• Эхлэл
  • Үйлчлэгчээс бага цалинтай сэтгүүлч хийгээд эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Үйлчлэгчээс бага цалинтай сэтгүүлч хийгээд эрэн сурвалжлах сэтгүүл зүй

2016/11/11

Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр /2016.11.11/ Пума Империал зочид буудалд боллоо.  

“Эрэн сурвалжлах сорилт, боломж” сэдвээр анх удаа зохион байгуулж буй чуулганд сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд оролцож эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ашиг тус, гарч буй хүндрэл, арга зам, гарц гэх мэт нэлээд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулганыг нээж Хэвлэлийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхмандах “Хамгийн ардчилсан нийгэмд ч нүднээс далд зүйлс байдаг. Үүнийг нь олны анхааралд оруулж, хариуцлага тооцуулдгаараа эрэн сурвалжлах сэтгүүлзүй манаач, хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байна. Цахим орчин, даяаршлын ачаар сэтгүүлчид маш их мэдээллийг авах боломжтой болж, өнөөдөр дэлхий дээр эрэн сурвалжлах сэтгүүлзүйн алтан үе болж байна” гэв. 

Монгол HD телевизийн захирал Ж.Бат-Эрдэнэ “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг аль нэг редакц өмчилдөггүй. Өмчлөх боломжгүй, өмчиллөө гэхэд ирээдүй байхгүй учраас минийх биш биднийх гэсэн сэтгэхүйгээр хандах чухал. Нийтийн хамтын ажиллагаа юм байна. Захиалагч нь нийгэм” гэв.

Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд юу хэлэв?

MN25 телевизийн захирал А.Энхзул “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй Монголд хөгжиж байна. Гэхдээ миний харж байгаагаар улс төрийн зорилгоор илүү хөгжөөд байх шиг.

Өөрөөр хэлбэл нэг улстөрч юм уу, улс төрийн бүлэглэл хэн нэгнийг муухай харагдуулах, муулах, дарамтлах зарчмаар ч юмуу, эсхүл ямар нэг хөдөлгөөн, төрийн бус байгууллагын нэрийг барьж улстөр хийгээд үүнийгээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй гээд байгаа юм. Нэг нэгнийгээ намнах байдлаар.

Жишээлбэл, Мүүний асуудал байна. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй юу гэвэл тийм, МҮҮН гэж Монголчууд мэддэггүй байсан гэхдээ сүүлдээ энэ нь улс төрийн зорилготой болоод эхэлсэн. Нэг нэгнийгээ намнах зорилготой. Хэн нэгэн рүү чиглэсэн.

Үүнээс болж ард түмний эрэн сурвалжлах сэтгүүл зүйд итгэх итгэл буурсан. Ямар нэгэн асуудлыг гаргаж ирхээр хардлага төрдөг. Хэн нэгний явуулга, хэн хэнийг яах зорилгоор энэ үйлдлийг хийв гэж хардаг болсон. Ард түмэн хүлээж авахаа больсон.

Улстөрчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ашигласаар байгаад ард түмэн болон биднийг ийм байдалд хүргэж байна уу даа гэж харахаар байна” гэв.

Энэ мэтчилэн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж үүнээс гарах арга замыг ярилцлаа. Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын эздүүд сэтгүүлчдийн цалин мөнгөний асуудлыг хүртэл хөндөж ярьсан юм.

Gogo.mn сайтын захирал Г.Гантуяа “Сэтгүүл зүй өөрөө хүний нөөцийн асуудал орчихсон. Суурь шалтгаан нь сэтгүүлчид өнөөдөр үйлчлэгчээс бага цалинтай. Эхлээд сэтгүүлч өөрөө яаж хоосон хонохгүй байх вэ? гэж бодохгүйн төлөө орон сууцны зээлээ төлөх чадамжтай байх, хүүхэддээ өмсөх зүүх зүйлсийн авч өгөх мөнгөтэй байх хэрэгтэй.

Түүний дараа тэр хүн сурч боловсрох болно. Харин дараа нь ажилдаа цаг гаргаж төвлөрөх боломж бий болно. Тэгэхээр сэтгүүл зүйн салбар боломж нь байвал явах нь тодорхой. Гол нь манай салбар хүний нөөцийн хомсдолд орчихсон. Энэ нь ч бид тэдэнд амьдрах боломжийн цалинг өгч чадахгүй байгаа явдал юм. Ийм байхад яаж хөгжих вэ? яаж санаа зовохгүйгээр эрэн сурвалжлах руугаа явах вэ гэдэг асуудал байна” гэв.

Энэ мэтчилэн тулгамдаад буй асуудлыг ярилцлаа. Мөн цаашид авах арга хэмжээ нь маш олон зүйлээс хамааралтай гэдгийг ч дурьдсан юм. Үүнд, ажиллах хүчин, орлого, санхүүжилт гэх мэт олон асуудлууд аж. Юутай ч эхний удаад сэтгүүлч, судлаач, эзэд захирлууд ийн санал бодлоо солилцлоо. Хөндөх асуудал их байгаагийн хэрээр цаашид ч харилцан ярилцах, хийх хэлэлцүүлэх ажлууд үргэлжлэх буй за.

Ч.Гэрэлтуяа


Сэтгэгдэл байхгүй байна