээж зураг, танигдах шинж тэмдгийг нь нийтэд зарлаж, улс даяар эрэн хайж буйг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.

40 сая төгрөг болоод өөр үнэт эдлэл, эд хөрөнгөө дээрэмдүүлж, хүндээр бэртсэн гэх хохирогч 10 залуу нийтийн орон сууцанд байр түрээслэн, мөрийтэй тоглодог байсныг эх сурвалжууд мэдээлсээр байгаа. Тэдний биеийн байдал сайжирч, мэдүүлэг өгч эхэлжээ.

Эх сурвалж: News.mn


Сэтгэгдэл байхгүй байна