• Эхлэл
  • ”Чингис хаан” нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

”Чингис хаан” нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

2016/10/29

“Чингис хаан” нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг тавьсан байжээ гэсэн мэдээлэл шуугиан дэгдээсэн. Үнэхээр ч аравдугаар сарын 28-ны баасан гаригт “Чингис хаан” нисэх онгоцны буудлын үйлчилгээний танхимаас иргэдийг гаргаж, харуул хамгаалалт тавин шалгалт хийсэн болохоор иргэдийн дунд ийм мэдээлэл тархсан аж. Ингээд Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргасан албан мэдээллийг хүргэж байна.

Энэхүү мэдээлэлд: 

-“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн талбайд эзэнгүй тээш илэрсний дагуу холбогдох шалгалтыг явуулж, эзэн холбогдогчийг тогтоон нисэх буудлын ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16.20 цагт тус нисэх буудлын Аюулгүй байдлын газар нийтийн эзэмшлийн талбайд эзэнгүй тээш байгааг илрүүлж, зохих журмын дагуу хамгаалалтад авч, тодорхой байдлаар шалгаж үзэхэд аюултай байж болзошгүй сэжиг илэрсэн. Аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгалт хийсний дүнд эзэнгүй тээш аюулгүй болохыг тогтоолоо. Мөн тээшний эзэн холбогдогчийг илрүүлж, газар дээр нь ирүүлэн тээшийг таниулж, тус иргэнийх мөн болохыг нь тогтоолоо. 
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд дуудлагын дагуу үйлчилгээ хийсэн кабелийн сувгийн ажилтан кабелийн суваг засварлах техник хэрэгслээ санаандгүй байдлаар орхиж явсан байсныг хууль хяналтын байгууллагууд үргэлжүүлэн шалгаж байна. 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдон Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэгүүд түр саатсан бөгөөд одоо тус нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна