Жил ирэх тусам Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж толгойтой болгон авто машинтай болж байн гэхчилэн ярих хөгшид цөөнгүй.
Ийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй энэ үед ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийдэг билээ.
Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачаалал байсаар байгаа.
Гэхдээ өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хөдөлгөөний ачаалал, жолоочийн соёл, зам камертай болох зэргээр хөгжил үргэлжилсээр байгааг мартаж болохгүй.
Тэгвэл жолооч нартай холбоотой нэгэн шинэ үйлчилгээ нэвтрээд байгааг танилцуулъя.
Энэ нь жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж өгөх үйлчилгээ юм. Тодруулбал,
ЦЕГ-ын Лицензийн төв, “Монгол шуудан” ХК-тай хамтран жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлжээ. Жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гармагц нь хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар энэ сарын 1-нээс эхлэн хүргэж эхэлжээ.
Иргэд жолооны үнэмлэхээ хаягаар хүргүүлэхийн тулд Лицензийн төвд үнэмлэх захиалах үедээ шуудангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөх ёстой гэнэ. Түүнчлэн энэ оны арванэгдүгээр сарын 1-нээс өмнө үнэмлэхээ авахаар Лицензийн төвд захиалга өгсөн иргэд ч энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой юм байна.
Харин шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй ч шуудангаар хүргүүлэх сонирхолтой иргэд болон орон нутгаас үнэмлэхний захиалга өгсөн иргэд “Монгол шуудан” ХК-ны аль ч салбараар дамжуулан захиалах боломжтой ажээ. Ингэхдээ 70078940 утсаар болон mongolpost.mn гэсэн сайтаар дамжуулан холбогдох боломжтой гэнэ.
Үүнээс гадна Лицензийн төвөөс олон улсын үнэмлэх хэвлэдэг болсонтой холбогдуулан гадны аль ч улс оронд хүргэж өгөх ажээ. Шуудангийн хүргэлт Улаанбаатар хот дотроо 24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүрэх бөгөөд нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэх аж.
Сэтгэгдэл байхгүй байна