• Эхлэл
  • Эрчим хүчний салбар-тоо баримт

Эрчим хүчний салбар-тоо баримт

2016/10/25

Төвийн болон Дорнод бүсийн эрчим хүчний системийн эх үүсвэрийн дутагдлыг арилгаж, эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой уг төслийг МУ-ын Засгийн газраас дэмжиж, 2016 оны наймдугаар 24-ний өдөр “Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолыг баталсан. 

     Улаанбаатар дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлснээр Улаанбаатар хотын төв болон 40, 50, 220 мянгат, 5 дугаар хороолол, Бага тойруу, Дүнжингарав, Төв цэнгэлдэх хүрээлэн, 120 мянгат, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Оргил рашаан сувилал орчмын албан байгууллага, айл өрхийн дулаан хангамж сайжирч, шинээр 25000-30000 айлын орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Мөн төвийн эрчим хүчний системийн чадлын дутагдлыг нөхөж, ОХУ-аас авч буй импортын эрчим хүчний хэмжээг бууруулсны дүнд  импортын төлбөрөөс 10.0-15.0 тэрбум төгрөг хэмнэх ач холбогдолтой. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлснээр Дорнод бүсийн эрчим эрчим хүчний системийн чадлын дутагдлыг нөхөж, Мардай, Тамсаг, Төмөртэйн орд газрын хангамжийг бүрэн шийдвэрлэхээс гадна Дорнод, Сүхбаатар аймгийн цахилгаан хангамжийг сайжруулах боломж бүрдэнэ.

Нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айл цахилгаанд холбогдлоо 

     Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа байдаг. Иймд Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016 оны наймдугаар сарын 26-ны өдөр тушаал гаргасны дагуу “Нийслэлийн гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хэсэг” байгуулагдсан. Энэ хүрээнд “Эрчим хүчний зохицуулах хороо”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран эрчим хүчний компаниудын нөөц бололцоонд тулгуурлан 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн 1562 өрх айлыг тог цахилгаанд холболоо. Шугамын барилга угсралтын ажлыг 2016 оны есдүгээр сарын 5-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөв. 

 

“Багануур”, “Шивээ-Овоо” нүүрсний уурхайнуудыг санхүүгийн хүндрэлээс гаргаж, өвлийн бэлтгэл ажлыг хангуулав 

     Эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил наймдугаар сарын сүүлчээр дөнгөж 40 гаруй хувьтай байв. Иймд ЭХЯ-наас ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж танилцан уурхайн найдвартай ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай санал боловсруулснаар Засгийн газрын 338 дугаар тогтоол гарсан.  Тогтоолын хүрээнд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор Сангийн яамтай хамтран төсвийн зээлийг олголоо. Өнөөдрийн байдлаар “Багануур”ХК 250.0 мян.тн, “Шивээ-Овоо” ХК  564.0 мян.тн авахад бэлэн нүүрстэй байна.

Говь-Алтай, Завхан аймгийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, хүндрэлтай асуудлуудыг шийдвэрлэв 

     Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Алтай-Улиастайн эрчим хүчний системийн 110 кВ, 35 кВ, 15 кВ, 10 кВ-ын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын реле хамгаалалт, автоматикийн байгууламжийн хэвийн ажиллагааг хангах ажлыг зохион байгуулав. Мөн 110/35/10 кВ-ын “Тэлмэн” дэд станцын реле хамгаалалтыг иж бүрэн шинэчилж, 110 кВ-ын “Улиастайн” дэд станцад нэмэлтээр шугамын хамгаалалт хийж, 35/10 кВ-ын “Түдэвтэй” дэд станцын гаргалгааны хамгаалалт угсарч ашиглалтад орууллаа. 

Хэнтий аймгийн Багануур-Цэнхэрмандалын 35 кВ-ын ЦДАШ, дэд станц ашиглалтад оров 

     Багануур-Цэнхэрмандалын 35 кВ-ын ЦДАШ, дэд станцын шинэчлэлийн барилга угсралтын ажлыг 2016 оны есдүгээр сарын 10-ны өдөр Улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа. Цэнхэрмандал сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох ажлыг  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэв. 

