• Эхлэл
  • Малаар баян, махаар “муу” монголчууд

Малаар баян, махаар “муу” монголчууд

2016/10/21

Дөч, таван сая малтай мөртлөө хотынхноо ч махаар хангаж чаддаггүй гэсэн шүүмжлэл саяхных. Өнөөдөр Монголын малын тоо толгой 73 саяд хүрээд байгаа ч шүүмжлэл хэвээрээ. Уг нь монголчууд хүн амаа махаа хангах тухай биш өөрсдөө байгалийн, эко гэж нэрлээд байдаг мал, махаа экспортын гоц бүтээгдэхүүн болгосон байлтай. Япончууд адууны маханд "нугасгүй", монгол малын мах л хамгийн амттай гэж бахархах мөртлөө өнөөдөр монголчууд хоёр хөршдөө ч мах нийлүүлж чадахгүй шахам хэвээр.

Малчид малын мах үнэгүйдэж байгаа талаар, үйлдвэрлэгч, боловсруулагч нар мах чанарын шаардлага хангадаггүй талаар, экспортлогчид, экспортын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого дутагдаж байгаа талаар өнөөдөр ч мөн ярилцаж байна. Яг энэ сэдвээр махны чиглэлийнхэн буюу малчид, үйлдвэрлэгч, боловсруулагч, холбогдох албаныхан өнөөдөр Туушин зочид буудалд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

Тэндээс малчид малын махыг хямдхан худалдаж авч байгаа, ам.долларын ханш, юм бүхний үнэ өсч байхад махны үнэ л өсөхгүй байгаа талаар гомдоллоход боловсруулагчид мах чанар хангадаггүй талаар, экспортлогчид бизнесийн салбар хүнд байгаа гээд өөр, өөрийн зовлон бэрхшээлийг тоочив. Тухайлбал, экспортлогчид болон албаныхан "Одоогоор өмнөд хөршдөө мах экспортлож чадахгүй байгаа, ОХУ руу эндээс нэг кг үхрийн махыг 3500 төгрөгөөр авлаа гэхэд, зардлаа тооцоод ашиг тэгтэл гардаггүй, оросууд бас рублиэр тооцоо хийх санал сөргүүлж тавьдаг" гэх хариулт өгөх. Үнэндээ ч Монгол махны “нэр” муу, стандарт шаардлага хангадаггүй, байсгээд өвчин гарлаа хэмээн экспорт хаагддаг, гадны зах зээлд мал, төл бүр чип-тэй удам гарлын гэрчилгээтэй, үүлдэр угсаа сайтай байхад Монголын зааз шахуу махыг борлуулахад хэцүү гэсэн тайлбар өмнө нь ч тавигдаж байсан. Энэ мэт олон асуудал энд яригдав. 

Тухайлбал, үнэндээ бол экспортын бүтээгдэхүүний хувьд малчид ханган нийлүүлэгч бус цөөхөн байгаа фермерүүд л найдвартай түнш. Гадны зах зээлийнхэн манай уламжлалаас тэс өндөө буюу нялх төл, залуу малын мах таамшаалах дуртай. Монголд нэгэнт жил бүр хэдэн сая төл бойжуулж байгаагийнх удам гарлын гэрчилгээг баталгаажуулж, цахим бүртгэлийг төгөлдөржүүлж, төл малаа зах зээлд гаргах санаачлага гаргаж байлаа. Үүнд эхний удаад бүртгэлийн систем тогтолцоог хийхэд төрийн дэмжлэгийг авч чадвал цаашдаа махныхаа үнийн зардалд суулгаад явах боломжтой ч гэлцэж байлаа. Бас нэг санал нь нийлүүлэгч, боловсруулагч харилцан ойлголцолтой байх, наад зах нь үнэ, зардал, экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг шууд мэдээлдэг сайттай болох нь зүйтэй гэж байв. Үнэхээр ч салбарынхны харилцаа ойлголцол, хамтын зүтгэл чухал байгаа гэж үзэгсэд олон байгаа аж. Яг энэ ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа сайжруулах нь “Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх-Малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийн гол зорилго болой.

Малын хөлийн татвар тогтоогооч

Малчид малын хөлийн татвар хэцүү байна гэж үглэдэг, популист улстөрчдийн малчдад “коко” авах нэг сэдэв нь ч энэ болдог. Малын хөлийн татварыг тэглэнэ, бууруулна гэдэг нь улстөрчдийн бас нэг дуртай сэдэв. Харин энд эсрэгээрээ “Малын хөлийн татварыг тогтоо” гэсэн санал нэгэн фермерийн зүгээс гарав. 70 сая мал-бэлчээр үнэгүй. Бэлчээр талхилагдана, удам үүлдэр тодорхойгүй, “хөлөөрөө” үйлдвэрлэлээ өөрөө бүтээгч нөгөө “тамирчин тахиа” гэдэг шиг хэдэн сая, сая мал маань гэтэл үнэ хүрэх бүтээгдэхүүн болж чадаж байна уу гэдэг нь бас нэг асуудал. Малчдын орлогын үндэс, оюутнуудын сургалтын төлбөр болдог л байх. Гэвч энд нэг талаасаа “шинжлэх ухаан”-чаар үйлдвэрлэл явуулах гэж зардал зарж ажиллаж байгаа фермерүүдийн хувьд үнэ бууруулах, даа ялангуяа “Монгол мал өвчлөлтэй” гэх “имиж”-ийг бүрдүүлэх гол “хүч” болдог гэсэн шүүмжлэл ч бас байна. Энэ мэтээр дэлхийн жишигт хүрсэн жинхэнэ “үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх талаас нь тэд бас ярьж байна. Монголчууд дотоодын хэрэгцээндээ жилд 10 орчим сая мал хэрэглэдэг. Харин таван сая мал экспортолж чадвал чамгүй ашиг олно гэсэн зорилтыг салбарынхан тавьдаг. Гэтэл өнөөдөр ч энэ хэрийн мал экспортолж чаддаггүй. Уг нь 73 сая малтай, улс шүү дээ бид. Гэтэл малын махныхаа 5 хувийг л боловсруулж чаддаг гэхээр өнөөгийн Монголын мал, махны салбар “нүүдэлчин” хэвээр л байна гээд хэлчихэд хатуудсан болохгүй байх.    

