Засгийн газрын 100 хоногт- Хууль зүй, дотоод хэргийн яам хийсэн ажлаа тайлагналаа. Ингээд хийж хэрэгжүүлсэн ажлаас танилцуулъя.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЦАГДААГИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЧИХЫГ ХОРИГЛОНО
Цагдаагийн эрх бүхий албан хаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэн дуудлагаар ирсэн тусгай зориулалтын чирэгч, ачигч автомашины техникийн ажилтан зөрчлийг заавал дүрс бичлэгийн хэрэгслээр авч, уг мэдээллийг цагдаагийн жижүүрт хүлээлгэн өгч байхаар боллоо. Үүний үр дүнд цагдаагийн албан хаагчийн шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг зөрчлийг таслан зогсоов.
ГУТЛЫН БОЛОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГУЙНЫ МӨРӨӨР ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ПРОГРАММ БҮТЭЭВ
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Гутлын мөр /SIS 1.0/ болон автомашины мөр 1.0 харьцуулалтын программуудыг зохион бүтээснээ шинжилгээнд нэвтрүүлэв. Ингэснээр гэмт хэргийн газраас илэрсэн гутлын мөр болон тээврийн хэрэгслийн мөрний хэвийг авч түргэн шуурхай боловсруулалт, хайлт хийж харьцуулах, цаг алдалгүй гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, эзэн холбогдогчийг нь шуурхай тогтоох нотлох боломж бүрдэж байна.
ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ИХ АЖЛЫН ЗӨВ ЭХЛЭЛ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хууль хэрэгждэг, хүн бүрт тэгш, шударга үйлчилдэг, итгэл хүлээсэн, хүний эрхийн мэдрэмжтэй, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх зарчмыг өнгөрсөн 100 хоногт баримталж ажиллалаа. Энэ бол эрх зүйт төрийг төлөвшүүлэх их ажлын зөв эхлэл билээ.
Сэтгэгдэл байхгүй байна