• Эхлэл
  • Цасанд төөрсөн иргэдийг олжээ

Цасанд төөрсөн иргэдийг олжээ

2016/11/14

Өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний цас орж зам хаагаад байсан.

Цасан шуурганы улмаас төөрсөн иргэдийн тоо нэмэгдэж байлаа.

Харин азаар тэдгээр төөрсөн иргэд олдсон байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны гурван дуудлага ирсэн аж.

Тодруулбал, Багахангай дүүргийн нэгдүгээр хороо,  дүүргийн төвөөс таван км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй   малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:27 цагт  Алсын худаг газраас таван км зайтай БХД-ийн нэгдүгээр хороо, Өндөр толгой гэдэг газраас 500 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгчээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын дөрөвдүгээр баг,  Багахангай дүүргээс 10 км зайтай Үнэгтэй энгэр гэдэг газар иргэн 35 настай, эмэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 18:08 цагт өгснөөр мөн хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:00 цагт Үнэгтэй энгэр гэдэг  газраас 9 км зайтай тус аймгийн Баян сумын гуравдугаар баг, Хэхэрийн хоолой гэдэг газар 1000 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Төв аймгийн Баян сумын нэгдүгээр баг,  Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төврүү явж байсан гурван иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын гуравдугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын газар


Сэтгэгдэл байхгүй байна