Хаана байна, брэнд бүтээгдэхүүн

Монгол мах дэлхийд байхгүй амт чанартай гэж монголчууд бүгд биширдэг. Магадгүй гадныхан ч бас мэр сэр мэдэх байх. Гэвч өнөөх “зэрлэг” бэлчээрийн “үйлдвэрлэл”, өвчлөл, экспортоо нэмэгдүүлэх бүтэл муутай оролдлогууд тод хэвээр. Хүнс хөдөө, аж ахуйн яамнаас мэдээлснээр бол энэ оны эхний хагаст Монголоос 2798 тонн мах экспортлосноос дийлэнх нь адууны мах. Үүний 1633 тонныг ОХУ, 1187 тонныг Хятад руу экспортлосон. Бусад дайвар бүтээгдэхүүн гэвэл 8,6 хувь өлөн гэдэс. Мал нядалгааны үеэр гогцоо нь 500 төгрөг ч хүрдэггүй өлөн гэдсээ экспортын бүтээгдэхүүн болгохын чухлыг хэлэх юун. Гэвч бас экспортод эзлэх хувь урагшлахгүй л байгаа аж. Хэдийгээр бага хувь эзэлдэг ч гэсэн малын давсаг, гүзээ, адууны булчин мах зэрэг нь эмчилгээний чиглэлийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа махнаасаа илүү үнэ цэнтэй байдаг аж. Мэдээж хэрэг чухам энэ үнэ цэнэт бүтээгдэхүүнийг үнэ хүргэх, экспортыг нэмэгдүүлэх нь чухал нь хэнд ч мэдээж. Энд ч бас үйлдвэрлэл явуулах бэрхшээл яригддаг бололтой. 5-6 жилийн турш зардал гаргаж, тайлбарлан таниулж, үйлдвэрлэл явуулж байж бага зэрэг экспортын орлого олоход малчид бас “үйлдвэрлэгч бидний нийлүүлсэн бүтээгдэхүүнээр их орлого олж байж” гэсэн гомдол гардаг л гэнэ.

Төсөрхөн адууг амьдаар нь хил гаргаж буй бичлэг сошиал ертөнцөд шүүмжлэл дагуулж байсан. Монголчуудын дээдэлдэг, удамт хурдан хөлгөө хятадууд амьдаар нь “өргөж” байна ч гэлүү. Уг нь бол хурдан удмын морио зарна ч гэж юу байхав. Магадгүй махны чанар, шинжилгээ, мөнөөх муу нэрт “өвчин”, удам үүлдрийн тодорхойгүй байдал гээд мах бэлтгэж гаргахаас илүү орлоготой арга ч байж болох. Басхүү хөлөөрөө өөрийгөө тэжээж байгаа малыг заазны болготол нь “дарж” сууж байгаад цас зуданд алдах, сургалтын төлбөрт хямдхан үнээр бөөндөхөөс ч дээр л байлгүй яах вэ? Гэхдээ бас хосгүй үнэт чанартай адууны мах аа боловсруулж, бүр цаашилбал малаас хаях зүйл гардаггүй гэдэгчлэн дэл, сүүл, арьс ширийг нь ашиглаж боловсруулж чаддаг бол үнэт бүтээгдэхүүн болохсон. Энд бас “Үнэндээ бид Хятадын төмөр замын ажилчдын үдийн хоолны махыг л бэлтгэж байгаа шүү дээ” гэсэн шорвог боловч үнэний хувьтай гэмээр үгс сонсогдоно. Олон жил, энэ хэлэлцүүлэгт ч яригдаж байгаачлан дахиад л махны чанар, малын эрүүл ахуй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэсэн яриа дахиад л хөндөгдөнө.

Дэлхийд гайхуулам олон малтай ч, дэлхийд гаргаж чаддаггүй энэ байдал үргэлжилсээр байх гэж үү гэсэн асуултыг энэ салбарынхан ч мөн ярилцаж байна. Энд мөн малчин, фермер, мах боловсруулагч, нандин тансаг хиам, утсан мах үйлдвэрлэгч, эмийн дайны экспорт хийгчид, цаашилбал арьс ширний салбарынхан бүгд л хамтаараа гарц шийдэл хайж, ойлголцож, хамтарч ажиллаж, амжилт олно гэдэг санаан дээр салбарынхан ерөнхийдөө нэгдэж байх шиг. Амжилт! махны салбарынхаан, дээр өгүүлсэн шүүмжлэлүүд удаан үргэлжлэхгүй байх аа гэж найдаж байна.

А.Туяа     


Сэтгэгдэл байхгүй байна