 

 

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц баригдана 

     Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар төлөвлөн, санхүүжилтийн хаалтын гэрээнд 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурав.

     “Европын сэргээн босголт хөгжлийн банк”, Япон Улсын “Жайка” байгууллага, Монгол Улсын “Ньюком” ХХК, Япон Улсын “Эс Би Энержи” ХХК-ийн нийт 128.0 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар төслийг гүйцэтгэх юм.

“Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК, “Хөвсгөл эрчим хүч” ХХК-д 4+3 МВт нарны цахилгаан станц барихаар болов.

     Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Говь-Алтай аймагт 4 МВт, Хөвсгөл аймагт 3 МВт нарны цахилгаан станц барих төслийг УИХ-аар батлуулахад бэлэн болоод байна. Говь-Алтай аймагт 4 МВт-ын нарны станц баригдсанаар Тайширын усан цахилгаан станцтай зэрэгцээ ажиллаж, системийн чадлын дутагдлыг нөхөж, усан сангийн нөөцийг нэмэгдүүлэх, горим тохируулга хийхэд чухал ач холбогдолтой болох юм. 

Дархан-Уул аймгийн Хонгор суманд 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц баригдаж байна 

     “Солар Повер Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэж буй төслийн барилга угсралтын ажил 2016 оны долоодугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд одоогоор 65 хувьтай байна.

     Төслийн 289,667 м2 талбайд SHARP брэндийн 32,274 ширхэг нарны панель суурилуулах тулгуурын ажил хийгдсэн. Мөн SMA инвертер байрлуулах барилга баригдаж, нарны цахилгаан станцыг 110/10 кВ-ын дэд станцтай холбох 110 кВ-ын ЦДАШ барих болон дэд станцыг өргөтгөх ажлууд хийгджээ. Төслийг 2016 оны арванхоёдугаар сарын 25-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Моннаран 10 МВт нарны цахилгаан станц” ашиглалтад орно 

     Төслийн эхний ээлж буюу 2.3 МВт –ын нарны цахилгаан станц 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орох бол 7.7 МВт-ыг 2017 оны наймдугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

2.3 МВт-ын нарны цахилгаан станцын суурь тулгууруудыг бүрэн угсарсан ба нарны зайг суурилуулах ажил хийгдэж байгаа юм. Төслийн ТЭЗҮ судалгааг “Эвридэй ферм” ХХК хийжээ.

Аймгийн төвүүдэд барих дулааны станц, шугам сүлжээний төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэнэ. 

     “МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т аймгийн төвүүд болон томоохон хот суурин газарт дулааны станц, шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Уг зорилтын хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв, Сүхбаатар аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээг барихаар төлөвлөсөн юм.Төслийг өмнө нь хэрэгжиж байсан БНСУ-ын зээлийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо.

     Төсөл хэрэгжсэнээр 60.000 өрх айл дулаанд холбогдож, цаашид шинээр төвлөрсөн дулаан хангамжтай байранд амьдрах оршин суугчид нэмэгдэх таатай боломж бүрдэнэ.

Эрчим хүчний үйлдвэр компаниудын хэмнэлтийн горим, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна. 

    2016 оны эхний наймансарын байдлаар Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хэрэглэгч, харилцагчдаас 37.9 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Энэ нь оны эхнээс 17.1 тэрбум төгрөгөөр буюу 31.1 хувиар, бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх өглөг 29.2 тэрбум төгрөг болж, оны эхнээс 25.2 тэрбум төгрөгөөр буюу 46.3 хувиар тус тус буурсан. Харин станцуудын нүүрсний уурхайнуудад төлөх өр төлбөр 9.5 тэрбум төгрөг болж, оны эхнээс 3.6 тэрбум төгрөгөөр буюу 27.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

     ОХУ-аас импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний хэмжээ 2016 оны төлөвлөсөн хэмжээнээс 44.0 сая кВт.ц-аар буурч, 12 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна.

     2016 оны эхний есөн сарын байдлаар Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал төлөвлөгөөтэй харьцуулахад  0.84 нэгжээр буурч, 13.26% болсон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин