• Эхлэл
  • Б.Сарантуяа: Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа

Б.Сарантуяа: Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа

2016/10/24

Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяагийн урлагт хөл тавьсны 30 жилийн ойд зориулсан "30 жил урлагт" тоглолт аравдугаар сарын 29 буюу энэ Бямба гарагт болох гэж байна.

Тус тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, хуралд МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн "On and off" продакшны захирал С.Ононбат, "Монцамэ" агентлагийн дарга, сэтгүүлч Б.Ганчимэг нар оролцлоо. Эдгээр эрхмүүд нь поп хатагтайтай олон уран бүтээл дээр нь хамтарч ажилласан, хамгийн олон удаа ярилцсан гэх тодотголтой хүмүүс юм.

МУГЖ,Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа "Өнөөдөр та бүхэнтэй уулзаж урлагийн салбарт 30 жилийг туулахдаа хэнтэй хамт байснаа ярих гэсэн юм. Тиймээс би бага ярьж, найзууд маань их ярих болно.

Миний бие урлагт зүтгэсний 10 жилийн ойгоо 1996 онд тэмдэглэж байсан. 20 жилийн ойгоор охиноо төрүүлээд нялх биетэй байсан учраас 20 жил болсныг ч мэдэлгүй өнгөрүүлсэн байсан.

Харин 30 жилийн ойдоо өнгөрсөн оноос хойш бэлтгэж байгаад тоглолтоо хийх гэж байна.

Ингээд эргээд харахад нэг мэдэхэд 30 жил өнгөрчихсөн байлаа. Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа.

Яагаад вэ гэхээр тайзан дээр удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг маш хэцүү. Миний хувьд хүмүүс надаас байнга шинийг хүсч хүлээж байдаг хүсэмжит дуучин байхыг хүссэн. 

Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа. Эргээд харахад 30 жилд 21 цомог гаргасан байна. Дайнд гавьяа байгуулаад ирсэн цэрэг одон медалиудаа энгэртээ шажигнуулдаг бол би цомгуудаа шажигнуулж, өөрөөрөө бахархмаар байна. Дээрээ даргагүй хэрнээ 30 жил өөрөө өөртөө дарга хийж, өөрийгөө цалинжуулж, өөртөө оффис олоод, бие дааж төлөвлөөд ажиллаж иржээ. Цомгоо гаргахын төлөө өр ширэнд ч орж байлаа, үнэтэй тансаг зүйлсээс ч татгалзаж л явсан. Үүний үр дүнд чанартай уран бүтээлийг ард түмэндээ хүргэж ирсэн" гэв.

Хурлын үеэр поп хатагтай саяхан төрийн албанд /Соёлын Төв Өргөөний дэд дарга/ томилогдсоноо хэлсэн юм. Урлагийн салбарт 30 жил ажилласан тэрбээр залуу үеийн урлагийнхны зовлонг хамгийн их мэддэг. Тэдэнд тохиолддог хүндрэл бэрхшээл бүрийг туулж ирсэн учраас төрийн албанд ажиллах саналыг хүлээн авснаа хэлсэн юм. 

"30 жил урлагт" тоглолт The corporate hotel & Convention concert hall-д энэ Бямба гарагт 17:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирсан рок, попын домог билээ. Дашрамд сануулахад аравдугаар сарын 23-ны ням гаригт 25-р суваг телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгээр дуучин Б.Сарантуяагийнд зочилсон нь маш сонирхолтой нэвтрүүлэг болсон. 

Нэвтрүүлгийн дор дарж үзнэ үү 

Танайд хоноё шинэ дугаар дуучин Б.Сарантуяа оролцлоо


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин